Categories
Чөлөөт

Бид хамтдаа УУДАГ… Бид хамтдаа ЦАНГАДАГ…

Унгар улсад их сургууль төгсөж, дараа нь Элчин сайдаар ажиллаж, нийтдээ 12 жил энэ улсад амьдарсан хүний хувьд төдийгүй Усны хүний хувьд Унгар улсад болж буй устай холбоотой үйл ажиллагааг мэргэжлийн хувьд анализ хийн дүгнэлт хийх, туршлага судлах, монголд хэрэгтэй туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Унгарын усныхантай байнга холбоотой байж, мэдээлэл солилцож байдгийг Та бүхэн мэднэ. Сүүлийн сар орчим хугацаанд Европ тивд бүхэлдээ тэр дундаа Унгар улсад хэт халалт үүсэж, өдөрт +40° хүртэл халж байгааг сонссон байхаа. 12 жил энэ улсад амьдрахдаа би 2 зүйл үзээгүй байсны нэг нь +40° давж халах явдал юм. (нөгөөх нь Дунай мөрөн бүтэн хөлдөх) Энэ хэт халууны улмаас хэд хэдэн жижиг гол горхи хатаж, ширгэсэн бол агуу Дунай мөрний усны түвшин 3 долоо хоногийн дотор 1,5 метрээр доошилж, Төв Европын хамгийн том нуур болох Балатон нуурын усны дундаж гүн 86 см болж багассан нь ноднингийнхоос 20см-ээр бага байна. Балатон нуур манай Буйр нууртай ойролцоо гэж бодохоор энэ их л аймшигтай мэдээ юм. Илүү аюул нь Будапештээс 30 км-ын зайд байрлах Веленце хэмээх сайхан нуур энэ хэвээрээ байвал хатаж ширгэж ч магадгүй аюул заналхийлж байна. Яг одоогийн байдлаар нуурын усны түвшин 49 см байна, сарын эцэс гэхэд түүхэнд байгаагүй доод хэмжээнд очих аюултай болжээ. (түүхэн доод хэмжээ 1949 онд 46 см) Нуурын усны түвшин багасаж загаснууд хүчилтөрөгчөөр дутагдах болсонтой холбогдуулан Веленце нууранд 06 цагаас 10 цаг хүртэл агааржуулалт (хүчилтөрөгч) хийгдэж байгаа юм байна. Хамгийн том аюул нь жижиг гол горхи, усан сан, гадаргын ус дамжуулах хоолойн уснууд дээр байгаа ба энд хатаж ширгэх гэхээс илүү усны хэрэгцээгээ хангах гэсэн хүмүүсийг явцуу ашиг сонирхлуудын тулаан болж эхэлж байна. Мэдээж усан дээр байдаг бүх төрлийн маргаан тэнд бас л байна. Тариаланчид, малчид, хот, үйлдвэр, ан амьтан гээд л дээр нь бас усны эх үүсвэрийн дээд доод гээд хурц маргаанууд гарч эхэлж буй сурагтай. (Дөнгөж сая гэхэд л тариалангийн талбайг услах зорилгоор түр хаалт хийсэн байсныг байгаль хамгаалагчид амьтдын усыг булаалаа гээд нурааж байна гэх мэдээ сонсогдож байх жишээтэй)
Өнгөрч буй долоо хоногт Унгарын усны газраас 12 сав газрын захиргаадын түвшинд ангилсан бүс нутгуудад гангийн зэрэглэлийн хамгийн дээд хэмжээг тогтоож, гангын аюултай тэмцэх онцгой комисс байгуулан, ус хэрэглэх ашиглах дараалал (!!!) тогтоон ажиллаж эхэлжээ. (энэ бүхнийг дөнгөж сарын өмнө Монголд ирж Туул голын дагуу ажиллаж байсан Усны Газрын дарга найз маань удирдан ажиллаж байна. их л хэцүү ажил даа) Ус багадаад ирэнгүүт хүн бүр эсвэл салбар бүр түрүүлж авах гэж булаалцалдаад эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байгаа нь хамгийн хэцүү байгаа болтой. Ёстой л усны нөөцөөр баян, дээр нь усны менежментийн тэр дундаа ган цөлжилтийн үеийн усны менежментийн хувьд дэлхийд тэргүүлэх улсуудын нэг учраас одоохондоо аюул бас хохирлоос сэргийлж чадаж байх шиг. Ойрын 3 долоо хоног бороо орохгүй бололтой учраас цаашид хэрхэх, гангаас гадна дээр дурдсан шиг зохиомол эсвэл үндэслэлгүй хомсдол, эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар одоо ид л нойр хоолгүй төлөвлөн ажиллаж байх шиг байна даа. Тариаланчдын ярьж байгаагаар ургацынхаа талыг алдах их аюул заналхийлж байна. Дэлхийд алдартай 2 том мөрөн урсдаг, газрын доорх усны арвин их нөөцтэй, үерийн хамгаалалт, усан сан арвинтай, усан сан, нуурууд, хотуудаа холбосон томоохон усан хоолойн системтэй, манай Хөвсгөл аймаг шиг нутаг дэвсгэртэй, санхүүгийн хувьд харьцангүй хүчтэй, усны салбарын менежмент техникийн хувьд дэлхийд хүчирхэгт тооцогдох Унгар улсад ийм юм болж байхад манайд яах вэ гэдгийг бид урьдчилан харж бэлтгэх ёстой, бид бэлэн үү? үүнийг л судлаад сууж байна. Яг одоогийн байдлаар бид ҮЕР-ийн ч өмнө ГАН-гийн ч өмнө өвдөг сөгдөж унахаар байна. Гарц нь усны хуримтлал. Хуримтлуулах ажлыг хийж дуусгах хүртэл олон жил хэрэгтэй, тэр болтол…? Хүмүүсээ сэрцгээ, Усны асуудал бүх нийтийн асуудал, ус багадвал бүгдээрээ л баян ядуу ялгаагүй ганд нэрвэгдэнэ, ус багадвал хөгшин залуугүй нийтээрээ л үерт живнэ, бүх юм өнөөдрийнх шиг байхгүй нэг өдөр их ус ирнэ, нэг өдөр огт усгүй болно, бид ХАМТДАА үүнд бэлэн байх ёстой шүү. Бид хамтдаа УУДАГ… Бид хамтдаа ЦАНГАДАГ…

Leave a Reply

Your email address will not be published.