Categories
Чөлөөт

ХҮҮХДИЙГ НОМОНД ДУРТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ АРГУУД

66 өдөр дараалан ямар ч үйлдэл хийсэн хүнд шууд дадал болон тогтдог гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Тийм ээ, бидэнд шүдээ угаах, гар утсаа ухах, хичээл болон ажилдаа явах, хоолоо бэлдэх гээд тогтсон олон дадлууд бий. Ном унших дадлыг мөн энэ аргаар тогтоох боломжтой. Хүн өдөр бүр нэг зүйлийг тогтмол хийгээд байвал хоёрхон сарын дараа хүний ухамсар өөрөө нэхэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр ганцхан цаг ном бариад дадчихвал сүүлдээ өөрийн эрхгүй гар ном руу явах аж. Хүүхдийг та сургууль дээрээ ном бариад л сууж байдаг гэж бодож байвал эндүүрэл. Багшийн заасан хичээлийг тал нь сонсоод, тал нь бараг өөр зүйл бодоод сууж байдаг. Гэтэл хүн яг гартаа ном бариад суувал өөрийн тархи руу мэдлэг, мэдээлэл шууд орж ирдэг. Тэгээд ч ном унших дадалтай болсон хүүхэд хичээл дээрээ идэвхитэй суух хандлага шууд үүсч эхэлдэг. Тиймээс эхлээд хүүхэдтэйгээ ярилцаж байгаад өдөр бүр ном унших нэг цагийг ян тан товлож тогтооно. Тухайн цагийг өөрчлөх, хойшлуулах, нөхөх талаар яриа байж огт болохгүй. Тэр хэрээр хүүхдийн өөрийгөө удирдах чадвар хөгжиж, дотоод сахилга бат сайжрахын сацуу ном унших дадал хурдан тогтоно. Унших дадал тогтоох нь хүүхдийн ирээдүйд үнэлж баршгүй томоохон оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй өндөр чадвар бүхий энэ дадал насан турш үлдэх сайн талтай. Учир нь жил бүр 365 цаг ном уншдаг хүүхэд маш их мэдлэг чадвар эзэмших бөгөөд үргэлж сайн дүнтэй суралцаж, ирээдүйд мэдлэг мэргэжлээ тогтмол дээшлүүлснээр их цалин орлоготой байж чадна. Хүүхэд өдөрт 15 цаг сэрүүн байдгийн ганцхан цагийг номонд, дөрвөн цагийг хичээлд зориуллаа гэхэд өдөр бүр бусад зүйлд зориулах бүхэл бүтэн арван цаг үлдэж байгааг мөн сануулах нь зүйтэй. Тэгээд ч өдөр бүр нэг цаг ном уншдаг хүний амьдралын төлөөх зовнил эрс багассаар байдаг. Учир нь номын ачаар авъяасаа нээж, хийх ажил үйлсээ олж, сурах эрдмээ тогтоож, бүтээж улмаар таашааж чаддаг. Харин ийм дадалтай болтол та биечлэн туслана. Яг тэр уншлагын ганцхан цагт чимээ шуугиан, бүх ажил төрлөөс чөлөөлж, хамгийн гол нь маш сонирхолтой өөрийнх нь хүссэн, сонгосон эсвэл хэл яриа, мэдлэг оюуны өндөр түвшинд туурвисан номнуудыг авч өгч бэлдэнэ. Номнуудыг далд хийх хэрэггүй. Ил байлгана. Хүүхэд нүдэнд ил байгаа юмыг заавал сөхөж үздэг. Хүүхдийг хурдан бас удаан уншиж байна, тийм ийм юм унш гэж зааж зааварлах хэрэггүй. Эхний удаад хүүхдэд өөрт нь маш сонирхолтой зүйл байх хэрэгтэй. Учир нь хүүхэд бүр төрөлхийн өөр өөр сэтгэлгээтэй төрсөн байдаг. Тэгээд ч хүүхэд өөрт таатай зүйлийг цаг хугацаа анзаарахгүй уншиж, судалдаг. Ингээд хүүхдэд дадал тогтоод, нилээд зүйлс уншаад ирэхээр хүүхэд хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ өөрөө ялгаж салгаж унших чадвартай болдог.

Leave a Reply

Your email address will not be published.