Categories
Чөлөөт

Явган зорчигч руу ус цацсан торгуулийн мөнгийг ИРГЭН биш ТӨР авна

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол элбэг. Тэгвэл энэ нь хуулийн хариуцлагатай. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Тэгвэл энэ торгуулийн мөнгийг ус цацуулсан, гомдол гаргагч иргэн биш улс өөртөө авдаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ мөнгө зам засварлахад зарцуулагддаггүй. Түүнчлэн тээврийн цагдаагийн албаны дансанд ч төвлөрдөггүй байгаа юм. Иймд манай улс иргэнээ торгохдоо ч учир дутагдалтай. Зүйгээрээ бол замтай холбоотой торгуулийн мөнгийг эргүүлээд замдаа л ашигламаар. Нөгөө талд, машин зөвшөөрсөн хурдаар явахад зам дээрх ус явган зорчигч руу цацагдаж байвал замын алдаа, буруу гэж үзнэ. Учир нь ямар ч зам бороо орсон тохиолдолд их, бага хэмжээний ямар ч усыг зайлуулах системтэй байх ёстой. Үүнээс харахад замаа л стандартын дагуу барьчихвал энэ мэтийн үндэслэлгүй, арчаагүй алдаагаа иргэд рүүгээ чихсэн байдал үгүй болохоор байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.