Categories
Чөлөөт

Тарни уншихын есөн тус эрдэм

Тарни уншихын есөн тус эрдэм: Гарчэн Ринбүчи бээр Доржпүрэвийн номын хүрээнд тарнийн есөн тус эрдмийг тайлбарлан айлдсан юм. Аль ч ядам бурханы үүсгэлийн зэргийг бясалган дадуулахдаа арилсан бие, арилсан хэлний үүднээс үйлдэж тарни урин уншсанаар эдгээр есөн ач тусыг үзэх болно. Ерөнхийдөө бол бид юмс үзэгдлийн илбэ мэт мөн чанартайг бататгахын тулд тарнийг уншихдаа гэрэл цацруулах, тахил өргөх гэх мэт дүрслэн бодохтой хослуулан уншдаг. Тарнийг ийнхүү ойлговоос зохино: 1. Тарни бол ядам (бурхан). Тарни бүр нэг ядам бурханы илэрхийлэл юм. Бурхан бүхэн хамаг амьтны тусыг үйлдсээр байдаг. 2. Тарни бол тахил. Үүсгэлийн зэргийн үед бясалгахдаа: Зүрхний хүрдэнд эргэж буй тарнийн эрхэсээс машид их гэрэл цацран гэрлийн цацраг тус бүр тахилын охин тэнгэр болно. Тэдгээр зуу зуун мянга мянган тахилын тэнгэрсийн нэг нь тав, тэр нь дахин тав таваар хувилсаар огторгуйг дүүргэнэ. Тэдгээр олон тахилын тэнгэрсүүд бээр мөн огторгуйгаар дүүрэн Бурхадад элдэв янзын тахилуудыг өргөмүй. 3. Тарниар түйтгэрийг арилгана. Тарнийн эрхэсээс дахин машид их гэрэл цацрахад гэрлийн цацрагууд амьтан бүрт хүрснээр тэдний хилэнц түйтгэрийг ариусна. Тэрхүү түйтгэр нь би-д барихуй бөгөөд тарниас цацрах гэрэл нь бодь сэтгэлийн гэрэл туяа юм. Нигүүлсэл хайрын гэрлээр би-д барихуйн мөсийг хайлуулах нь яг л нарны халуун илчэнд цас хайлан урсах мэт. 4. Тарни бол шид. Гэрлийг эргүүлэн хурааж ядам бурханд шингээнэ. Түүгээр Бурхадын адистэд ирлээ, өөрийн бие хэл сэтгэлийг гэгээрсэн бие, хэл, сэтгэл боллоо. 5. Тарни бол адистэд. Тарни уншсанаар асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрдөг нь ядам бурханы тааллын адистэд юмаа. 6. Тарни бол мандал. Үүсгэлийн зэрэг төгөлдөржсөнөөр тарнийг ганц хэлсэн төдийгөөр ч хот мандалыг урин авчирна. Үүсгэлийн зэргийн уншлага номыг бүтэн унших ч шаардлагагүй болно. 7. Тарни бол бурханы үйлс. Амирлуулах, дэлгэрүүлэх, хатуу болон хураах дөрвөн үйл бүгд тарнийг бүтээснээр бүтнэ. 8. Тарни бол хүслийг гүйцээгч чандмани эрдэнэ. Бүтээвээс зохих бүтэн тарниар бүтмой. 9. Тарни бол номын агаар. Бид ядамыг бясалган тарнийг хангалттай тоогоор унших үед ягшмал бодлууд тасарч, тогтож хэвшсэн үзэл ойлголтуудаас чөлөөт болж сэтгэлийн байгаль төрхийг хоосон чанарын байдлаар үзнэ. Тэр цагаас сэтгэл ч номын агаар, тарни ч номын агаар болно. Тарни хэрхэн хэвшмэл бодлыг тасалдаг вэ гэхээр тарни бол “дуу авиа-хоосон чанар” юм. Бусад дуу авианууд хүсэл шунал зэвүүцэл зэрэг элдэв барин тачаахаас гардаг. Эдгээр есөн тус эрдмүүд нь тарни уншсаны үрээс гардаг. Аль ч ядам бурханы тарни бүгд адил. Энэ бол Гүрү Ринбүчийн үг билээ. Эх үүсвэр: Buddhaweekly.com, Drigar Thubten Dargye Ling Орчуулсан: Энхмаа Дагва

Leave a Reply

Your email address will not be published.