Categories
Чөлөөт

ҮҮЛНИЙ ХЭВ ЯМАР УЧИРТАЙ ВЭ

Хуучны хөгшчүүл маань хол, ойрын ирээдүй цагийн байдлыг үүлний хэвээр шинжиж байв. Байгаль дэлхийн цаг агаар, хүн зоны харилцаа, жаргал зовлон болоод ер орчлон ертөнцийн юмс үзэгдлийг шинжих тоо тоймгүй олон зүйлс бий. Тэрхүү хязгааргүй их шинж тэмдэгийн заримаас өгүүлбэл мал ахуй, ан амьтан, өвс ургамал, нар, сар, од эрхэсийн тохиолго, агаар салхи, шувуу шаазгай, бүр хорхой шавьжийн зан үйлээр хүртэл шинждэг уламжлалтай. Түүнээс гадна хүүхдийн тоглоом наадгай, тэдний хоорондын харилцааны байдлаар шинжинэ. Хүүхэд бол ер бусын зөн совинтой. Улмаар хүн ардын зан чанар, өмссөн хувцас хунар, хоол ундаа хэрхэн идэж уух, амны билэг, чинадын болоод ойр зуурын санаа сэдэл, нүдний харц, алхаа гишгээ хүртэл аливааг урин дуудаж, зөгнөж байдаг учиртай. Хорвоо ертөнц дээрх бүхий л юмс үзэгдэл сав шим ертөнцийнхөө жам ёсоор эргэж байгаа. Утга учиргүй, шалтаг шалтгаангүй зүйлс гэж бүр нэгээхэн ч үгүй. Харин тэдгээр учир утгатай зүйлсийг анзаарах л хэрэгтэй. Анзаарсан бол ажиглах шаардлагатай. Ажигласан бол гэгээн оюундаа шинжилж үзэх ёстой. Хүн гээч нь нарийн ширийн зүйлс ажиглаж чадахгүй болоод ирэн гэмц ой ухаан нь мөхөсддөг. Өнөө л “зөнөг залгах” гэдэг чинь үүнээс үүдэлтэй. Урьдын улсуудын дийлэнх хувь машид гэгээлэг оюунлаг байсан. Тэд ахуйн соёлтойгоо маш ойрхон, амьдралын их сургууль дүүргэж явсан тул тэр. Байгалийн хуулийг хором хугацаа алдалгүйгээр тийнхүү чанд сахиж мөрдөж явах нь хүмүүний алтан зарчим болой. Дээр үед буурал дээдсүүд минь мөнөөх л шинжээгээ хийж байснаа, – Үүлний дүрс нэг л бишдэг ээ. Дайн дажин болох нүү дээ! Үүлний дүрс цаанаа нэг тийм зовсон хүн амьтны шинж илтгээд бүр ер бус аа! Өвчин зовлон үхэл хагацал их тохиох нээ гэж дуу халаг тавьцгааж байсан гэдэг. 1942 оны Морин жилийн ханиад гэж айхавтар ханиад томуу дэгдэж, хүүхэд хөгшид үй олноор үхэж үрэгдэж,байсан зовлон үзэцгээсэн түүхтэй. Тэр ханиад хүрээд золтой амьд үлдсэн боловч 6 настай жаахан хүүхэд “хэл яриа, сонсголын бэрхшээлтэй” болчихсон тохиол бол миний нагац эгч байв хөөрхий минь. Тэгээд 1944 оны Мичин жилийн зуд. 1945 оны дайн гэхчлэн, өдгөө та бидний ам л нээвэл алдаж унагачихаад болдоггүй аливааг данан “Аймаар, аягүй, лайтай” гэх мэтийн билэггүй үг хэллэгийн цаад утга жинхэнэ бодитоор утгаараа биелсэн гамшиг гээч тэр цаг үед тохиож байжээ. Тийм ч учраас билэггүй үг хэлэхийг зэгсэн цээрлэж байв. Энэ мэтчилэн өчнөөн хууч яриа, бүр аймшигтай бөгөөд өнөөгийн хүмүүс итгэх аргагүй юмс ч бий. Зураг дээрх үүл чухам хаанахын аль улс орны нутагт харагдсаныг мэдэхгүй. Ямартай ч тун таагүй хэв шинж тэмдэг илтгээд байх шигээ. Та нар сайн ажиглаарай. 1966 оны их үерийн жил үүлний дүрс нь байсхийгээд л аймшигт их үерийн ус шиг бор хоормог татаж нүүгэлтэж харагдаад байсан санж. Тэгээд хавийн улс амьтанд хэдэнтээ хэлж орхитол, – Үзэл сурталд таацахгүй дэмий балай юм донгосхоо боль тат! Гэж том жижиггүй хэн бүхэнд загнуулж байснаа хуучилдаг Зулын Чойжил хэмээх манай нутгийн уугуул УБ хотын суугуул байгаль орчныг ажиглагч, өв тээгч нэгэн буурлын эл яриаг манай буурлууд ярилцдаг сан. Ер нь хаа газар бусдаас илүү зөн совинтой, гярхай хүмүүс бий л дээ. Харамсалтай нь тэдний тэр үг хэлийг тоож хүлээж авдаг нь нэн ховор. 1993 оны хавар миний ээж өгүүлэхдээ, – Энэ зун аадар их бууна шүү! Харанхуй шөнө атал Тэнгэрийн хойт өөд цагаан гэгээ татаж харагдаад байна. Мөн салхи шуурганы өмнө яг аадрын чимээ лугаа адил шуугих чимээ хэсэгтээ сонстох юм. Үүлний байр цаанаа нэг эрчилж цумралдсан дүр үзэгдээд байх боллоо. Тиймээс зусландаа буухдаа өндөр сэргэлэн дэнж дээр гэр бараагаа барих болох нь дээ.. Зусланд буунгуут аргал түлээ сайн бэлдээрээ хүүхдүүд минь хэмээн шаардаад байсан юм. Тухайн үедээ болохоор, -Ээж аргал түлээ ахиухан түүлгэх гэж худлаа ярьж байна даа гэсхийн бодож байснаа нуух юун. Тэр зуны хуртайг хэлэх үү. Бараг л өдөр өнжихгүй дуу цахилгаантай бороо орж үер урссан жил байлаа. Үүлний дүрс яаж бүрдэв, дүр үүсээд хэдий хэр хугацаа болоод хэрхэн яаж сарнив гэх зэргийг тайлах утга тайлал бий.

Leave a Reply

Your email address will not be published.