Аргал бол монголчуудын гал голомтыг бадрааж ирсэн түүхтэй түлш билээ. Аргалд монгол уламжлалт соёлын маш олон зан үйл ба соёлын элемент агуулагдаж байдаг. Энэ ч үүднээс шинжлэх ухааны судалгаагаар аргалын маш олон үйлдлийг илрүүлжээ. Хэдэн жилийн өмнө Японы нэг эрдэмтэн Монгол Улсад ирээд аргал авч явжээ. 4 жилийн дараа нөгөө эрдэмтэн дахин ирээд танил найздаа: – Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэсэн. Түүнээсээ олж өгөөч гэж гуйжээ. Найз нь их гайхсан ч түүний хүслийг биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад аргалын утаа агаар дахь 300 гаруй өвчний бактерийг устгадаг байна гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнээс хойш Японы сумогийн тамирчид талбайд гарахаас өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон гэх юм. Аргалын утаа дотоод гадаадын эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн байна. Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма хэмээгч хүн Монголоос аргал аваачаад уушгины тахалд нэрвэгдсэн өвчтөнг аргалын утаагаар утаад их амжилт гарч, аргалын утааны эдгэрүүлэх чадлыг ихэд гайхсан гэдэг. Аргал хийгээд монголчуудын гал голомт “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би … ” гэх шүлгийг бид их л уншдаг байлаа. Одоо ч гэсэн сонсохоор аргалын үнэр үнэртэх шиг болдог. Аргалын гал монголчуудын голомтыг бадрааж, энэхүү агуу их үндэстнийг хүн төрөлхтний түүхийн хуудсанд мөнхөлжээ. Аргалын гал бол малчдын манасан унтаршгүй мөнх гал. Өдөр өдөр гал манаж, цаг цаг цог дардаг заншилтай. Үүнээ малчид “Гал манаж, цог дарж амьдарна” гэж ярьдаг. Хөхөө өвлийн шөнө малчид галаа унтрахаас сэргийлэн, хөлдүү аргалаа тулганы үнсэн дотроо булаж тавиад маргааш өглөө нь тулганы амсраа нээхэд аргалын хөх гал нь бадарсан хэвээрээ байдаг. Үүнийгээ монголчууд “Галаа манах буюу голомтоо манах” гэж нэрлэдэг.Монголчууд аргалыг “Тэнгэрийн хүж”, “Газрын арц ”, “Лусын зандан”, “Галын бурхан”, “Галын сахиус”, “Галын эзэн” хэмээн эрхэмлэн дээдэлж, өдөр өдөр галдаа өргөл өргөж, цаг цаг мөргөл хийж, жил жил галдаа тахилга тавьдаг.- Аргалын гал бол айлын “Гал голомт” гэж ярьдаг. Эцэг эхийн “Гал голомт”-ыг үр хүүхэд нь залгамжилдаг учиртай. Үр хүүхэд нь айл болж, өрх татаж, үүд сөхөж, анхны галыг эцэг эхийн “Гал голомт”-оос гал авч, шинэ айл шинэ гэрийн галаа хөгжөөдөг. Үүнийг “Гал голомт залгана” гэдэг гэж зан үйл судлаач Оч багш ярьж байлаа.Аргал хийгээд монголчуудын үйлдвэрлэл амьдралМонголчууд үйлдвэрлэл амьдралдаа аргалаар түлш болгодог. Түлшээ хүртэл ямар үед юу түлнэ гэж нарийн ангилж төрөлжүүлэн ашигладаг нь хачирхалтай. Таван хошуу малынх нь баас хатвал түлшний хэрэгцээнд ордог. Түүнийг нь монголчууд аргал, хоргол, хомоол, хөрзөн гэх мэтчилэн нэршүүлсэн байдаг.
Categories
“АРГАЛЫН ГАЛ БОЛ АЙЛЫН ГАЛ ГОЛОМТ ЮМ”
