Categories
Чөлөөт

ХҮҮХДИЙН 100,000 УС,Цахилгаан, дулааны хөнгөлөлтийг 2023 он дуустал сунгахыг Та дэмжих үү??? Дэмжиж байвал зураг дээр дарж орон “ТИЙМ” гэж бичээд шэйрлээрэй!!!

ХҮҮХДИЙН 100,000 УС,Цахилгаан, дулааны хөнгөлөлтийг 2023 он дуустал сунгахыг Та дэмжих үү??? Дэмжиж байвал зураг дээр дарж орон “ТИЙМ” гэж бичээд шэйрлээрэй!!! Д.Бямбаа: Жагсагчид нэгдэж чадахгүй байна АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга асан, АН-ын ахмад гишүүн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Бямбаатай “нүүрсний хулгайн эсрэг” гэгдэх 17 хоног үргэлжлээд хүчээр тараагдсан жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар ярилцлаа. Та энэ удаагийн жагсаалыг нэг л танил технологиор явчихлаа гэж сошиал хуудсандаа бичжээ. Таныхаар ямар технологиор энэ жагсаал болов? 1990 оноос хойш маш олон жагсаал боллоо. Жагсаалууд эхэндээ иргэдийн бухимдал, нийгмийн асуудлаас үүсч болдог байлаа. Дараа нь цалин, тэтгэвэр нэмүүлэх гэж жагсдаг болсон. Үйлдвэрчний эвлэл, сөрөг хүчин зохион байгуулсан, манлайлсан жагсаалууд болдог болсон. Сүүлдээ захиалгатай жагсдаг болсон. Энэ жагсаалыг би ажигласны дүнд эхлээд Засгийн Газар 44 их наяд гэсэн их мөнгөн дүнгээр шүгэл үлээж, өдөөж өгсөн, гүйцэтгэх засаглалын дэмжлэгтэй жагсаал гэж харсан. Ялангуяа оюутнууд хавтгайрах үед бол их, дээд сургуулийн багш нар, цаанаа ректорууд энэ тэр нь зохион байгуулчихав уу даа гэж харсан. Сүүлдээ их мөнгөний хэрэгт орсон хүмүүс сөрөг юм хийж байгаа харагдлаа. Мөнгө тараасан гэж хардаж байна. Надад баримт байхгүй. Гэхдээ нилээн чинээлэгдүү үйлдлүүд гарлаа. Хүмүүсийн дулаалга, хувцас, хэрэглэл дээр бийлэгжүү загналаа. Жагсаалыг эхэлсэн залуус бусдыгаа үгүйсгэх маягтай байсан. Намын болон захиалгын хүмүүс орж ирж болохгүй гэдэг ч юмуу. Уг нь зөв. Гэхдээ манай засаг мөнгөжсөн байна. Ганц жагсаал гэлтгүй улс төрийн аливаа сөрөг тэмцэл, үйлдэл бүхэн дарагдаад дуусч байна шүү дээ. Уг нь сөрөг хүчин удирдсан жагсаал үнэ цэнэтэй болдог байсан бол өнөөдөр АН хэд хуваагдаад бараг байхгүйтэй адил болжээ. Хараад байхад тодорхой тооны хэдэн хүмүүс дээр гал авалцуулаад ар хударгаар нь өөрсдийн хүсэл зоригийг хангах гэсэн тэмцэл явчихав уу даа. Энэ жагсаалын дундуур Засгийн Газар хоёр зүйлийг шийдэх гэж оролдлоо. Нэгдүгээрт, Эрдэнэс Тавантолгойн IPO гаргаж гадныхнаас жоохон мөнгө цуглуулаад түүгээрээ эрх мэдлээ зузаатгах. Энэ засгийн хувьд нүүрсний хулгай бол нэг дэх биш арав дах асуудал. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. Т.Доржхандын санаачлагаас энэ санаа нь уншигдаад байгаа юм. Урдах 76-гаа яая гэж байж энэ луйварчдын тоог хоёр дахин нэмэх улс төрийн сонирхол давхар явлаа. Сүүлдээ энэ жагсаал учраа олохоо байсан. 17 хоног удирдлагагүй явсан. Бодит санал байхгүй. Эцэстээ УИХ тар гэдэг зүйл рүү нилээд улсуудын сэтгэл зүй явлаа. Үнэндээ өнөөдрийн УИХ тарах хэмжээний муу ажиллаж байгаа. Гагцхүү яаж тараах вэ гэдэг арга, механизм дээрээ улсууд нэгдэж чадахгүй байна. Миний харж байгаагаар ямар нэгэн үймээн самуунаар УИХ тарах асуудал бүтэхгүй ээ. Одоогийн төр, засаг дотоодын цэрэг, цагдаагаараа хүчтэй байгаа. Монгол бол энэ утгаараа тоталитар дэглэм рүү явж байна. Нөхцөл байдал 1990 он руугаа оччихлоо. Энэ жагсаалыг танил боллоо гэдэг санаа маань цаанаасаа захиалгатай, алсын зайн удирдлагатай байсанд л их эмзэглэлээ. Намынхаа тав, сөрөг хүчнээс хоёр УИХ-ын гишүүн, тэгээд Х.Баттулга гээд дайснаа урьдаас тодруулчихсан. Түүнийхээ зорилгод нийцүүлэх гэсэн ийм л сонин жагсаал болсон. Мэдээж олонхи дотор ард түмний төлөөлөл байсан л даа. Учир нь өнөөдөр Монголд нэг талд хэсэг бүлэг хүмүүс мөнгөний үнэ цэнийг унатал тансаглаж байна. Нөгөө талд ядуурал туйлын хүнд байдалд очсон байна. Би “Цалин, тэтгэвэр хүрэхгүй байна” гэсэн олон тэмцэлд орж байсан. Тэр үетэй харьцуулашгүйгээр худалдан авах чадвар уначихлаа. Дийлэнхи иргэд одоо цалингаараа хувцсаа солих тухай бодох ч аргагүй болсон. МАН-д бүртгэлтэй ч юмуу эсвэл дэлгүүр хоршоотой хүмүүс өнөөдөр хоёр аяга хоол идэж байх шиг байна. Түүнээс багш, эмч, ажилчин анги өнөөдөр бүсээ чангалаад, чангалаад дийлэхээ байлаа. Үйлдвэрчний эвлэл жагсаалын сүүлийн өдөр гарч ирсэн. Үүнийг би талархаж хүлээж авсан. Аль ч улсын жагсаал, цуглаанд үйлдвэрчний эвлэл чухал байр суурьтай ордог. Нийгмийн асуудал, зовлонг хөдөлмөрчин хүн яг арьс, махаараа мэдэрч байдаг. Ямар нийгэмд, ямар цалин аваад, яаж зовж амьдарч байгаагаа сайн мэдэж буй хүмүүс чинь яг зорилготой жагсдаг юм. Цаашдаа жагсаал дээр бүгд нэгдэх ёстой. Нам, хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэл, шударга иргэд нэгдэж байж өргөн, утга учиртай жагсаал болно. Тэгээд ер нь бол Үндсэн хуулийн аргаар л өөрчлөлт ирнэ гэж харж байна. Үндсэн хуульд хоёр гаргалгаа байна. Нэгд, бүх ард түмний санал асуулга явуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөх үү, УИХ-аа тарааж, 1990 оных шиг Ардын их хурал байгуулж, онцгой, тусгай түр үйлчлэх бүтцээр Үндсэн хуулийн гол, гол амин сүнс заалтуудыг өөрчлүүлээд тэгээд сонгууль явуулж цэвэрших үү? Үүнтэй холбогдуулж намууд шууд тарж, бүгд нэг гараанаас эхлэх ёстой. 1990 онд МАХН-ыг үлдээсэн нь алдаа болсон. Э.Бат-Үүлийн хийсэн ажил л даа. Тэгэхээр хуучин намын тогтолцооны инерц одоо хүртэл хадгалагдаад байна. Үүнийг зоригтой хийх хэрэгтэй. Намууд хуучин нэрээ ашиглахгүй байх ёстой. Гишүүд хурууны хээгээрээ намын бүртгэлээ хийлгэнэ. Намын босгыг өндөр болгоно. Үндэсний хэмжээнд 10 орчим нам л бүртгэнэ гэж хуульчлах хэрэгтэй. 30, 40 нам байна гэдэг чинь алиа зүйл шүү дээ. Сүүлдээ намын тамгатай шантаажчингуудтай болчихсон. Ер нь аливаа нэг тамга халааслаад авахаараа хүний зан ааш эвдэрдэг. Өөрийнхөө бодит боломжийг үнэлэх чадваргүй болтлоо самуурдаг юм байна. Төр самуурсан нэг шалтгаан энэ 30 гаран нам. Өнөөдөр эн тэнцвэргүй МАН, АН гэсэн хоёр нам хамгийн их хараалгаж байна. АН-ын хуваагдлын цаана дүрмийн хямрал байна. Тэгээд УИХ-д эрдэм, мэдлэгтэй гэхээс илүү мөнгөтэй хүмүүс их орж ирж байна. Тэд мөнгөө өсгөх гээд улайрчихдаг. Тэрэн дээрээ хань, хамсаатан татаад бүлэг болоод явчихдаг. Таван толгойн нүүрсний хулгай чинь энэ шүү дээ. Бие биенээ барьцаалсан. Төрийн гурван өндөрлөг холбогдсон ч юм шиг яригдаад байна. Хардах эрхийн дагуу хэнийг ч хардаж болохоор байна. Ер нь бүх ард түмнээс санал асуулга явуулчих юм бол энэ тогтолцоог өөрчилж болно. Тэгэхээр энэ жагсаалын ард эхлээд Засгийн Газар байсан гэж та харж байна уу? Тийм ээ. Залуусын нэг шаардлага нь засгаар оролдохгүй шүү гэж байсан. Засгийг хамгаалья. УИХ-ыг тарааж болохгүй. Эд нараар ажил хийлгэе. Ажлаа хий, ажлаа хий гэж байгаа байхгүй юу. Энэ уриа лоозонг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Хавар бас ингээд л байсан. Дээрээс нь ордон луу дайрсан өдөр хичнээн мянган оюутнууд гарч ирэв. Тэгээд тэр оюутнууд гарч ирсэн шигээ нүүдлийн царцаа шиг алга болчихсон шүү дээ. Тэгэхээр оюутнуудад оюун санааны тэмцэх чадвар суугаагүй байна. Зөвхөн командаар хөдөлж байна. Хэн хөдөлгөх юм. Их сургуулийнх нь ректор, захирлууд л байгаа шүү дээ. Засгийн Газрын жагсаал зохион байгуулсан шалтгааныг та юу гэж харж байна вэ? Энэ их том мөнгөн дүнтэй хулгайг зарласны дараа иргэд үүний ард том, том улстөрчдийн нэрс ил гарна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл тэгээгүй. Дандаа гүйцэтгэх ажлын шахуу хүмүүсийн нэрсийг зарлаад явлаа. Харуулах гээд байгаа хоёр зүйл дээр нь би их харамсаж байгаа. Тэр төмөр замын нээлт болоод тууз хайчлаа биз дээ. Гэтэл одоо болохоо байлаа гэсэн. Хоёрдугаарт, нүүрсний асуудал гээд Өмнөговийн иргэд 51 хувийг эзэмшдэг, хувийн хэвшил 41 хувийг эзэмшдэг орон нутгийн өмчтэй Таван толгой дээр хамаг цохилтыг өгч байна. Гэтэл цаана нь зэс, төмөр гээд асар том, том хулгайнууд байна шүү дээ. Бизнесийн бүлэглэлүүд бие, биенээ намнаж байна. Намнахдаа давхар сум тавьж байна. Х.Баттулга АН-ын дарга луу зүтгээд байгаа учраас С.Баярцогтыг намын дарга болгох гэсэн тоглолтонд нь хамрагдаж байна. Энэ сонирхол дээр нь Ц.Оюунгэрэл, Ц.Элбэгдорж, Б.Хурц гэсэн нэг багийнх нь улсууд цухалзаад л гарч ирлээ л дээ. Тэднийг энэ бүхний цаана байгаа гэж ярьж байна. Хоосон биш байх. Х.Баттулгыг АН-ын масс нь илт дэмжээд ирэхлээр түүнийг дайсан болгож нөгөө талыг нь Засгийн Газраас дэмнэж өгсөн гэсэн үг. Энэ жагсаалд маш олон ашиг сонирхол ажиглагдаж байсан. Зарим хүмүүсийн ярьж буйгаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зодоон ч гэж байна. Та бол Ц.Элбэгдорж, “Голомт”-ын Д.Баясгалан нар энэ жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж бичсэн байсан. Яагаад? Би Д.Баясгалангийн яриаг зөндөө сонссон. Ер нь тэр оффтэйк гэрээний задаргааг харахаар зөндөө л юм байна. Эдийн засагчид, хуульчид ухаад бүр их юм гаргаж ирэх байх. Үүний цаана жагсагчдыг ашиглах гэсэн, жоохон бийлэгжүү үйлдлүүд харагдлаа. Хувцас хунар, хоол унднаас авхуулаад. Тэгээд далд юу ч явсан юм. Хэлж мэдэхгүй. Эхлээд Засгийн Газар өөрийнхөө амьдрах хугацааг сунгахын тулд өөрсдийнхөө эсрэг, шударга дуугараад байгаа улсуудыг дарж авах сонирхол цухалзаад авсан. Том зургаараа бол иргэд бэлэн биш байх үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийнхээ тоог нэмээд ирэх оны дундуур сонгууль явуулж ахин үнэмлэхүй 4 жилээр амьдрах хугацаагаа сунгах гэсэн арга. МАН жаргалдаа хэтэрхий их ташуурчихлаа л даа. Сөрөг хүчингүй 20 гаран жил төр барилаа шүү дээ. Үүнд хэтэрхий дассан хүмүүс чинь хорыг дээд зэргээр найруулаад сурчихлаа. 44 их наядын шүглийн зорилго тэр л байсан. Цаад зорилго нь ялалтаа улам баталгаажуулах. Намдаа жийгдсэн голдуу хэдэн хүний нэр зарлана лээ. Эрүүгийн хууль чангалсан гэдэг нь шал худлаа. Өнөөдөр хавтаст хэргийг нь нээчихсэн хэрэг шүүх дээр очихоор өмнөх хуулийн орчинд болсон хэрэг ялын бодлого нь хүндээ ашиггүй тусах юм бол ашигтайгаар нь хуучин хуулиа хэрэглээд л явна. Тэгэхээр эрх зүйн хувьд ч хуяглаад, эдийн засгийн хувьд ч хуяглаад дахиад л амьдрах гэсэн башир арга Засгийн Газраас эхэлсэн юм. Дунд нь харин эд нар хяналтаа алдах шахлаа. Хяналтаа алдах шахсан үед нь иргэний хөдөлгөөний улсууд ч орж ирлээ, дуугүй байсан сөрөг хүчин ч далдаар, нүүрсний бизнесийнхэн орж ирэх шиг боллоо. Тэгээд хяналтаа алдах болоод ирэхээр жагсаалыг хүч хэрэглэж тараалаа л даа. Гэхдээ жагсаал зогссон гэж итгэх хэрэггүй. Тэртээ тэргүй Монголчууд сэрсэн. Миний сүүлийн 30 жил тэмцэл дунд явсан учраас Монголчууд иймхэн юманд хууртаад зогсох улсууд биш гэдгийг гадарлана. Ирэх он илүү тэмцлийн жил болох байх. Мөн жагсаал руу гаднаас их технологи орж ирж байна. Ц.Элбэгдоржийн багийн улсууд гэж хэлье. Тодорхой хэмжээнд цухалзаад, алсаас удирдаад эхэлж байгаа нь Америк маягийн барууны чиглүүлэх юм орж ирээд байна лээ… Энэ жагсаалд гадны эрх ашиг бас орж ирсэн гэсэн үг үү? Орж ирэлгүй яахав. Уул уурхайгаар дамжуулж маш их хүчтэй гадаадын эрх ашиг манайд хутгалдаад ороод ирлээ. Хамгийн гол нь IPO гаргана гэдгийг хүчтэй тавиад, нийгэм тэр гадаад үгийг ойлгохгүй байгаа шүү дээ. Нэг л сайхан хүмүүс мөнгөө өгөх юм шиг. Үгүй шүү дээ. Манай аль нэг уурхайг үнэлээд түүнийх нь үнэт цаас гадагшаа гарах л үйл явц. Олон улсын бирж дээр энэ газрыг зарах л юм. Үүнтэй уялдуулж Газрын хуулийг өөрчлөх гэж байна. Ашигт малтмалын хуулийг ярьж байна. Тэгээд хамгийн гол нь Үндсэн хуулийн 6.2 дээр нийтийн гэж үг оруулж ирсэн. Энэ бол жинхэнээсээ алуур заалт. Тэгэхээр Үндсэн хуулийн зарим заалтаар бид эх орноо зарах тал руу л явж байна. Тэгээд энэ их өрийн сүлжээнд байгаа үед IPO гаргавал Монголын ирээдүй бүүдийнэ дээ. Бидэн шиг ахмад хүмүүс үглэсээр байгаад дуусах байх. Залуучууд ухаарч чадахгүй байж байтал эх орноо тавиад туучих гээд л байх шиг байна. Энэ олон хулгай нүүрлэсэн төрийн өмчит компаниудыг IPO гаргахгүйгээр өөр яаж илбэн тохинуулах вэ? Мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй би өнөөдөр Монголд төрснөөрөө энэ байгалийн баялгаас хувь хүртдэг эзэн нь байх ёстой. Энэ баялгийн дийлэнх хувийг дөнгөж төрсөн хүүхдээс авхуулаад иргэддээ эрх тэгш тарааж, өмчлүүлэх ёстой. Үлдсэн хэсэгт дотоодын хөрөнгө оруулагчдыг оруул. Манайхан нэг үеэ бодвол мөнгөтэй болсон. Түүнээс бус эрхийн бичиг энэ тэр гаргаад түүнийг нь худалдаж авдаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. IPO гаргавал хэдэн олигархи, гадаадынхан л авна. Монголчуудад наалдахгүй. Энэ жагсаалын алдаа, оноо нь юу байв? Зохион байгуулалт байгаагүй. Урдаа тавиад зүтгүүлэх уриа лоозон гэхээс илүү зорилгоо тодорхойлж чадаагүй. Яг ийм юманд хүрнэ гэсэн тэр цэг нь маш олон салаа байлаа. Нэгдэж чадахгүй байна. Ардчилсан холбоо гээд гарч ирсэн улсууд зарим нэг нь талбай дээр үзэгдэж л байгаа юм л даа. Хүмүүст санаа оноогоо хэлээд явж байхад нь нөгөө талд өө мөнгөөр нөгөө хэдэн өвгөчүүл чинь гараад ирж, мөнгө тараачихаж гэж байна. Ямар новшийнх нь мөнгө байдаг юм. Сөрөг хүчнээ намнаж байгаа маягтай сонин зохион байгуулалттай жагсаал хийчихлээ. Магадгүй бизнесийн орчноос нь энэ улс төрийг салгах хэрэгтэй. Жирийн хүмүүс л жирийн юм хийдэг. Монгол улсыг машин гэвэл мотор нь цохиод гацчихлаа шүү дээ. Энэ жагсаал хэр үр дүнд хүрсэн гэж та харж байна? Огт үр дүнгүй жагсаал биш ээ. Хүмүүсийн сэтгэл зүйд маш их цочроо өглөө. Маш их хэмжээний мэдээлэл гарлаа. Хэсэгчилсэн байдлаар ч гэсэн нүүрсний булхайн талаар ярилаа. Өшөө цаашаа дахиад явах хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй гэдгийг өөрсдөө ухаарлаа. Хүчирхийллээр жагсаалыг тарааж байгаа нь хүмүүст улам өдөөлт өглөө. Баярлаад гэртээ суух хүмүүс байхгүй дээ. Монгол орон даяараа л тэмцэх хэрэгтэй болсон байна. Яавал жагсаал амжилттай болох вэ? Ажил хаялт хийх хэрэгтэй. Жагсаал, ажил хаялт хоёр хосолж байж амжилтанд хүрдэг. Хэвлэл мэдээллийнхэн сэрэх хэрэгтэй. Яахав лайв гэх мэт хэлбэрээр оролцлоо. Үгүйсгээд яахав. Гэхдээ хаалтын гэрээ энэ тэр бол үнэхээр нийгмийг бузарласан, хүлсэн, багласан байна. Мэдээлэл сайн түгэхгүй байна. Нэгүүн.мн, зариг.мн, цахиур.мн, танайх гээд мэдээллийг сайн цацаж байна. Энэ чинь бид нарт оруулж байгаа том хөрөнгө оруулалт байхгүй юу. Оюун санааны болоод итгэл үнэмшлийн хөрөнгө оруулалт. Ард түмний итгэл үнэмшил 2008 оны 7 сарын 1-нд таван сайхан хөвгүүнээ буудуулж алуулаад унтарчихсан юмаа. Монголчууд чинь айхаа ирэхээр айдаг л ард түмэн. Тэгээд хэтэрхий удаан айж, бэргэж суусаар байгаад энэ засаглалыг алдчихлаа. Гэхдээ тэр их цэрэг, цагдаатай нүцгэлээд тэмцэж байгаа хүмүүсийг би хүндэтгэж байна. Ард түмнийг цочоосон. Хөдөлгөөнд оруулсан. Энэ бол гол үр дүн. Ярилцсан Ч.Явуухүү

Leave a Reply

Your email address will not be published.