Categories
Чөлөөт

85 настай тахилч Б.Самбуу: Бусад маань 90 хүрээд ядрах болж, арай залуугаараа би л ирж байна

Цагаан будаа дүүргэсэн тоймгүй олон аяга тус бүрт цэцэг, хүж, зул, амттанг тэргүүтэнг хийн өржээ. Хажуугаар нь маш олон аягатай усыг хувинд юүлж аягаа арчиж, ариутган дахин усаар нямбайлан дүүргэж өрсөөр. Бурхан шүтээний эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж, тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрж, барцад арилдаг гэдэг. Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж ирсэн үйл юм. Их хөлгөний уламжлалыг хадгалах тус төвд 1500 тахилыг өдөр бүр өргөдөг бөгөөд үүний 40 хувь нь цэцэг, хүж, зул, балин, 60 хувь нь усан тахил байна. Энд арваад сүсэгтэн 2000 тахилыг хориод жил өрсөн бөгөөд цаг хугацааны явцад байшингийн зохион байгуулалтад өөрчлөлт орж цөөрчээ. Мөн сайн дураараа тахил өргөдөг гурван ч настан 90 хүрч, өдөр бүр ирж дийлэхээ байжээ. Харин 84 настай Б.Самбуу гуай “Гурав маань 90 нас хүрээд ядраад ирж чадахгүй болсон. Би арай залуугаараа ирж л байна. Өглөө зургаан цагт босч, 7 гээд гэрээсээ гардаг. Хорооллоос автобусанд сууж, Чингэлтэй дүүрэг дээр буугаад алхчихна. 11 цагт дуусаад харина. 70 настайгаасаа буян болно гэж санаад тахил тавьж эхэлсэн. Ерэн нас хүртлээ тахилаа өргөнө гэж боддог доо” гэсээр яриагаа эхэллээ. -Та өөрийгөө танилцуулаач. Аль нутгийн хүн бэ? -Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн Бүдваагийн Самбуу гэдэг хүн байна. 1959 онд нэгдэл байгуулагдсан цагаас хүний эмч, бригадын даргын ажлыг сумандаа 24 жил хийсэн. 1982 онд хотод шилжин ирж, Хилийн цэргийн удирдах газрын туслах аж ахуй хариуцаж бас 24 жил ажилласан. Ингээд улсад 48 ажиллаад тэтгэвэртээ гарсан. 2009 онд Их хөлгөн гэж тахил тавьж буяны ажил хийдэг газар байна гэж сонсоод ирсэн. Манайх шиг ийм олон тахилыг өдөр бүр тавьдаг газар манай гандангууд дотор байхгүй гэж бодож байна. Буян болно гэж санаад тахилаа тавьж л байна даа. -2009 оноос хойш та уйгагүй өдөр бүрийг та наашаа зорьжээ. Таны энэ үйлдлийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ? -Өвөө нь гэртээ хөгшинтэйгээ, бас охин, зээтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Гэр бүлийн хүнийг маань Өлзийбаярын Цэнд-Аюуш гэдэг. 85 настай хүн байгаа. Манай гэрийнхэн намайг дэмжилгүй яахав. Одоо бүр сурчихсан. Өглөө тахилаа тавих гээд явжээ л гэж бодно, хэн нь ч байсан. Би хөгшнөө өглөө унтаж байхад нь босоод наашаа явдаг. -Та хэдэн хүүхэдтэй вэ? -Зургаан хүүхэдтэй. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй. Зургуулаа айл орон болж, цөмөөрөө энх тунх сайхан амьдарч байгаа. -Бурхан номын үйлд хэдийнээс шамдаж эхлэв. Таны залууд бурхан шашин шүтэх хүртэл хориотой байлаа шүү дээ? -Тийм үе байсаан, байсан. Би арваад настайгаасаа аавынхаа ээж, авга лам ах хоёроосоо мэгзэм, тарни сурч, насааараа тэрийгээ уншиж сүжиглэсэн хүн дээ. -Харин тахилын тухайд…? -Энэ төвийг үүсгэн байгуулагч Зопа Ринбүчи багш тахил өргөх нь хэмжээлшгүй их буянтай, эрдэм номтой багш дээдэс, ангаж цангасан амьтан бүхэнд ерөөлтэй үйл гэж анх эхлүүлсэн гэдэг. Усан тахил бүх амьтныг ундаалдаг, сэрүүцүүлдэг шидтэй. Тахил тавьж буй хүн байнга тарни мааниа шивнэж, бясалгаж бас байнга хөдөлж байгаа нь биеийн тамир болно. Их буянтай сайхан үйл дээ. Би өдий зэрэгтэй, үр хүүхэдтэйгээ сайн сайхан амьдарч яваагаа энэ бүхний ач тус гэж санаж, залбирдаг даа. -Хүмүүс ховордсон гэлээ. Уг олуулаа тахил тавьдаг байв уу? -Коронагаас болоод ноднингоос хойш долоо хоногт 2-3 удаа тавьдаг болсон. Урьд нь өдөр бүр ирж, доод давхрын том зааланд дүүрэн тахил тавьдаг байсан. Дараа нь хоёр давхарт гаргаж цөөлсөн. Зопа Ринбүчи багшийн гурван давхарт тавьдаг байсныг болиулсан. Энэ номын сан байгаа хэсэгт бас би тахил тавьдаг байлаа. Дээхэндээ би бараг арвуулаа байдаг байсан. Сүүлдээ хүн ч цөөрсөн. Гурван хүн маань 90 нас хүрээд ядраад ирж чадахаа байлаа. Тэд нараасаа арай дүүгээрээ би ирж л байна даа. Одоо би хоёр тавцан хариуцаж, 400 тахил тавьдаг. Энэ улсууд нэг нэг тавцантай. Намайг Самбуу ах эрэгтэй хүн байж ямар түргэн хөдөлгөөнтэй юм гэцгээдэг. -Бие тэнхээ тань дажгүй юу? -Бие гайгүй ээ. Хөл нэлээд муу таяганд орсон байсан. Одоо зүгээр болсон. Өөр өвдөөд байх юм байхгүй. -Хариад юу хийх вэ? -Бясалгал ном, тарниа уншина. Бурхандаа мөргөнө, биеийн тамираа хийнэ. Орой болохоор хурайлга хийж, зул хүжээ өргөөд амардаг даа. -Танай хүн бас их сүсэг бишрэлтэй юу? -Тэр сүжиг нь жаахан тааруухан хүн юм аа. /инээв/ -Хүүхдүүд тань зэмлэх үү, ядарлаа, даарлаа гэдэг ч юуу? -Хүүхдүүд дэмжнээ, дэмжинэ. Манай нэг хүүхэд бол гандан номд их сүсэгтэй хүү бий. Сар бүрийн шинийн найманд бүх Ногоон дарь эхийг үүр цайтал уншдаг. Манай тэр хүүхэд байнга сууна. Би одоо нүдний хараа ч хүрэхгүй юм, нэг шөнийн нойр ч даахаа больжээ. Сүүлийн үед Ногоон дарь эхийн уншлагад сууж чадахгүй байна. Миний хэдэн хүүхэд их сайхан хүмүүжилтэй, хаанаас аавыгаа зэмлэх вэ. -Хүүхдүүдээ та хэрхэн хүмүүжүүлсэн бэ? -Гайгүй хүмүүжүүлсэн гэж боддог шүү. Дөрвөн хүү Хилийн цэргийн болон Цагдаагийн дээд сургууль төгссөн. Хоёр эмэгтэй нь эдийн засгийн сургууль төгссөн. Хүүхдүүд цөмөөрөө сайхан байр сууцанд, бид хоёрт туслана уу гэхээс авах юм алга, сэтгэл санаа зовоох юм алга. Би насаараа архи тамхи хэрэглээгүй учраас миний дөрвөн хүү аавыгаа дуурайсан. Манай нэг дүү тамхи татдаг юм. Цагаан сараар манайд тамхиа орхиод явсан. Хойтон жилийн цагаан сараар нөгөөхийг нь хадгалж байгаад өгч байгаа юм. Архи тамхи хэрэглэдэг хүн манайд нэг ч байхгүй. -Хүүхдүүддээ та юу гэж захидаг вэ? -Хүнтэй эвтэй, найртай, архи тамхинаас хол, хүний сайн сайхны төлөө бурхан номондоо залбирч байгаарай. Аавынхаа туулсан ажил амьдралыг замыг дуурайж яваасай гэж хэлж, залбирдаг даа. -Та цалин мөнгө авдаггүй гэсэн. Буян санаж л арваад жил уйгагүй явж дээ? -Тэгэлгүй яахав. Хөгшин бид хоёр хэдэн хүүхэдтэйгээ сайхан л амьдарч байна. Хилийн цэргээс надад байр өгсөн. Буян номд сүслэж залбирч явдгийн ач шүү дээ. “Хоёр маргаз уул” гээд манай нутгийн сайхан дуу бий. Сант, Маргаз гээд хоёр сайхан уул бий. Тэр сайхан нутагтаа үр хүүхэдтэйгээ очих чинь дээдийн жаргал шүү дээ. 2024 онд манай сумын 100 жилийн ой болно. Тэгэхээр нутаг руугаа явна. 90 жилдээ бас явсан. Ойн номонд миний тухай бичсэн байна лээ. -Та хүний эмч хийж байсан гэлээ. Ямар сургууль төгссөн бэ? -Завхан аймагт Эрүүл мэндийн газар сувилагчийн курсыг төгсөөд тэгээд ажилласаар байгаад бага эмч болсон доо. Бригадынхаа эмч хийж байтал мэргэжлийн бригадын дарга болгоно гээд Улаанбаатар хотод ХАА-н дээд сургууль дээр сумаасаа ирж бригадын даргын мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Дунд нь 1972 онд улсын тэргүүний ухуулагч суртал нэвтрүүлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөнд ирж саарал ордондоо арваад хоног хичээлд сууж, Ж.Самбуу даргаас төв хорооны баярын бичиг авч, улсын тэргүүний ухуулагч болсон түүхтэй. Эмчээр нэлээд удаан ажилласан даа. Хэдэн эмээ ганзагалаад, чагнуураар чагнаад болохгүйг нь сум, аймгийн эмнэлэг рүү явуулаад. Эх барьж авсан хэдэн хүүхэд бий. Сумын эмнэлэг очихын зуургүй л төрчихнө. Сурсан юм насан туршид л ач тустай. Ядахдаа л одоо би тариа хийсэн ч гуйхгүй, гэрийнхнээ ч тарьчихна. Эмнүүдээ мэднэ. -Та бусад хүмүүст хандаад юуг хэлмээр байна? -Ном тарниа сайн уншиж байгаарай. Эрүүл мэндээ сайн бодоорой. Архи, тамхи битгий хэрэглээрэй. Тахил, буянаа сайн хийж байгаарай. Маанийн бүтээлд сүжигтэй байгаарай. Маань мэгзэм тарниа уншаад сүжигтэй л байвал хүн эрүүл саруул, аз жаргалтай, сайн сайхан явдаг юм шүү. Өргөөн дэх тахилч эмэгтэй энэ үед “Би тахил өргөөд 20 гаруй жил, үүнээс 15 жилийг нь Самбуу гуайтай хамт ажиллаж байна. Тахил олон талын ач холбогдолтой. Буян болно, зам мөр, үйлс заяаг тэгшилнэ. Тахил өргөж буй хүн Санжидмолом гэж тарнийг байнга уншиж, ариусгадаг. Мөн тахил руугаа амьсгалаа оруулах нь хориотой учраас маск зүүдэг” гэж тайлбарлав. И.Долгоржав гэдэг энэ хүн 70 настай. И.Цэнджав гээд ихэртэйгээ хоёулаа энд ирдэг. Тэрбээр “Ихэр бид хоёрыг хүмүүс ялгадаггүй. Ойрд тэр маань жаахан тэнхээрхээд ирж амжихгүй байна. Цагаан сарын үеэр ирчихнэ. Тэгэхээр ирж бид хоёртой ярилцаарай” хэмээн урив. Тахил өргөхдөө орчноо цэвэрлэн гараа угаан цэвэр цэмцгэр байдлаар тахилын цөгцнүүдийг арчина. Өрөхдөө эхлээд ёроолд нь багахан ус хийж, цөгц хоорондын зайг нэг арвайны зайтай өрөх юм. Ёроол хоосон өрвөл бэлэг дэмбэрэл муу, хоорондын зай хэт холдвол багшаас хагацах, ойртвол ухаан доройтох, хавирч дуу гаргавал галзуу тэнэг болох ёр гэж үзнэ. Усан тахилыг өргөж эхлэхэд их хүмүүнд хоол цай аягалах мэт хүндэтгэлтэй дүр байдлаар усыг эхлээд багаар нарийн, дунд нь бүдүүрүүлж, адагт нь мөн нарийсган хийж, нэг арвайн чинээ дутуу дүүргэнэ. Хэрэв дүүргэхгүй бол ядуурах, гадагш асган халиулвал явдал мөр цалгайрах, хүчтэй цалгиулах аваас муу үйлд орох ёртой. Б.БАЯРТ

Leave a Reply

Your email address will not be published.