Categories
Чөлөөт

О.Амартүвшин: НӨАТ-ыг 10% биш 5% болгоод, бүгд зэрэг төлье. “Нарантуул”-ынхан ч, малчид нь ч төлье

Хоёр жил үргэлжилсэн цар тахлыг залгуулаад эхэлсэн ОХУ, Украины дайнтай холбоотойгоор Монголын бизнес эрхлэгчид улам хүнд байдалд ороод буй. Ялангуяа, энэ хүнд цаг үед НӨАТ дарамт болж байгааг жижиг бизнес эрхлэгчид ярьж байна. Энэ асуудалд ямар гарц боломж байгаа, НӨАТ-ын тухай хууль үндсэн агуулгаараа хэрэгжиж байна уу, гажуудал нь юундаа байгаа болон бизнесийн орчноо хэрхэн дэмжих бодит боломж байгаа талаар “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ээс ээлжит хэлэлцүүлгээ “НӨАТ ба Бизнес” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочноор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиний илэрхийлсэн байр сууриас онцлох тоо, эшлэлийг тоймлов. Монгол Улсад бүртгэлтэй 178 мянган аж ахуйн нэгж байгаа. 2021 оны арваннэгдүгээр сард ҮСХ-той хамтран хийсэн судалгаагаар урьдчилсан байдлаар 56 мянган компани ажиллаж байна гэдэг тоо гарсан. Тэгэхээр цаана нь 120 гаруй мянган компанийн нөхцөл байдал хүндэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэсэн үг. 56 мянга дотроо ч үйл ажиллагаа нь хүндрэлтэй байгаа аж ахуйн нэгжүүд бий. Барилгын салбар жилд 1.1 их наяд төгрөгийн ДНБ бүтээдэг юм байна. Тэгвэл энэ тоо 2021 онд 720 орчим тэрбум төгрөг болж 33 орчим хувиар буурсан. Барилгын салбарт ажилладаг 7,500 орчим компани 3,200 орчим болж буурсан. Энэ салбар дахиад ч хумигдах нь. Улаанбаатар хот энэ жил тендер зарласан. Компаниудын ихэнх нь ороогүй. Шалтгаан нь компаниуд НӨАТ-ын өртэй, НДШ-ийн өртэй ч юм уу, ямар нэгэн байдлаар тендерийн шалгуур хангахгүй байгаа. Тендер зах зээлийн үнээсээ хэт бага болчихсон. Инфляц маш өндөр байгаа, ялангуяа барилгын салбарт. Мэдээж үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа бол татвараа төлөх ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол хууль. Гэхдээ ийм удаан үргэлжилсэн хүнд үед ердийн үед авдаг арга хэмжээг авах нь зохимжгүй. Маш олон компанийн дансыг хаах, шууд шүүхэд шилжүүлэх зэргээр арга хэмжээ авхуулсан олон компани бидэнд хандсан. Нөхцөл байдал хэвийн болтол үе шаттай хойшлуулах байдлаар ч юм, ядаж шууд айлган сүрдүүлж, захиргааны арга хэмжээ битгий аваач ээ, дарамтлахаас татгалзаач ээ гэж байгаа юм. Эрээний хил хаагдсантай холбоотой хоёр сонирхолтой статистик гарсан байсан. Монгол руу нэвтэрсэн барааны тоо хэмжээ багассан. Нөгөө талд нь мэдүүлсэн үнийн дүн эрс өссөн. Хил хаагдаад, машин тоо хэмжээтэй ороод эхэлсэн чинь бүх бараа бүтээгдэхүүн бүртгэгдээд, төлж байгаа татвар нэмэгдсэн. Гэтэл энэ дээр УИХ-ын гишүүд буруу статистик яриад эхэлсэн “Ард түмэн хямарчихлаа гээд байсан, эдийн засаг сайн байна шүү дээ. Импортоор орж ирж байгаа өргөн хэрэглээний бараа, өргөн хэрэглээний бараа нэмэгдчихлээ” гэж. Энэ бол тоог зөв хэмжихгүй бол ямар аюултай байдгийн жишээ. Энэ дүгнэлтдээ үндэслээд дараа дараагийнхаа шийдвэрийг яриад эхэлсэн. ХАА-н бүтээгдэхүүнтэй холбоотой маш олон бүртгэлгүй орлого байгаа. Улс төрийн асуудлаас болоод малчдын орлогыг бүртгэхийг ч оролдохоо больчихсон. Ноолуур, арьс шир, мах, сүү байна. Гэтэл энэ том салбараас төсөвт орж ирж байгаа татварын орлого 70 орчим тэрбум төгрөг байдаг байна. Тэгэхээр энд асар том алдаа байгаа юм. Бүртгэдэггүй зүйлээсээ татгалзаж, бүгдийг нь бүртгэх ёстой. Харин тэр соёлд суртлаа бага, 5% байх ч юм уу. “Нарантуул”-ын тэр олон худалдаачдаас өндөр татвар ав гээд байгаа юм биш. Тэдний төлөөд байгаа татвар магадгүй гаалийн байцаагч дээр очоод байгаа байхгүй юу. Эхлээд бүгд татвар төлөгч болох хэрэгтэй байна. 50 саяас доош орлоготой бол авдаггүй байдлаа болиод эхлээд татвараа аваад дараа нь хөнгөлөлт чөлөөлөлт байж болно. Хөнгөлөлт чөлөөлөлтөөсөө илүү бодлогын дэмжлэг ч байж болно шүү дээ. Ер нь ААН-ийн орлого нь нэмэгдэж л байвал орлоготой байгууллагууд татвараа хэвийн төлнө. Зарим улсад НӨАТ янз бүр байгаа. Тогтсон соёлтой улсад 19%, түүнээс ч өндөр байна. Манайх шиг жижиг эдийн засагтай, нийт орлогын 50%-ийг нь ТОП-100 компани бүрдүүлдэг улсын хувьд татвар арай уян хатан байх хэрэгтэй. Эсвэл буцаалтаа бид илүү нэмэх ч юм уу. Одоо НӨАТ өөрөө нийт татварын орлогын бараг ¼ болчхоод байгаа. Сангийн яам үүнээсээ татгалзаж болохгүй гэдэг хатуу байр суурьтай. Гэтэл үнэндээ бүртгэлтэй гол ААН-үүдээс бусад газар бүртгэлгүй явах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. НӨАТ-гүй баахан түхий эд авна. Боловсруулалт хийгээд борлуулахаар НӨАТ нэмэгдээд өөрсдийнх нь хувьд торгууль болоод явчихдаг. Дэнжийн-1000-аас мах аваад бүтээгдэхүүн хийхэд татвар төлөөгүй байхад банш, бууз хийхээр татвар нэмэгдчихээд байгаад л асуудал байгаа байхгүй юу. Маш олон төрлийн бүтээгдэхүүн НӨАТ төлөхгүй, хөнгөлөлт чөлөөлөлт эдэлчихдэг. Дэлгүүрээс гараад бүгд НӨАТ-тай байгаа. Дэлгүүр дунд нь хохирчхоод байна гээд байгаа. Тэгэхээр эцсийн дүндээ бүгдээрээ л НӨАТ төлөгч болох ёстой. Тэгж байж чанар, үүрэг хариуцлага, хэм хэмжээ нь яригдах ёстой юм байна. Өөр замгүй. Татвар төлснөөрөө татварыг зарцуулж байгаа, УИХ-д 76 газраас гарч ирсэн нөхөд тэрийг дураараа зарж байгаа. Бүр УИХ дээр орж ирээд ямар ч логикгүйгээр “Жорлон барьцгаая” гэж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө татвар төлөгчдийн бухимдлыг төрүүлж, үнэхээр төлсөн нь зөв юм уу, буруу юм уу гэж эргэлзэхэд хүргэчхээд байгаа юм. Үнэхээр шударга зөв байвал их бага ч гэсэн төлөх соёлд сурах байх. Эцсийн дүндээ суурь бизнесийн орчноо сайжруулахад анхаарах хэрэгтэй. Бүх төрлийн судалгаагаар манай бизнесийн орчин жилээс жилд муудаж байгаа. Төр засгийн шийдвэрүүдийн уялдаа, хүнд суртал, авлига гээд энэ бүхнийг иж бүрнээр нь залруулах хэрэгтэй. Гаальтай машин бол гажуудлын л хэлбэр. Огт татвар мөнгө төлөхгүйгээр машин орж ирж байгаа юу гэвэл үгүй. Бизнесийнхэн, иргэд өөрсдөдөө тохирсон татвар мөнгөө төлөөд байгаа. Гол нь тэр нь Гаалийн байцаагч дээр оччихож байгаа юм. Тэр тохирсон мөнгийг улс яаж авах ёстой вэ гэдэг асуудал байгаа. Америкт хувь хүн орлого олбол жилийн эцэст заавал тайлангаа гаргаж, тэр нь өөрийнх нь хувьд оноо болж, магадгүй дараа дараагийн үйлчилгээ авахад төр нь тэр дагуу дэмжлэг үзүүлж байгаа. Гэтэл манайд орлогоо мэдүүлээд байгаа бол илүү их татвар нуусан байж болзошгүй гээд өшөө илүү ухаж төнхөөд, огт мэдүүлэхгүй бол хэн ч түүний араас хөөцөлдөхгүй л байгаа байхгүй юу. Ийм ялгаатай хандлага байхад, УИХ-ын гишүүд ингэж замбараагүй тэр мөнгийг зараад байхаар энэ соёл төлөвшихгүй л байна л даа. Бүгдээрээ хариуцлагатай, хувь хүн болгон бүртгэлтэй, оноотой болоод уялдуулаад явбал иргэн Амартүвшингийн төлсөн татвараар дураараа жорлон барина гэдэггүй болно. Одоо хүн бүр татвар төлөхгүй байгаа учраас хамаагүй гэсэн хандлагатай байна. Нийгмийн даатгалаар баримжаалбал 720,000 орчим хүн татвар төлөөд байна. Хүүхдүүдээ хасахаар цаана нь 2 сая гаруй хүн татвар төлөхгүй байгаа болохоор санаа зовоод яах билээ гээд байж байна. НӨАТ-ыг 10% биш 5% болгоод, бүгд зэрэг төлье. “Нарантуул”-ынхан ч, малчид нь ч төлье. Бид гаальд бага биш мөнгө төлж байгаа. Тэр мөнгө улсад очихгүй байгаа нь асуудал. Энэ бүхэн бүртгэлээсээ эхлэх ёстой байх. Татвар их, бага биш, шударга зарчмаа барих хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published.