61 настай эмээ халаас ухаж байгаад баригдсан хэрэг гаржээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан шунахайн сэдэлтэй дээрэм болон халаасны хулгай, орон байрны хулгай зэрэг олон төрлийн гэмт хэргүүд гарах тохиолдол эрс ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд хүний биед онц ноцтой байдлаар халдаж, дээрэм хийх тохиолдол бүртгэгдсээр байгаагийн нэг нь дээрэм хийх зорилгоор хоолойг нь боож байгаад амь насыг нь бүрэлгэсэн явдал юм. Иргэдийг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт анхаарал сарнисан үед нь гэмт этгээдүүд цүнх болон халаасыг ухаж эд зүйлийг нь хулгайлсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад цаг тутамд ирэх болсон аж. Хамгийн анхаарал татаж байгаа хэрэг нь 61 настай иргэн Б нь нэг өдөрт хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан байх юм. Иргэдийн дунд хулгай дээрмийн төрлийн гэмт хэргийг зөвхөн өсвөр насны эсвэл эрэгтэй хүмүүс үйлддэг гэсэн мэдээлэл байдаг ч өндөр настай эмээ, өвөө нар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болохыг албаныхан мэдээлж байна.

Тухайлбал, 61 настай иргэн Б нь 2018 оны 12 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд иргэн Э-ийн гар цүнхнээс Samsung S-5 загварын гар утас хулгайлсан. Мөн иргэн Х-ийн цүнхнээс хоёр сая төгрөг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж байж. Иргэн Б дээрх гэмт хэргийг үйлдэж суллагдсаныхаа дараа гудамжинд ахин хүний цүнхэнд гар дүрж, хулгай хийх гэж байхыг нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн улмаар шүүхээс 20 хоногийн хугацаанд баривчлах ял, шийтгэл эдлүүлж, сулласан гэх мэдээлэл ирсэн юм. 61 настай уг иргэн нь хоёр хүүхэдтэй ба ач нараа хараад гэртээ байдаг гэх. Харин хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ач нараа гэрт нь цоожилж үлдээгээд гарч хулгай хийдэг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон бөгөөд хулгайн гэмт хэрэг олон жил үйлдэж гаршсан, цагдаагийн байгууллагын бүртгэлтэй гэмт хэрэгтэн аж.

Түүнчлэн энэ амралтын өдөр буюу энэ сарын 19-ны өдөр олон нийтийн сүлжээнд орцондоо цахилгаан шат хүлээн зогсож байгаа эмэгтэйн биед халдаж, дээрэмдэж байгаа дүрс бүхий бичлэг цацагдсан. Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” хотхоны 18 дугаар байрны орцны камерын бичлэгт эмэгтэйг араас нь боож унагаж, хэд хэдэн удаа цохиж эд зүйлсийг нь булаан авч зугтаж байгаа дээрмийн гэмт хэргийн бичлэг үлдсэн билээ. Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээд болох 29 настай Б гэгчийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан цагийн дараа буюу 22:25 цагийн үед дайчлан баривчилсан байна. Сэжигтэн Б нь өмнө нь буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!