Categories
Чөлөөт

АНД НАЙЗ БАС АЛИВ ДАЙСНАА ХЭРХЭН ЯЛГАЖ ТАНИХ ТУХАЙ ЭРТНИЙ СУДАРТ ИЙН ӨГҮҮЛЖЭЭ…

АНД НАЙЗ БАС АЛИВ ДАЙСНАА ХЭРХЭН ЯЛГАЖ ТАНИХ ТУХАЙ ЭРТНИЙ СУДАРТ ИЙН ӨГҮҮЛЖЭЭ… 10. Анд ба дайсан цадигийн тайлал /473/ “Ямар ямар үйл хийснээр нь” хэмээн эхлэх энэ сургаалыг Бурхан багш Жетавана хийдэд залран ахуйдаа Кошала улсын хаанд асар их ач тусыг хүргэгч түшмэлд холбогдуулан айлджээ. Тэрээр хаанд асар их тусыг хүргэгч байлаа. Хаан түүнийг ихэд хүндэлдэг байжээ. Бусад хүмүүс энэ байдлыг тэсэж үл чадахын улмаас хааны сэтгэлийг түүний эсрэг болгохын тулд: “Хаантан минь, тэр түшмэл бээр таныг хорлохыг хүсэгч билээ” хэмээн өгүүлжээ. Хаан тэдний хэлснийг шалган үзэх үед тэр түшмэлд ямар ч гэм байсангүй тул тэрээр “Би үүнийг шалгаад түүнээс ямар ч гэмийг харсангүй. Би үүнийг миний найз, эсвэл дайсан болохыг хэрхэн мэдэх бэ?” хэмээн бодоод тэрээр “Энэ асуултын хариултыг огоот туулсан Бурханаас өөр хэн ч хариулж чадахгүй билээ, явж Бурханаас асууя” хэмээн шийджээ. Тэрээр өглөөнийхөө хоолыг зооглож дууссаныхаа дараа Бурхан багшийн дэргэд яван очоод: “Эрхэм дээдэс ээ, хэн нэгнийг найз хийгээд дайсан болохыг хэрхэн яаж мэдэх вэ?” хэмээн асуухад Бурхан багш: “Их хаантан минь, урьд ч гэсэн мэргэд энэ асуултын тухай тунгаан бодоод мэргэдээс асууж байсан билээ. Тэгээд түүний хариулсны дагуу дайснаас өөрийгөө хамгаалж, анд нөхөдтэйгөө нөхөрлөж байсан билээ” хэмээн өгүүлээд түүний хүсэн уламжилсны урьд төрлийн түүхийг айлджээ. Эрт дээр үед Варанаси хотод Брахмадатта хаан, хаан ширээнд залран байх үед түүнд эд хөрөнгө хийгээд номын ёсны сургаал хайрлагч нэгэн түшмэл байлаа. Тэр үед бусад хүмүүс Варанаси хотын хааны сэтгэлийг өөрт нь тусыг хүргэгч түшмэлийн эсрэг болгожээ. Хаан түүнд ямар нэгэн гэм байхгүй байгааг хараад “Анд нөхөр хийгээд алив дайсан хэн болохыг хэрхэн яаж таних бэ?” хэмээн түшмэлээсээ асуун ахуйдаа эхний шүлгийг айлджээ. 121.“Ямар ямар үйлдэл хийснээр нь Яаж ухаантан шалгаж мэдэх бэ? Энд юуг харж сонсон мэргэд бээр Энэ хүнийг дайсан хэмээн мэдэх бэ?” хэмээжээ. Тэгэхэд нь Бодисатва бээр дайсны шинж тэмдгүүдийг өгүүлэн ахуйдаа дараахь таван шүлгийг айлджээ. 122. “Таныг харснаар илтэд үл баясагч Тэрчлэн таныг хүндэтгэн эс угтагч Нүд рүү чинь эгц эс харах хийгээд Нэгэнт эсрэгээр чинь үйлдэх бөлгөө” 123. “Чиний дайсантай чинь нөхөрлөнө Чиний анд найзтай үл нөхөрлөнө Чамайг нэгэн магтахад муулана Чамайг нэгэн муулахад баясдаг” 124. “Нууцыгаа чамд эс өгүүлэх хийгээд Нэгэнт нууцыг чинь бусдаас эс нууна Чиний сайхан үйлийг эс магтана Чиний ухааныг магтан эс өгүүлнэ” 125. “Алив зүйл чамд дутагдваас баярлана Аливаа юмс чамд төгс бол үл баясана Алив сайхан хоол олдвоос тэрбээр Аль түрүүнд чамайг эс санана Түүнд ч гэсэн үүнээс өгье хэмээх Тийм сэтгэл түүнд хэзээ ч үл төрнө” 126. “Энэхүү арван зургаан шинж чанар Эгнэгт дайсанд чинь байдаг бөлгөө Үүгээр өөрийн дайсныг танигтун! Үнэхээр харж сонсон мэдэгтүн!” хэмээжээ. Бодисатва бээр энэхүү таван шүлгийг айлдаад дараа нь: 127. “Ямар ямар үйлийг үйлдсэнээр Ямагт хэрхэн нөхрийг таних бэ Ямар үгийг сонсож, харснаар л Яаж анд найз болохыг нь мэдэх?” хэмээн энэ шүлгээр нөхрийн шинж тэмдгийг асуухад доорх шүлгүүдийг айлджээ. 128. “Гадагш явахад чинь санадаг Гэртээ ирэхэд баярлан угтдаг Хайрлам сайхан үгийг өгүүлж Хариу баярлан баясах бөлгөө” 129. “Анд нөхөдтэй чинь нөхөрлөдөг Алив дайсантай чинь эс нөхөрлөнө Чамайг муулахад нь хориглодог Чамайг магтахад нь баярлан баясдаг” 130. “Нууцаа чамд итгэн өгүүлдэг Нэн нууцыг чинь нь хадгалдаг Чиний сайн үйлийг магтдаг Чин билгүүн ухааныг сайшаадаг” 131. “Өсөн нэмэгдэвээс баярладаг Өсөн эс нэмэгдэвээс эс баясдаг. Сайхан хоол олдвоос тэрбээр Сайн найзаа дурсан санадаг Чамайг ч гэсэн энэрэн хайрлаж Чамд ч гэсэн энэ олдоосой хэмээнэ” 132. “Энэхүү арван зургаан шинж тэмдэг бүхий Эгэлгүй нэг нь анд найз нөхөд бөлгөө Энэхүү шинж тэмдгийг л харж сонсох аваас Эгэлгүй мэргэд бээр найз хэмээн итгэгтүн!” хэмээжээ. Хаан бээр Бодисатвын сургаал номыг сонсоод сэтгэл ихэд баясаж түүнд эд хөрөнгө ихийг өгчээ. Бурхан багш энэхүү номын сургаалыг айлдаад: “Хаантан минь, энэ мэтчилэн энэ асуудал урьд нь ч гэсэн гарч байсан билээ. Эрхэм мэргэд бээр эдгээр гучин хоёр шинж тэмдгээр өөрийн дайсан хийгээд, өөрийн нөхөр хэн болохыг таних хэрэгтэй хэмээн айлдсан билээ” хэмээн өгүүлээд цадигийг тайлжээ. “Тэр үеийн хаан Ананд байсан юм, мэргэн түшмэл бээр харин би байсан юм” хэмээжээ.“Анд ба дайсан цадигийн тайлал” хэмээх арав. Бурхны цадиг( Бурхны урьд төрлүүдийн түүх) 5-р ботиос…

Leave a Reply

Your email address will not be published.