Categories
Чөлөөт

Д.Мөнхбаясах: Нойргүйдвэл кофе, тамхины хэрэглээгээ багасгаж, ажлаасаа чөлөө аваад аял

Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эмнэлзүйн тархи судлалын эрдэм шинжилгээний ажилтан хүний их эмч Д.Мөнхбаясахтай ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд нойргүйдэл залуужих хандлагатай байгаа талаар мэргэжлийн хүмүүс ч ярих боллоо. Хүүхдүүд хүртэл нойргүйддэг болчихсон. Тэгвэл нойргүйдлийн эмгэгтэй болсноо яаж мэдэх вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье? -Нойргүйдэл гэж ярихаасаа урьтаад нойр гэж юу вэ гэдэг талаар ярих нь зөв. Нойр гэдэг нь хоногийн 24 цагийн 8 цагийн хугацаанд хүний тархи амрах процесс үргэлжлэхийг хэлж буй юм. Унтаад амарсны маргааш нь бүрэн амарч чадаагүй мэт мэдрэмж авч улмаар ядрах, маш ихээр бухимдах, стресстэх, ажлын бүтээмж буурах, нүд загатнах зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Нойргүйдлийн эмгэгүүд нь дотроо маш олон янз байдаг. Зонхилон тохиолдох шинж тэмдэг нь нойрон дунд зүрх тасалдах, хөдөлгөөнтөх хам шинжүүдээс гадна шүдээ хавирах зэрэг үйлдлүүдээр давамгайлж илэрч болно. 24 цагийн 8 цагт нь л нойроо бүрэн гүйцэд авч чадвал нойргүйдэл гэх эмгэгээс өөрсдийгөө бүрэн хамгаалж чадна. Олон улсад 6 цаг унтаж нойроо авсан байхад л хангалттай гэж үздэг. Гэвч энэ нь хүүхэд наснаас эхлүүлээд нас ахих тусмаа цагийн цикл нь багасаж явдаг. Ахимаг насны хүмүүсийн нойр авах хугацааных нь цикл багасчихдаг гэсэн үг. Тэгэхээр нойр авах процесс маань өөрөө дөрвөн циклийг дамжин явагдаж байдаг. Шөнийн 22.00 цагаас 01.00 цагийн хооронд гүн нойроо авч чадах хэмжээний цаг байдаг. Энэ хугацаанд амрах төлөвт шилжсэн байх ёстой. Нойрны цикл нь бүрэн явагдаж байж нойроо хангалттай авч чадна гэсэн үг. Унтаж амарсан хэрнээ амраагүй мэт мэдрэмж төрж байна гэдэг хүмүүс их байдаг. Хүмүүс ихэнхдээ унтахын өмнө гар утсаа их ашиглаж, зурагт үзээд л нойроо хүрэх хүртэл өрөөгөө гэрэлтэй байлгаад байдаг. Нүдний гэрлийн мэдрэхүйгээр тархинд сигнал очдог учраас амрах болоогүй байгаа юм байна гэх сигнал тархинд очиж байдаг. Унтаж амрах үед унтлагын өрөө чимээгүй, хэт халуун бүгчим биш, хүйтэн ч биш таарсан температуртай, гэрэлгүй харанхуй орчинд байж хүн бүрэн унтах нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэг. “Нойрны циклийг алдахгүй байх нь маш чухал” -Нойргүйдэлд хүргэж буй голлох шалтгаан нь юу байна гэж харж байна. Дийлэнх тохиолдолд хүмүүс гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбон тайлбарладаг шүү дээ? -Дэлгэцийн хамаарал мэдээж багтана. Үүнээс гадна ажлын стрессүүд байна. Ажлын бүтээмжгүй байдлаас шалтгаалан бий болсон уур бухимдал аль эсвэл ажлаа хэт их цагаар сунгаж хийдэг байдал нь нойрны цикл алдагдахад хүргэдэг. Үүнээс шалтгаалан нойргүйдлийн шинж тэмдгүүд даамжирч огт унтаж чадахгүй байх байдалд ч хүргэх нь бий. Тэгэхээр амьдралын зөв хэв маягийг дадалжуулах хэрэгтэй байгаа юм. Та хоногийн 24 цагийнхаа ажлын 8 цагийг л үр бүтээлтэй өнгөрүүл. 8 цагтаа та унтаж амар. Нойр бол хүний биеийн дархлаагч хамгийн сайн дэмжих хүчин зүйл. Нойр дутуу яваад л байвал дархлаа тэр хэрээр суларна л гэсэн үг. Дархлаа суларвал өвчин эмгэгт өртөмхий болно. Тэгэхээр нойр гэдэг зүйл бол маш чухал зүйл мөн юм байна гэдгийг олон улсад ч хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тэр тусмаа залуучууд, хүүхэд багачууд нойрны циклийг алдахгүй байх хэрэгтэй. Цагтаа л унтаж амарч сурах хэрэгтэй л гэсэн үг. Эцэг эхчүүдийн дунд сургуулийн насны хүүхдээ шөнө оройн цагаар суулгаж хичээлийг нь хийлгүүлэх явдал түгээмэл ажиглагддаг. Энэ нь эргээд нойрны цикл алдагдахад хүргэх эрсдэлтэй. -Нойргүйдлийн нэг шалтгааныг кофе болон архи тамхины хэрэглээтэй холбоотой гэдэг яриа байдаг л даа. Энэ хэр бодитой вэ? -Кофе, архи, тамхи зэрэг нь бүгд л орно. Амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан нойргүйдлийн шинж тэмдгүүд үүсдэг. Кофе уугаад нойроо сэргээнэ, сэргэг байлгах гээд уусан гэж ярьдаг. Залуус тааруулж уулаа, нэг шил л пиво уусан гэж ярьдаг л даа. Гэхдээ алкохолын төрлийн зүйл хэрэглэсний дараагаар хүний тархи бүрэн амарч чаддаггүй. дуут нойртой ч юм шиг, хэдхэн цаг унтсан юм шиг л мэдрэмжүүд өөрт бий болдог. Нойргүйдэл залуужиж буй шалтгааныг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно л доо. Гэхдээ хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйлс байна. Тиймээс өөрсдөөс шалтгаалах зүйлс дээрээ анхаарч, буруу дадал зуршлаа арилгах хэрэгтэй гэж боддог. -Хөрвөөгөөд унтаж чадахгүй байх үе бий шүү дээ. Энэ үед хэрхэн яаж амрах вэ? -Унтах тогтмол цагтай болчих л гэж байгаа юм. 10.30 бүр болохгүй бол 11.00 гэхэд л орондоо орох хэрэгтэй. Таныг унтахад ямар ч зүйл саад болох ёсгүй. Ямар нэгэн чимээгүй, гэрэлгүй, таатай орчинд орондоо ороход 20-30 минутад хүн унтдаг. Манай аппаратад “Би ер нь унтдаггүй л юм даа” гэдэг хүмүүс ч орж ирдэг. Тухайн хүнд холболт хийгээд тодорхой зөвлөгөөнүүдийг өгөөд оруулахад ерөөсөө унтдаггүй гэдэг хүн ч 20-30 минутын дараа унтаад өгдөг. Тэгэхээр унтдаг орчин маш чухал байгаа юм. Хүмүүс эрт орондоо орчихвол унтахгүй дээ гэж бодоод байдаг. Энэ нь тархинд сигнал болоод оччихоороо нойрны бодис ялгарахаа больчихдог. Тархи өөрөө амрахгүй байх сигнал авчихсан учраас унтахын тулд маш их зүйл бодоод эхэлчихдэг. Маш их зүйл бодоод байна гэдэг өөрөө тархи ажиллаж л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр унтах хугацаа хойш сунаад л байна гэсэн үг. Тиймээс эрт амрах зорилго тавиад унтлагынхаа өрөө рүү орох хэрэгтэй. Ийм байхад хүн 20-30 минутад л унтана. -Нойроо аваад унтаж байгаа хэдий ч шөнө дунд гэнэт сэрчихдэг үе ч байдаг? -Шөнө унтаж байгаад сэрэх, шүдээ хавирах, хөдөлгөөнтөх зэрэг нь өөрөө нойрны эмгэг. Их хурхидаг хүмүүс бас байдаг. Энэ нь амьсгал тасалдах шинж тэмдгийн нэг илрэл нь. Үүнээс шалтгаалж хүмүүс шөнө дунд нойрноосоо сэрчихдэг. Хэрвээ танд энэ мэт шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол эхний удаад анализ асуумж манай хүрээлэнд ирж өгч болно. Тухайн асуумжийн үндсэн дээр шаардлагатай бол таныг ПСЖ аппаратад оруулж, нойргүйдлийн ямар шинж тэмдэг давамгайлж байгааг тодорхойлж өгч болно. -ПСЖ аппаратаар олон үйлдэлт нойрны бичлэгийг хийж, нойргүйдлийн ямар шинж тэмдэг зонхилж байгаа тогтоодог- -Нойргүйдлийг түвшин, шинж тэмдгийг оношлох аппарат танай хүрээлэнд байдаг гэж сонссон. Тухай аппаратын талаар та мэдээлэл өгөхгүй юу? -Манай тархи сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн суурь судалгааны бааз лаборатори нь олон үйлдэлт нойрны бичлэг хийж эхлээд нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд Mon timeline судалгааны баг өмнө 2800 орчим хүнд нойрны судалгаа явуулж үзээд, түүнээсээ нойрны эрсдэлтэй гэж үзсэн 200 хүнд нойрны бичлэг хийж үзсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 165 орчим хүнийг хамруулж, датаг боловсруулж бичлэгт оруулсан. -Нойрны бичлэг гэхээр хүмүүс их сонирхож байгаа байх. Ямар процессоор нойрны бичлэгийг хийдэг юм бэ? -Олон үйлдэлт нойрны бичлэг гэдэг маань шөнийн бичлэг хийдэг. Шөнийн 23.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэлх хүний нойрны процессыг бичлэг болгон авдаг гэсэн үг. Ингэхдээ тухайн хүнийг зориулалтын унтлагын өрөөнд оруулаад ПСЖ аппаратад холболтуудыг хийдэг. Тухайн аппаратаар амьсгаа тасалдах шинж тэмдэг, альфа, дельта, бетта долгионуудаас гадна хөл хөдөлгөөнтөх хам шинжийг үздэг. Холболт хийх хэд хэдэн секторууд байдаг. Энэ дэлгэц дээр тухайн хүнийхээ амьсгал, зүрхний хэм, альфа дельта бетта долгионуудыг харна гэсэн үг. Ийнхүү 6-8 цаг бичлэгээ хийгээд өглөө нөгөө хүн маань сэрэхэд бичлэгийг зогсоож холболтуудыг салгадаг. Эхний удаад программаараа анализ дүгнэлт нь гарч ирдэг. Тухайн дүгнэлтэд нөгөө шинж тэмдгүүд хэр их илэрсэн байна, гүн нойр хэр авсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэсэн үг. Нэг хүний бичлэгт дор хаяж 4-6 цаг сууж дахин анализ дүгнэлт хийдэг. Тэгэхээр нэг хүний анализ дээр дахин 1-2 өдөр суух шаардлагатай болдог. Анализ бүрэн гарсны дараагаар тухайн хүнтэйгээ эргэн холбогдож бичлэгээр илэрсэн өөрчлөлт болон шаардлагатай зөвлөгөө мэдээллийг тайлбарлан хүргэдэг. -Тус аппарат танайхаас гадна гадуур өөр эмнэлгүүдэд байдаг уу? -Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт нэг байгаа. Мөн манай хүрээлэнд нэг бий. -Аппаратад ороход тогтсон үнэ ханш гэж бий юу? -Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт байгаа аппаратад ЭМД-д хамрагдсан 180 мянга гэж сонсож байсан юм байна. Манайх өнгөрсөн жил дандаа судалгаанд анхаарсан тул төлбөртэй үйлчилгээ аваагүй. Гэхдээ энэ онд төлбөртэй үйлчилгээ авна гэсэн төлөвлөгөө байгаа. Үнэ ханшийн хувьд 150 мянга орчим төгрөг байхаар ярилцаж байгаа. Гэхдээ албан ёсоор тогтоогоогүй байна. “Эрсдэлтэй гэж үзээд аппаратад оруулсан 2 хүн тутмын нэг нь нойргүйдлийн эмгэгтэй байсан- -Манай улсад нойргүйдлийн талаар хийгдсэн нарийвчилсан судалгаа байдаг уу? -Нойрны талаар нарийвчлан хийсэн судалгаа гараагүй. Mon timeline багаас 2800 хүнд асуумж хэлбэрийн судалгааг хийсэн байдаг. 2800 хүнээс эхний удаад амьсгал тасалдах, хөдөлгөөнтөх, эрүү нүүрний гажигтай хүмүүсээс түүж 200 хүнийг сонгосон. Өөрөөр хэлбэл, 2800 хүнээс нойргүйдлийн эрсдэлтэй байх магадлалтай гэж үзсэн 200 хүнийг сонгож, тэдгээрийг нойрны өндөр, бага, дунд эрсдэлтэй гэж ангилсан. Өндөр болон дунд эрсэлтэй хүмүүсийг аппаратад оруулсан. 200 хүний 90 гаруй хүн буюу 60 орчим хувьд нь нойргүйдэлтэй байна гэсэн үг. -200 хүнээс 90 нь гэхээр бараг л хоёр хүний нэг нь нойргүйдэлтэй байна гэсэн үг үү? -Тийм ээ. Бидний авсан судалгаанд хамрагдсан хүмүүсээс гарсан үзүүлэлт гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ бол эхний удаад хийгдсэн судалгаа. Үүнээс илүү нарийн судалгаанууд хийгдэнэ. Шаардлагатай тохиолдолд ковидын дараах хам шинжийн нойргүйдэл гэх судалгааг 2023 хийхээр төлөвлөсөн байгаа. Түүнд ч бас иргэдийг хамруулна гэсэн үг. 2800 хүн гэдэг бол бага тоо шүү дээ. Тэгэхээр яг баттай судалгаа гэж хэлэхэд төвөгтэй. -Нойргүйдэл даамжирвал ямар эрсдэл бий болох вэ? -Сэтгэц мэдрэлийн асуудлууд үүсч эхэлнэ шүү дээ. Ганцаараа ярих, дэмийрэх, мэдрэлийн гаралтай өвчнүүд үүсч болно. Толгой өвдөх, бие даасан өвчнүүд үүсэж болно. Бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд алдагдал бий болж эхэлнэ. Зүрх судас, чихрийн шижин, таргалалт, артерийн даралт ихсэлт гэх мэт эмгэгүүдийг ар араасаа үүсгэж болно. Тэгэхээр нойргүйдлийг даамжруулж болохгүй гэж олон улсад үзэж байгаа. -Нойргүйдэлтэй үед тэр бүр эрүүл мэндийн байгууллагад шууд хандаж чаддаггүй шүү дээ. Тэгвэл нойргүйдлийн асуудалтай нүүр тулсан хүн эхний ээлжид ямар аргыг ашиглах вэ гэдэгт та зөвлөгөө өгөөч? -Нэгдүгээрт, тухайн хүний ажиллах нөхцөл, амьдралын хэв маяг гэж зүйл бий. Аль болох өөрийгөө тайван байлгах чухал. Ууланд алхах, ажлаасаа 2-3 өдрийн чөлөө аваад өөрийгөө тайвшруулахаар аялалд гарах аль эсвэл дулаахан улиралд голын дэргэд очиж урсгал чимээ чагнаж өөрийгөө тайвшруулдаг ч юм уу. Болж өгвөл гар утас, нөөтбүүк зэргээс хол байлгах, ном унших. Энэ мэтчилэн энгийн аргаар өөрийгөө тайвшруулж болно. Өөрийгөө стрестүүлж болох зүйлсээс нь холдуул гэсэн үг шүү дээ. Иймэрхүү өөрөөс шалтгаалах аргуудаар эхний удаад анализ хийж, нойргүйдлийн шинж тэмдгүүд арилж байна уу гэж ажиглаж болно. Харин нойргүйдэл нь даамжирсан хүмүүст сэтгэц мэдрэлийн өндөр тунтай эмүүдийг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээ болгож өгдөг. Ийм хэмжээнд очихгүйн тулд адаглаад сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө аваад үзэх хэрэгтэй. Манай талаас сэтгэл заслын эмч гэж бий. Тухайн эмчээс долоо хоногт тодорхой давтамжтайгаар зөвлөгөө авахад маш их өөрчлөлт гардаг. Хүмүүс маш их ганцаарддаг. Үүнээсээ болж дотроо байгаа уур бухимдал стрессээ тайлж чадахгүй байдалд хүрч, ууртай уцаартай боллоо гэх шинж тэмдгүүд хүмүүст илэрч байдаг. Энэ үед сэтгэл заслын эмчид хандаж нээлттэй ярих нь илүү үр дүнтэй гэж үзэж болно. -Олон нийтийн дунд нойргүйдээд байвал унтахынхаа өмнө 100 грамм “татчих” гэдэг яриа их байдаг. Энэ нь хэр зөв бэ гэдэгт та мэргэжлийн эмчийн хувьд хариулт өгөхгүй юу? -Олон улсад оройн хоолны дараагаар вино 50 грамм, цагаан архийг 50 граммаар тогтмол хэрэглэж чадвал цусны эргэлтийг сайжруулж тэр хэмжээгээр тархины цусан хангамж сайжирна, тархи илүү сайн амарна гэж үзэх нь бий. Иймэрхүү зөвлөгөөнүүд их байдаг. Гэхдээ тэр бол өөртөө хэвшүүлж чадвал буруу юм биш. Харин үүнээс шалтгаалж буруу хэрэглээ бий болох эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. -Нойргүйдлээс үс халцрах, унах асуудал бий болж байна гэх боллоо? -Энэ нь дархлаатай шууд холбоотой. Дархлааны систем өөрчлөлт орж үс унах, халцрах, арьс загатнах шинжүүд илэрч эхэлдэг. Үүнээс гадна эрдэс минералын дутагдал байж болно. Гэхдээ нойргүйдэл нь давамгайлж байгаа үед дархлааны системд өөрчлөлт орсон учраас ийм шинжүүд илэрч байна гэж үздэг. -Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.