Д.Чойжамц: Гахай жил баян тансаг, эд хөрөнгө хуримтлуулах, өнөр олон хүүхэдтэй болох бэлгэдэлтэй

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн өнгийн талаар мэдээлэл өгч, сүсэгтэн олонд хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Залуу насанд жил орох гарах, мэнгэ голлох зэрэгт заавал засал хийлгэх шаардлагагүй ”
Шороон гахай жилийн өнгө: Шим талаасаа буюу хүн талаасаа авч үзвэл гахай жил ахмадуудад нэлээн ээлтэй, залууст дунд хэмжээнд гэхдээ сайн тал руугаа, нялхаст тааруу байх төлөв гарсан байна. Нялхас гэдгийг би хоёр утгаар ойлгож байгаа. Эхний утга нь нялх балчир хүүхэд бол хоёр дахь утга нь юмыг өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайдаг, өөрийн бодлогогүй байдлыг нялхас гэж хэлдэг. Тийм учраас өөрийн бодолтой байж, буруу зөвийг тунгааж шийдвэр гаргавал муугүй болов уу.

Цаг агаарын хувьд ус хур элбэгтэй байх нь. Мөн мөндрөөс болгоомжлохыг зөвлөсөн байна.

Засаг төрийн хувьд дээгүүрээ хямралтай гэсэн байна лээ.

Урвуулагч хэмээх ёгт нэрийн тухайд бол бид хааш нь ч эргүүлж бодож болно. Жишээлбэл, Амьдралдаа байгаа муу муухай зүйлээ сайн сайханд урвуулж болно гэдэг санаа юм.

Бурхны шашинд үйлийн үр гэдэг зүйл яригддаг тэгэхээр зурхай яаж зурагдлаа ч гэсэн хүн урд он жилүүдэд хийсэн сайн сайхан, муу муухай зүйлийнхээ үрийг амсдаг. Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө итгэл аврал шүү” хэмээн айлдсан байдаг. Тэгэхээр бид сайн сайхан явах боломжтой.

Гахай жил баян тансаг, эд хөрөнгө хуримтлуулах, өнөр олон хүүхэдтэй болох бэлгэдэлтэй.

Зурхайн ухаан энэ жил ийм махбодид төрсөн хүнд иймэрхүү маягийн байдал үүсэж болзошгүй юм аа гэсэн магадлалыг гаргадаг. Тэгэхээр тухайн зүйл баталгаатай тохиолдоно гэсэн үг биш. Тухайн хүний бие эрүүл саруул, хийморь сүлдтэй байгаа тохиолдолд түрүүн дурдсан магадлалын нөлөөлөл маш бага байдаг гэж өвгөчүүд ярьдаг байсан. Багш маань хийморь сүлд сайтай байгаа болон залуу насанд жил орох гарах, мэнгэ голлох зэрэгт заавал засал хийлгэх шаардлагагүй байдаг. Нас дээр гарах болон хийморь сүлд доройтсон үед бол заслаа хийлгэх хэрэгтэй.

Заслыг заавал шинэ жилийн эхэнд хийлгэх албагүй. Хэзээ ч хийлгэж болно.

Манай ард түмэн их сэтгэлээрээ байдаг. Тиймээс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгээд, сэтгэл дотроо “Одоо ч би алзахгүй дээ” гэсэн бат итгэл бий болгодог.

“Тусгаар тогтносон, уламжлалт зан заншил, соёлтой Монгол Улсыг илтгэн харуулдаг баяр бол Цагаан сар”

Гэрэл зургийг mpa.mn
Цагаан сарын талаар: Азийн цээжин дээр тусгаар тогтносон, уламжлалт зан заншил, соёлтой Монгол хэмээх улс байдгийг илтгэн харуулдаг баяр маань болох гэж байна. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн. Тэр ч утгаараа уламжлалт сайхан зан заншил, түүхийг сануулдаг баяр. Наадам бол тусгаар тогтнолыг илэрхийлэх баяр. Энэ хоёр баяраар гадныхан монголчууд ямар түүх, соёлтой ард түмэн бэ гэдгийг хардаг болов уу.

Монголчууд жилийн сүүлийн өдөр буюу Битүүнийг сайхан тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнгөрч буй жилд бүтээсэн зүйл, амьдралдаа ахиц дэвшил гаргаснаа дурсан баярладаг. Хамгийн эрхэм сайхан үйл нь хэрүүл маргаанаа эцэслэн, шинэ онд өс хонзон маргаангүй байхаар цагааддаг уламжлал юм.

Ингээд шинэ жилийн эхний өдөр өглөө нар ургахаас өмнө босож, шинэ жилээ гэгээлэг сайхнаар угтан баярладаг.

Цагаан сараар өвгөд хөгшдөө хүндэтгэдэг гэдэг утгаараа гэр бүлийн баяр мэт боловч үеийн нөхөдтэйгөө эвлэлдэн найрамддаг гэдэг утгаараа эв нэгдлийн сайхан баяр юм.

Ирж буй Шороон гахай жилийн бэлгэдэл зурхай сайхан байна. Энэ жил Монголын ард түмэн бидний амьдралд хамгийн сайхан зүйл ирсэн жил болох болтугай. Та бүхэндээ урт нас, удаан жаргалтай, эд таваар элбэг, үр хүүхэд өнөртэй байхын ерөөлийг дэвшүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!