Хүүхдийг ханиад, хатгаанаас сэргийлэх аргууд
Ханиад томуу, хатгалгаагаар өвчлөхөөс сэргийлэх хэд хэдэн үр дүнтэй аргыг танд сонирхуулъя. Та бүхэн эдгээр зөвлөмжийг заавал дагаж, бяцхан үрсээ өвчнөөс сэргийлээрэй.
1. Хамгийн эхний, хамгийн чухал арга бол мэдээж маш сайн дулаалах.
Та хүүхдэдээ зузаан, дулаан хувцас өмсүүлж байх нь хамгийн чухал. Тэр тусмаа хүүхэд доороосоо эсвэл цээжээрээ даарах нь маш аюултай байдаг. Ноолуур, хөөвөр болон хонь, тэмээний ноосон цамц, өмд гээд хамгийн дулаан хувцсыг хүүхдэдээ мөн гэр бүлийнхээ гишүүдэд өмсүүлээрэй.
2. Вакцинд хамрагдах.
Хүүхдээ улирал тутмын томуугийн вакцинд хамруулах нь зайлшгүй хийгдэх ёстой эрүүл мэндийн үйлчилгээ юм. Томуугаар өвдөх, хүндрэх, өвчилсөн бол бусдад вирус халдаах зэрэг эрсдэлүүдийг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэгд вакцин зайлшгүй багтдаг.
3. Цэвэрлэгээ нэн чухал.
Гэр, хүүхдийн өрөө, анги танхим, ажлын байрандаа байнгын чийгтэй цэвэрлэгээ хийхээс гадна 2 цаг тутамд агаар оруулж, тасалгааны агаарыг сэлбэж байх хэрэгтэй. Ингэснээр нян үржих нөхцөлийг бууруулж, ханиад томуунаас гадна харшлын шинж тэмдгүүдийг өдөөхгүй байх давуу талтай.
4. Байгалийн гаралтай хүнс хэрэглэх.
Зөгийн бал, чацаргана, аньс, аарц, халуун цай, халуун сүү нь хүүхдийн дархлааг дээд зэргээр сайжруулж, аливаа өвчин тусах нөхцөлийг бууруулж, өвчилсөн тохиолдолд тэмцэж, эдгэрэхэд хамгийн том тус нэмэр болдог. Дээрээс нь үнэхээр амттай, байгалийн гаралтай учир ямар ч эм тарианаас илүү байх нь гарцаагүй.
5. Гадуур явахдаа анхааралтай байх.
Ханиад хүрсэн, аливаа нэг нян тээж яваа хүмүүс ханиаж, найтааж, нус цэрээ хаях нь манай орчинд элбэг. Энэ бол нян тархах хамгийн аюултай зам юм. Тиймээс гадуур аль болох дагуулж явахгүй байх, ханиаж, найтааж байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй.
6. Амны хаалт зүүх.
Амны хаалт бол дан ганц ханиад томуу гэлтгүй агаарын бохирдлоос хүртэл сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Агаарын замаар дамждаг олон халдварт өвчнүүдээс хамгаалах боломжтой. Мөн сүүлийн үед янз бүрийн өнгө, зурагтай өхөөрдөм амны хаалт их гарах болсон тул хүүхдүүдэд ч таалагдах нь гарцаагүй.
7. Өглөө, оройн цагаар хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.
Хамгийн их утаа ялгардаг, өвчин тусах магадлалтай үе бол өглөө болон орой байдаг. Дээрээс нь агаарын хэм маш хүйтэн байдаг учир амархан даарч, бээрэх талтай. Хэрэв та хүүхдээ агаар салхинд гаргах бол амралтын өдрүүдээр хотоос гадна гарахыг зөвлөж байна. Байгальтай ойр байх тусам хүүхэд улам чийрэг, эрүүл болж байдаг тул боломж гарвал агаар салхинд гарч байгаарай.
Categories
Хүүхдийг ханиад, хатгаанаас сэргийлэх аргууд
