Categories
Чөлөөт

Хоол хийж, эмнэлэгт 24 цагаар хүргэдэг М.Алтанцэцэг: Орлогоороо ач, зээгээ хөгжүүлдэг

Мэндийн Алтанцэцэг 62 настай. Тэр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар 30 гаруй жил ажилласан. Долоон жилийн өмнө тэтгэвэртээ гарч, төрж өссөн Ховд нутагтаа ирж суурьшжээ. Харин одоо гэр орон нь хол эмнэлэгт хэвтсэн өвчтнүүд, шөнө орой яваа аяны хүмүүс, албан байгууллагынханд гарын хоол цайгаа 24 цагаар хийж хүргэж явна.-Та зүгээр суух дургүй хүн бололтой. Тэтгэвэртээ гарснаас хойш юу, юу хийж байна вэ?-Мод, жимс, хүнсний ногоо тарьж ургуулна гэж боддог байсан. Газар олдоогүй юм. Газартай болох гээд өргөдөл өгчихсөн хариу хүлээгээд л байж байна.Хоёр жилийн өмнө юм даг. Цар тахал гарахын өмнөхөн аймгийнхаа эмнэлэгт ирээд эмч хүлээгээд сууж байсан юм. Хөдөө байдаг дүүгийнхээ авдаг хөнгөлөлттэй эмийг бичүүлэх санаатай л. Гэтэл нэг залуу хүрч ирээд “Аав маань хагалгаанд орчихсон маш хүнд байна. Гарч орж чаддаггүй. Таньдаг айл хол. Та надад хоол, цай хийж өгч туслаач” гэсэн. Тэр хүүхдэд тусалсан минь л хүмүүст туслангаа, өөрийгөө ажилтай байлгаж болох юм байна гэх бодол руу хөтөлсөн. Тогоочоор ажиллаж байсан туршлага үгүй. Гэсэн ч би зүгээр суулгүй, чаддаг зүйлээ хийе гээд ажлаа эхлүүлэх гэлээ. Гэтэл цар тахал гараад бүтэлгүйтэв. Харин жил гаруйн өмнөөс эмнэлэгт хэвтэж буй хүмүүст захиалгын дагуу, хоол цай хүргэж байна даа.-Газартай болоод, жимс ногоо тариад эхэлбэл одоо хийж буй энэ ажлаа хэрхэх вэ?-Үргэлжлүүлээд явъя гэж бодож байгаа. Завсар зайгаар нь жимс, ногоогоо тарина. -Та одоо хүргэлтийн хэчнээн төрлийн хоол хийж байгаа вэ. Өдөрт ирж буй захиалгын тухайд?-Эмнэлэгт хүргэж байгаа болохоор хоолондоо элдэв амтлагч хийдэггүй. Захиалсан бүгдийг нь л хийж өгнө дөө.Ирж буй захиалгын тухайд янз бүр. Зарим өдөр 5-6 захиалга. Хамгийн ихдээ бол 10 захиалга орж ирнэ.-Шөнийн захиалга хэр их ирдэг вэ?-Ирнэ ээ. Эмнэлгээс шөнийн захиалга нэг их ирэхгүй. Аймагт шөнөөр ирээд, буудалд байрлаж буй хүмүүсээс захиалга их ирнэ.-Хүргээд л өгөх үү, та?-Ойрхон байвал хүргэж өгнө өө. Хол газар байх юм бол хүргэж өгч чадахгүйгээ хэлнэ. Зарим нь өөрсдөө ирээд авчихдаг. -Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн хоол, цай гэхээс гадна Ховдод зочилсон, ажлаар очсон хүмүүст хүртэл захиалга өгдөг байх нь. Тэгэхээр таны гарын хоол их амттай бололтой. Мах, сүүгээ хаанаас худалдаж авч байна? Aмттай байлгахыг ихэд хичээнэ ээ. Заримдаа ч худалдааны махны амт чанараас шалтгаалаад яг хүссэн амтаа гаргаж чадахгүй.Би чинь махаа эндэхийнхээ захаас авчихна. Харин сүүгээ бол яг малчдаас авдаг. Хүмүүс хуурай сүүтэй цай сонирхохоо больсон. -Хүргэлтийн хоолнууд нь үнийн хувьд?-Эндэхийн ресторан, зоогийн газруудаас жаахан хямд байлгах гэж үзнэ ээ. Нэг бууз 800, халуун савтай цай 2500, шөлтэй хоол, цуйван 6000, бантан 5000 төгрөг гэх мэт.-Захиалгын хоол гаргадаг тул урд орой нь махаа татаж, буузаа чимхээд хөлдөөдөг байх. Хүүхдүүд нь таны ажилд хэр тус дэм болж байна?-Хүүхдүүд энд, тэнд яваа. Нэг нь гадаадад, нөгөө нь хотод. Өнөөх нь хил дээр ажиллаж байна. Гурван хүүхдийнхээ ач, зээ нарыг сургуульд явуулж, хичээлийг нь давтуулах ажилтай. Тэд маань нэг, гурав, тавдугаар ангийнх. Одоо хичээл нь амарсан болохоор гэр рүүгээ явцгаасан. Тавдугаар ангийн охин маань наддаа тус дэмтэй. Би урд өдөр нь махаа татаад, бэлдчихдэг юм.тБас бууз, баншаа бэлдээд хөлдөөчихнө өө. Тэгээд л захиалга ороод ирэхээр нь маналзуулна даа. -Анх өөрөө ийн ажлын байр бий болгож буйг хүүхдүүд тань хэрхэн хүлээж авсан бэ?-Тэд маань ач, зээгээ хараад ядарч байна уу гэж үргэлж л асуудаг байсан. Сэтгэлийг нь зовоочих вий гээд анх хэлээгүй. Хэлэхгүйгээр ажлаа эхлүүлсэн. Харин одоо бол бүгд мэднэ. “Ядруузай” гэж байнга л сэтгэл тавьдаг.-Ер нь авч буй тэтгэвэр тань амьдралд хүрэлцэж байна уу. Аль эсвэл энэ олж буй нэмэлт орлогоороо дутуу гүцийгээ гүйцээж байна уу?-Тэтгэврийн мөнгө маань наддаа бол хангалттай. Зүгээр сууж байхаар гээд л, ач, зээ нараа харангаа ийм ажил хийж байгаа юм. Нэмэлт орлогоосоо ач, зээ нараа дугуйланд явуулчихна. Яваандаа бага, багаар нь хуримтлал үүсгэх бодолтой л байгаа.Ер нь өөрөө, өөртөө ажлын байр бий болгосноос хойш “Баярлалаа” гэдэг үгийг их сонсож байна. Хүмүүс энд, тэндээс утас цохиж, “Сайхан ажил хийдэг юм байна. Ямар сайхан сэтгэлтэй юм бэ, та” гээд л. Сайхан байна.-Таны зарыг хараад андуурч, өөр аймгаас, Улаанбаатараас хүмүүс холбогдож байв уу?-Байлгүй яахав. Гадаадаас хүртэл холбогдоно. Ховдод ах, дүү нар нь байдаг хүмүүс. Өөр аймгаас ч бас холбогдоно. Тэр аймгаас ярьж байна. Манай тийм хүн эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Та тийм хоол хийгээд эргээд өгөөч гээд л залгана.Бас эмнэлэгт ээлжинд хонож байгаа сувилагч нар хоол захиална. Олон цагийн хагалгаанд орохын өмнө “Та гялс бууз хийгээд ирээч” гээд утас цохино.-Тантай адилхан явуулын цайны газар ажиллуулдаг хүн байна уу, танай аймагт?-Байна аа. Эмнэлгийн дэргэд “Гэр бүлийн зоог” гээд газар бий. Хүргэлттэй юм билээ. Өглөө нээгээд, орой хаачихдаг юм шиг байна лээ. Энэ газраас ялгарах онцлог маань 24 цагаар захиалгын дагуу хоол, цай хүргэж өгөх юм.-Яримаар санагдсан, асуугаасай гэж хүссэн асуулт байна уу. Сүүлийн энэ зайг танд үлдээе?-Залуучуудын хөдөлмөрийг л жаахан үнэлдэг болоосой гэж хүсдэг. Тэгвэл монгол залуус хөдөлмөрч байх болов уу даа. Хөдөлмөрийг нь бодитоор үнэлэхгүй, бага цалин өгдөг болохоор ажиллах идэвх муутай байх шиг ээ.-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.