Ганц бие байх нь таргалалтаас ч илүү эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоожээ

Хэт удаан ганц бие байх нь таргалалтаас илүү эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоожээ.

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ганц бие, ганцаардмал хүмүүс нийгмийн харилцаанд идэвхтэй, хостой хүмүүсийг бодоход ямарваа нэгэн өвчнөөр өвдөх, цаашлаад харьцангуй эрт нас барах магадлал нь 50 хувиар нэмэгддэг гэжээ.

Америкчуудад нийгмийн харилцаа, ганцаардлаас шалтгаалах өвчин ба эрүүл мэнд чиглэлээр хийсэн нийт 218 судалгаа байдаг аж. Эдгээр судалгаанаас нэгтгэн дүгнэхэд, хүн нийгмээсээ тусгаарлагдах, харилцаа нь хумигдахад нас барах магадлал нь таргалалтаас даруй 30 хүртэлх хувиар илүү нэмэгддэг болохыг тогтоожээ.

Мөн судалгаагаар ганцаардмал хүмүүс ханиад хүрэхдээ ч биеийн тавгүйрхлийг энгийн буюу хостой хүмүүсийнхээс ч илүү хүчтэй мэдэрдэгийг олж тогтоожээ.

Бригам Янг Их сургуулийн сэтгэл судлалын профессор Жулиан Холт-Лунстад хэлэхдээ “Нийгэмд бусадтай харилцана гэдэг нь амьдрах, зөв аж төрөхөд туслах хүн төрөлхтөний уугуул зарчим буюу хэрэгцээ юм. Зүгээр энгийн жишээ дурдахад, нялх хүүхдийг харилцаанд оруулахгүй, халамжилж асрахгүй бол үхлийн аюулд ч хүргэж мэднэ. Үүний нэгэн адилаар хүн гэдэг амьтан хэн нэгэнтэй харилцахгүй, өөрийгөө шийтгэж буй мэт хэт их ганцаардуулах юм бол өвчин үүсгэх магдлалыг нэмнэ. Гэвч ганцаардлаар шаналах хүмүүсийн тоо Америкт жил ирэх бүр өссөөр байна” хэмээжээ.

Ганцаардал нь хүнийг сэтгэхүйн болон биеийн хөгжлөөр ч бусдаас доогуур үнэлэмжтэй болгохын дээр тухайн хүн үүнийгээ мэдрэх тусам өөрийгөө улам шаналгаж, байдлыг хүндрүүлдэг аж.

Image result for ганц бие

50-ээс дээш насныханд зориулсан нийгмийн сүлжээний вэбсайт болох Granset.com-ээс хийсэн судалгаагаар Их Британид ахмад үеийнхний гуравны нэг нь ганцаардмал ба тэд өөрт нь ямар байгаагаа хэнтэй ч хуваалцдаггүй гэжээ. Судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь “Өөрийгөө ганцаарддаг гэдгийг дотны найз болон үр хүүхдүүддээ хэлбэл тэд гайхаж санаа зовох болно, тиймээс хэлдэггүй” гэжээ.

Үндэсний Статистикийн хэрэг эрхлэх газраас хийсэн саяхны тоо баримтаас харахад хамгийн их ганцаардмал иргэдтэй улсаар Их Британи Европдоо тэргүүлжээ. Мөн судалгаагаар тус улсад хийсэн “End Loneliness” буюу “Ганцаардлыг устгая” хэмээх кампанит ажлын хүрээнд “ганцаардагсад” жилд 26 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн зардал болон өвчиндөө зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ.

Профессор Жулиан нэмж хэлэхдээ “Нийгмээс өөрийгөө тусгаарлах, ганцаардах нь тухайн хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бууруулж, эрт нас баралтын эрсдэлийг нэмдэг. Дэлхийн олон улс оронд хүн төрөлхтөн “ганцаардлын тахал”-тай нүүр тулсаар байна. Үүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал бидэнд тулгараад буй юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг бусадтай нийгэмшүүлэх, харилцааны чадварыг нь нэмэхэд нэн түрүүнд анхаарах шаардлагатай болоод байна” хэмээжээ.

Мөн Техас мужийн Райс Их сургуулиас хийсэн судалгаагаар ганцаардмал хүмүүс ханиад хүрэхдээ ч биеийн тавгүйрхлийг энгийн буюу хостой хүмүүсийнхээс ч илүү хүчтэй мэдэрдэгийг олж тогтоожээ.

source: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *