ЧИНГИСХААН БОЛ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛАН ЗОХИОСОН ҮЛГЭР

“ТОЛЬ” сонинд нийтлэгдсэн философич С.Молор-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.  Үзэл бодол, үг яриа нь олон хүний дургүйцэл, бүр зэвүүцлийг төрүүлдэг нэгэн эрхмийг энэ дугаарын зочноор урьлаа. Философич С.Молор-Эрдэнэтэй улс төр, түүх, бичиг соёлын талаар ийн ярилцав.

-УИХ-ыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах гээд улс төрийн эгзэгтэй үед хоёулаа уулзаж ярилцаж байна. Та ер нь яасан нь дээр гэж бодож байна вэ? -Дуучид, бөхчүүд нийлээд төр барина гэж юу байсан юм бэ. Тарах нь угаасаа зөв шдээ. Одоогийн энэ УИХ чинь хошин шогийн заал болчихлоо. Тэнд чинь одоо юу вээ. Ойн амьтдын цугладаг юм уу. Хачин хачин эрээвэр хураавар амьтад цугларчихсан хошин шогийн театр аятай л юм байна.

-Тараад тэгээд дээрдэх үү? Дахиад л олон хүний санал авсан гэдгээр нөгөө дуучид, бөхчүүд маань л ороод ирнэ шүү дээ?  -Тэгээд дахиад л тараах хэрэгтэй. 2020 оны сонгууль хүртэл УИХ гэдэг байгууллагыг хоёр удаа тараагаад, хоёр удаа сонгууль явуулж амжих хэрэгтэй. Ингэж чадвал 2020 оноос нэг аятайхан болж магадгүй. Төр цэвэршихийн тулд УИХ маш олон удаа тарах ёстой байхгүй юу. Улс төр чинь хөдөлгөөнтэй байх ёстой юм. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дараагийн ээлжийн бөхчүүд, дараагийн ээлжийн боксчид, морь уяачид орж ирнэ. 2020 оны УИХ-д ямар хүмүүс багтахыг би тааж ядах юмгүй. Морь уяач, нум сум харваач, Японоос хөөгдсөн сүмоч, хэдэн зохиолын дуучид орж ирнэ.

-Л.Түдэв гуай юу?  -Тэр уг нь “Монгол эр хүн хээтэй байвал дээр” гэж хэлж байсан юм билээ шүү дээ. Гэтэл тэр хээгүй эрчүүд чинь бүр үржээд, төрд гарчихаж.

– Ямар ард түмэн байна, тийм л удирдагчид байна гэж хэлэх гэж байна уу?  -Нэгтэй тэнцүү нэг гэдэг шиг яг тэнцүү хоёр зүйл. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ чинь ямархуу ард түмэн байгаагийн яг хуулбар нь. Ухамсартай ард түмэн бол ухамсартай л төртэй байна. Ард түмэн нь ёс суртахуунтай бол төр нь тийм л байна. Япон, Германы төр засаг нь яагаад тийм үлгэр жишээ байна вэ гэхээр ард түмэн нь өөрсдөө үлгэр жишээч ард түмэн байгаа учраас тэр. Гэтэл манай улс төр аягүй инээдэмтэй. Мөнгө л байвал ард түмнийг худалдаад авчих юм чинь ёс суртахуун, ухамсраар яах юм. Ямар ч хамаагүй аргаар мөнгө л хийх ёстой болж байгаа биз дээ. Ингээд дараа дахин сонгогдохын тулд дөрвөн жилийн турш мөнгөний төлөө л зодолдож байна шүү дээ. Бүр ой гутам.

-Ард түмнээ зориуд ядуу, харанхуй бүдүүлэг байлгаж байна ч гэсэн үзэл бий?  -Тийм ээ. Энэ чинь одоо улс төрийн заль, ухаан байхгүй юу. Уг нь улс төр бол ард түмнээ яаж сайхан байлгах вэ гэдэг ухаан. Гэтэл манайд яаж ядуу байлгах вэ гэдгээр хөгжүүлчихсэн. Төр гэдэг чинь Грек, Ромоос гаралтай ойлголт. Бид бол төр мэдэхгүй. Бид хэзээ ч төртэй байж үзээгүй.

-Монголчууд бол анхны төрт ёсыг бий болгосон ард түмэн гэдэг шүү дээ? – Юун анхны төрт ёс. Тэр бол шал худлаа. Яагаад төр байдгийг чи мэдэх үү. Ард түмнээ хооллох, эрүүл байлгах, боловсролтой байлгахын тулд төрт ёс байгуулагддаг. Тэр утгаараа монголчууд бүр дэлхийн II дайны дараа л төртэй болсон. Тэрнээс өмнө Монголд төр байгаагүй. Яам гэж байгаагүй.

Эх сурвалж: “ТОЛЬ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!