Монгол, Түвд хоёр хувраг ном хаялцжээ. Түвд лам монгол ламаас хоосон чанар гэж юу вэ гэж асуужээ. Монгол лам нарны цацраг дээр хөөрөгтэй даалингаа тохож тогтоогоод хоосон гэдэг нь энэ гэж хариулжээ. Мөн лам бүдүүн гуалинг зайнаас гараараа хоёр гурав хөндлөн огтолтол тэр мод хөрөөдсөн юм шиг хуваагджээ. Чанар гэдэг нь энэ гэж хариулжээ. Нарны цацраг нь биет бус хоосон зүйл. Хөөрөгтэй даалин бол биет буюу бодит зүйл. Хоосонд бодитоор үйлчилснээр тохож тогтоолоо. Энд биет бодит зүйл болох хөөрөгтэй даалин нь биет бус хоосон нарны цацраг дээр тогтож байна. Үүгээр хоосон зүйл туйлын хоосон бусыг өөрөөр хэлбэл, хоосон чанар дангаар оршдоггүйг харуулж байна. Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд хоосон чанарын онолыг нарийн, гүн ухаарч эзэмшиж, түүний тухай өөр өөрсдийн сургаал номлолыг үлдээсэн байдаг боловч догшин ноён хутагт Д.Равжаа шиг утга гүн боловч ойлгоход нэн хялбараар өгүүлсэн нь ховор байдаг. Ийм учир энд ноён хутагт Д.Равжаагийн бүтээлээс иш аван зарим тайлбарыг хийлээ. Энэ нь хоосон чанарыг ойлгоход илүү дөхөм болох ач холбогдолтой. Ноён хутагт Д.Равжаа нь хоосон чанарын тухай “Элдэв зүйл үзэгдэл” шүлэгтээ Элдэв зүйл үзэгдэл энэ бүгд Үнэндээ тоосны төдий үгүй л Эрвэл илбэ мэт худалч нь Үнэнхүү амьтан нэгэн нь амраг л гэж өгүүлжээ. Мөн “Этгээд бүрийг заагч” шүлэгтээ Үрэл гэгч бөөрөнхий Үйл гэгч хэмжээгүй Үхэл гэгч магадгүй Үнэндээ хоосон чанар буй хэмээн орчлонгийн бодитой бүхэн хоосон болохыг өгүүлсэн байдаг. Гуалин мод биетэй буюу бодит зүйл. Гарын хөдөлгөөний хувьд гар хэдийгээр бодитой ч түүний гуалинд зайнаас үйлчилж буй хөдөлгөөн бол хоосон. Бодитой зүйлд хоосноор үйлчилснээр хувааж чадлаа. Үүгээр бодит зүйл туйлын бодит бус болохыг өөрөөр хэлбэл, бодит чанар дангаар оршдоггүйг харууллаа. Д.Равжаа “Ертөнц авгайн жам хэмээх оршив” бүтээлдээ Хоосон гэгч ертөнц Ертөнц ч хоосон гэж өгүүлснээрээ энэ ертөнц буюу бодит бүхэн хоосон, хоосон бүхэн бодит болохыг тов тодорхой хэлжээ.
Тэгэхээр бодит болон хоосон нь дан дангаар, тус тусдаа бие дааж оршдоггүй байна. Энэ нь бодит бодит гэхэд туйлын бодит байдаггүй, хоосон хоосон гэхэд туйлын хоосон байдаггүй гэсэн үг. Иймд энэ орчлон ертөнцийн бүх зүйл бодит ба хоосон гэсэн хосолмол үүсэл, бүтэцтэй болох нь харагдаж байна. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж нэрлэдэг. Энэ нь буддын гүн ухааны төв үзлийн агуулга болон физикийн шинжлэх ухаан дахь бөөмийн бүтцийн дуалист буюу хосолмол чанартай яв цав тохирч буй юм. Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах биет чанар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй биет бус – долгиолог чанар болж байна. Энэ нь хоосон чанарыг биет ба биет бусын, мөн үзэгдэх үл үзэгдэхийн, баригдах үл баригдах талаас нь тодорхойлж буй хэрэг юм. Аливаа бүхэн хоосон чанартай гэдгийн утга агуулга Буддын гүн ухаанд “Мөн чанар бол шүтэн барилдлага” гэж сургадаг. Өрнийн гүн ухааны сургаалаар эсрэг тэсрэг хоёрын нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанаар арга билгийн шүтэн барилдлагаар аливаа юмс үзэгдэл бүтдэг. Тэгвэл бодит ба хоосны шүтэн барилдлагаар орчлон ертөнц бүтнэ. Синергетикийн үүднээс тайлбарлавал бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет бус зүйлс нь энергийн нягтраагүй хэлбэр юм.
Тэгэхээр орчлонгийн юмс үзэгдэл нь энергийн нягтарсан, нягтраагүй хэлбэрийн хосолмол байдлаар оршдог байна. Тухайн нөхцөлд аль хэлбэр нь давамгайлсан байна түүгээр нь бид бодит, хоосон гэж нэрлэдэг байна. Ийнхүү энергийн нягтарсан ба нягтраагүй хэлбэрүүдийн шүтэн барилдлагыг мөн чанар гэдэг. Монголчууд аливаа зүйлийн гол утга учрыг “амин сүнс” гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш. Дүгнээд хэлбэл, орчлон бүхэлдээ энергиэс үүсэж, бүтэж байна. Бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хосолмол байдлаар оршдог байна. Гэхдээ зүгээр ч нэг хосолж орших бус энерги хадгалагдах хуулиар энергийн нягтарсан болон нягтраагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог байна. Үүнийг квант физикт тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг. Супер нэгдлийн онолыг геометр дүрсээр илэрхийлбэл цэг болохыг С.Эрдэнэ гуай тус онолыг нээсэн бүтээлдээ дурдсан буй. Цэг гэдэг бол байхгүй юм шиг мөртөө байж байгаа зүйлийг буюу хоосонг өөрөөр хэлбэл, энергийг илэрхийлнэ. Тэгвэл супер нэгдлийн онол нь угтаа орчлон ертөнц энергиэс үүсэж бүтдэгийг илэрхийлж буй юм.
Тэгэхээр эцсийн эцэст шинжлэх ухааны үүднээс хоосон чанар гэдгийг тайлбарлавал тэрээр энерги буюу энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт хувиралт болж байна. Энерги хадгалагдах болон хувирах хуулиар энерги хэзээ ч үүсэж бий болоогүй, бас устаж үгүй болохгүй, зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилждэг. Хэн хүний дунд сургуулийн физикийн хичээлээс мэдэх механик энергийн хувьд үйлчилдэг энэ хууль нь өргөн агуулгаараа хоосон чанарыг буюу ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж байна. Иймд хоосон чанарыг эзэмших гэдэг нь энерги буюу эрчим хүчийг эзэмших явдал юм. Иймд хоосон чанарыг ойлгож ухаарахад зөвхөн биет ба биет бусын хувьд бодит, хоосон гэж ялгах хангалтгүй байна. Хамгийн гол нь мөн чанар буюу шүтэн барилдлагаар үүсэх энергин чанарыг ойлгох нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгдлийн гадаад чанар нь бодит, хоосон буюу үзэгдэх, үзэгдэхгүйн асуудал байхад дотоод чанар нь энерги буюу эрчим хүч юм…
Categories
“Хоосон Чанар” гэж юу вэ? Монгол, Түвд хоёр хувраг ном хаялцжээ ГЭТЭЛ ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛ БОЛЖ
