Categories
Чөлөөт

МОНГОЛ ЭР ХҮН УЙЛЖ БОЛОХГҮЙ

“Чи монгол эр хүн учраас уйлж болохгүй. Харин бид бол өөр….” Энэ бол “Авъяаслаг хятадууд 2011” шоуны үеэр 12 настай өвөрмонгол хүүд хандаж хэлсэн үг. Тэмцээнийг шүүж байсан хятад эр энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм. Тэнгэрийн оронд одсон ээждээ зориулж “Алсад суугаа ээж минь” дууг цээлхэн хоолойгоор чадварлаг дуулсан Удмаа хүүгийн бичлэгийг өдгөө хоёр сая гаруй хүн үзээд байна. Агуу Хятад гүрний шоунд ээтэн хоншоортой монгол гутал жийж, тоодон цагаан дээлээр гоёсон өнчин хүү өр зангиртал дуулсан сан. Удмаагийн ээж нь өвчнөөр, аав нь машины ослоор өөд болжээ. Өвөрмонголын Хөлөнбуйраас их Хятадын тайзан дээр тал нутгийн салхи шигээ юунд ч баригдаж хашигдалгүй дуулсан түүний уянгалаг хоолоиг зөвхөн хятадууд төдийгүй ар монголчууд бид ч сонсож сэтгэл сэмэрлээ. Хэрвээ бурхны орон гэж үнэхээр байдаг бол ижий, аав хоёр нь сонссон доо. Сонсоод лав уйлсан даа… … Хөхрөх уулс нь хөлөрч харагдана Хүүгийн чинь сэтгэл гэгэлзээд байна аа Хүний зэрэгтэй хүү чинь явна аа Хүслийг чинь гүйцээгээд яваад очно доо… Энэ бадгийг дуулах үед нь сэтгэлийн хүлээс нэгмөсөн алдуурч орхисон. Нэгэнт алдуурсан сэтгэлийг хорьж цагдах гээд ч яах юм бэ. Орой болгон ээжийгээ дэргэдээ суугаагаар төсөөлдөг Удмаа хүү дэлхийн монголчуудын өмнө ямар том гавъяа байгуулснаа мэдээгүй л яваа даа. ” Монгол, Монгол” гэж цээжээ дэлдэн хэдэн мянгантаа хашгирснаас илүүтэй Монголоо таниулж, монгол хүний зүрх сэтгэлийг төлөөлөн хятадуудыг уйлуулж орхисон өөдөсхөн хүү чамд баярлалаа. Дүү минь, чамайг дууны хүчээр, гайхамшигг монгол аялгуугаар хятад хүний зүрхийг уярааж байх тэр өдөр чиний нэгэн адил хувь тавилантай ах, эгч нар чинь монгол хүний төлөө Шилийн гол аймагт жагсаж байлаа шүү дээ. Хүн болж төрсөн атлаа адгуусны чинээ үнэгүй болсон амь насаа нэхэж, Хятадын эсрэг хэдэн муусайн өвөрдөгчид үгээ хэлж байлаа. Энэ бол үнэхээр их зориг. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн удмаас л гарах омог. Колоничлолд нь байгаа өвөрмонголчууд бүү хэл цөмийн зэвсэг агссан дэлхийн том гүрнүүд ч Хятадын өмнөөс өрвөлзөөд байдаггүй л юм. Энд бас зүгээр байгаагүй ээ. Судсанд гүйж буй цус нэгтэйн хэрэг юу билээ хэдэн залуу БНХАУ ын Элчин сайдын яамны өмнө жагсаж үгээ хэлсэн. Нэг нь бүр Элчин сайдын яамны ажилтныг барьж авсан байсан. Бүдүүлэг гэх л байх. Гэхдээ яадгийм гээд хэлчихье. Учир нь би ч монгол хүн. Дипломат харилцаа, сэтгүүл зүйн соёл, боловсрол, даяарчлагдсан дэлхий энэ тэрээ түр хойш нь тавьчихъя. За, ингээд зөвхөн монгол хүнээрээ үлдлээ. Малчин Монголын амийг малнаас дор үнэлж байсан Манжийн үеийн дарлалыг сануулах болсны чинь хариуд үгэн зэвсгээ нэг удаа агсъя байз. Тийм ээ, би үндсэрхэг үзэлтэй. Морь унаж өссөн монгол хүн. Хүн төрөлхтөний өдий төдий соёл иргэншлээс хүртэж буйдаа сэтгэл тэнүүн явдаг ч Чингисийн үеийн бардамнал, хэдэн мянган жилээр цусанд минь ууршсан өвгөдийн омогшлоо гээхгүй. Гудамжаар алхах хятадуудын үсийг хусахгүй, тэмээ унаж цусан тангараг өргөхгүй, хятад зоогийн газруудад агсам тавьж дээрэмдэхгүй ч зүрх сэтгэлдээ өвлөсөн үндсэрхэг үзлээ дарж бас дийлэхгүй. Энд тэндээс “олж” нутагшуулсан суугуул “соёл” хэрэггүй болохын цагт зөвхөн өвгөдөөс удамшсан уугуул үзэл минь сэргэх л болно. Зөвхөн ийм байж чаддагтаа ч монгол түмэн уусчихгүй, урагдчихгүй бүтэн байгаа гэдэгтээ итгэдэг. Хэдийгээр элгэнээсээ эмтлүүлж нуруунаасаа холтлуулсан ч Их Монгол Улсын тулганы галыг бөхөөлгүй бадрааж яваадаа бардам байхыг хүснэ. Ер нь агуу Монголын үр сад бардам байтугай. Цаана чинь, БНХАУ-д өнчин бяцхан хүү “Монгол гэж ийм улс, ийм үндэстэн байдаг юм” гэдгийг хэлж сануулж өгч байна. Хятадаар цэвэрхэн ярих атлаа “Авъяаслаг хятадууд”-ын тайзан дээр монгол хувцастай догь зогсож байхыг нь харсан биз дээ. Дуулсан дууг нь сонссон өр нимгэн бүхэн нулимсаа залгиж байхад хэдий жаахан ч гэлээ монгол эр хүн уйлахгүй байна. Тийм ээ, монгол эр хүн уйлахгүй. Тэр тусмаа хятадуудын өмнө нулимсаа үзүүлэх учиргүй. Тал нутгийн тунгалагхан агаар шигээ тунамал хоолойгоор ээждээ зориулан дуулах ч энгэртээ атгасан гарт нь ямархан зангирал нуугдсан бол. Ямартай ч Удмаа хүү сайн явна. … Хүү чинь хүний зэрэгтэй явна Хүслийг чинь гүйцээгээд яваад очно… гэж тэр дуулсан. Хүү бэх бүтээж энэ дэлхийг ногоон өнгөөр зурна гэсэн. Хүсэл нь бүтнэ ээ. Яагаад гэвэл тэр бидэнд асар их зориг, бас ухаарал өглөө. Дээл өмссөн болгон монгол биш. Харин Удмаа шиг ийм гэгэлгэн атлаа ухаарал, омогшил дагуулсан монголчууд олон байгаасай. Удмаа, дүү минь уйлж болохгүй шүү. Өмнө чинь хүлээж буй уртаас урт замд өргөс нь ч бий, цэцэг нь ч бий. Монгол эр хүн уйлдаггүй юм шүү. Харин одоо энэ үгийг зөвхөн хүүд биш дэлхийгээр нэг тарсан 10 сая монголчууддаа хандаж хэлмээр санагдана. Тийм ээ, “Монгол эр хүн уйлж болдоггүй юм шүү” гэж… Л.Мөнхбаясгалан

Leave a Reply

Your email address will not be published.