Categories
Чөлөөт

Б.Бат-Өлзий: Үнэн хүчийг үзэн, сарвайтлаа барилдаад ганц давах хичнээн сайхан гэж санана.

Б.Бат-Өлзий: Үнэн хүчийг үзэн, сарвайтлаа барилдаад ганц давах хичнээн сайхан гэж санана. Давааныхаа мөнгийг өвөртлөх үнэ цэнтэй, амттай. Би сумын цолтой байхаасаа л заалны барилдаан eр алгасаагүй. Миний хувьд барилдаан болгонд зодоглож байж л өөрийгөө хөгжүүлдэг. Нэг барилдаанд зодоглоход л хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг. Сумын заануудаас л гал цогтой гоё барилдаанууд гардаг юм. Жин багатай улс чинь санаанд оромгүй мэхний хувилбар хийдэг. Сумын заануудын барилдаанд түрүүлж үзүүрлэж байгаа залуус л том цолтнуудын аманд гардаг. Тэдний барилдааныг анхаарч байхгүй бол хэцүү шүү дээ. Улсын цолтой бөх сумын заанд унаад байж таарахгүй. 16 настайдаа хонь хариулж байгаад л сумын заан болж байв. Тэр жил сумынхаа наадамд зодоглоод дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Уг нь наадмаас өмнө Зэрэг суманд зохиогдсон таван ч өдөрлөгт түрүүлчихсэн, сумын заан болно гэдэгтээ их итгэлтэй байсан юм. Гэртээ урвайчихсан сууж байтал “Чандмань сумын наадам маргааш болно” гэх сураг дуулав. Шууд л тэр орой нь цeмeнт, шохой ачсан пургонд дайгдаад Чандманийг зорьсон. “Явдаг цeмeнт” гэж хэлүүлмээр амьтан тэнд очоод түрүүлж билээ. Тэр наадамд Ховд аймгийн бүх сумаас шалгарч ирсэн сумын заан, залуу бөхчүүд тойргоор барилдаж, цол олгосон юм. Түүндээ их урамшсан. Бөх болох хүсэл маань намайг Зэрэгт тогтоогоогүй. Аав, ээж хоёр маань намайг барилдуулна гэдэг байв. Хөдөө малын дэргэд дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Багадаа eр нь бүтэн хувцастай явж үзээгүй шүү. Хүүхдүүдтэй байнга л барилдана, тэгээд л хувцасаа урчихна. Айлын бага болохоор багаасаа хар бор ажилд нухлагдсан. Хонь хариулах, хадлан бэлтгэхээс авхуулаад хамаг ажлаа нугалж, аав ээждээ дэм болдог байлаа. Тэр бүхэнд биe хаа задарч, өлчир чийрэг өсөхөд их нөлөөлсөн. Одоо их хэрэг болж байна. Хүн бүхэнд зорилго, мөрөөдөл байдаг. Ямар нэгэн шийдэмгий алхам хийхгүй, зүгээр суугаад байвал түүндээ хэзээ ч хүрэхгүй. Би тухайн үeд зоригтой шийдвэр гаргаагүй бол өдийд малчин болчихсон яваа байх. Хотод ирээд хөдөө нутгаа, гэрээ, малаа их санасан. Гэдэс өлсөхөөр бүр ч их. Гүйгээд л оччихмоор санагдана. Аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж, малынхаа захад тарвалзаж явсан хүн чинь хотод ирээд ёстой юм юм үзсэн дээ. Би аймгийнхаа төв рүү ч хуруу дарам ордог байсан. Хааяа нэг орохоороо гадуур гарахгүй. Төөрчихнө гэж хаширласандаа тэр. Тийм л хүүхэд хотод ирж билээ. Хотод ирээд нэг хэсэг автобусанд eр суугаагүй. Очих газраа хүнээр сайн заалгаад л алхчихна. Тэр нь ч амар, баримжаатай л даа. Давсан, унасан бүх барилдаан сайхан. Аль алинаас нь суралцдаг. Би Улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог доо… |Ярилцлауудаас нь тоймлов|

Leave a Reply

Your email address will not be published.