Categories
Чөлөөт

Наранд түлэгдсэн арьсыг хэрхэн арчлах вэ? Гэмтээлгүйгээр арчил!

Арьсны хавдар судлаач мэргэжилтэн яагаад цөцгий, төмс болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд нарны түлэгдэлтийг эмчлэх хамгийн сайн туслагчид биш болох талаар дараах тайлбарыг өгч байна. Хүйтэн цөцгий зовиурыг тань багасгаж өгдөг мэт санагддаг. Юу нь муу, хортой байгаа юм бэ гэж та бодож байж магадгүй. Гэвч үнэндээ муу нөлөө үзүүлж болох талтай. Байгалийн органик зүйл бүхнийг хэрэглэх моод биднийг сонголтгүй үлдээхэд хүргэж байгаа юм. Ямар нэгэн юм болоход бид гар доорх зүйлүүдээр аргалахыг хичээдэг. Арьс түлэгдэхэд эмийн сангаас зориулалтын тос, бодис авахын оронд төмс, цай, сүү, наргил модны самрын тос гэх мэт зүйлээр эдгээхийг оролддог. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр ямар үр дагавар гарч болохыг ихэнх хүмүүс мэддэггүй. Харамсалтай нь муу үр дагавар бий. Нарны түлэгдэлтэнд тос огт түрхэж болохгүй. Наранцэцгийн, чидун жимсний (оливийн), наргил модны самрын тос гэх мэт тослог зүйл түрхэж болохгүй. Түлэгдсэн гадаргуу дээр түрхсэн тос нь агаар үл нэвтрүүлж, дуулааны солилцоонд саад учруулдаг нягт, “үл амьсгалагч” давхаргыг үүсгэдэг. Арьс хөрч, сэрүүцэхийн оронд эсрэгээрээ илүү их халдаг. Энэ нь байдлыг улам дордуулж, зөөлөн эдийн хавдар үүсгэж, гэмтсэн гадаргуугийн талбайг ихэсгэдэг. Түүнчлэн дараах зүйлийг санах хэрэгтэй. Дурын тос нь ариутгаагүй бодисын тоонд ордог. Тосонд төрөл бүрийн бичил биетэн, бактери, мөөгөнцөр агуулагдаж болох ба эдгээр нь шарх дахин халдвар авах шалтгаан болж өгдөг. Нарны түлэгдэлтийн үед цөцгий болон бусад хүчиллэг сүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болохгүй. Дээрх сүүн бүтээгдэхүүнүүд сүүний хүчил болон исэлтийн бүтээгдэхүүнүүд агуулдаг ба эдгээр нь гэмтсэн арьсанд хүрэхдээ урьдчилан таахын аргагүй химийн урвал өдөөж, хоёрдогч халдварын үндсийг тавьдаг. Учир юу вэ гэвэл түлэгдэлтийн үед арьсан дээр эмгэг бичил биетнүүд үржих таатай орчин бүрддэг. Бүх хүчиллэг сүүн бүтээгдэхүүнүүд (тараг, айраг, цөцгий гэх мэт) ариутгаагүй бодисын тоонд орох ба үйлдвэрийн зарим бүтээгдэхүүнүүд их хэмжээний хүнсний нэмэлт агуулдаг учраас арьсны байдлыг улам дордуулж болно. Түүхий ногоо эсвэл жимс, ургамлын эсвэл цайны ханд хэрэглэх нь арьсан дээр харшлын урвал үүсгэхэд хүргэдэг. Нарны түлэгдэлтийн үед арьсны дархлаа гэмтэж, арьсны рН-ийн түвшин өөрчлөгддөг. Ариутгаагүй хүнс эсвэл концентраттай уусмал арьсанд хүрэх үед харшлын дерматит үүсэх эрсдэл хэд дахин өсдөг. Наранд түлэгдсэн үед хамгийн гол зөвлөгөө бол гэмтсэн хэсгийн арьсыг хөргөх, сэрүүцүүлэх явдал юм. Хүйтэн шүршүүрт орж, түлэгдсэн хэсгийн арьсыг хүйтэн усны урсгалд бариарай. Гэмтсэн арьсыг хурдан сэрүүцүүлж, тайвшруулахын тулд хүйтэн цэвэр усаар жин тавих нь нэн тустай. Цэвэрхэн даавуу (марль буюу самбай даавуу байвал бүр сайн) аваад хүйтэн усаар норгоно. Даавуугаа бага зэргийн чийгтэй базаад түлэгдсэн хэсгийн арьсан дээрээ тавина. Гэмтсэн арьсыг үрж, жингээ чанга дарж болохгүй. Зүгээр л даавуугаа арьсан дээрээ тавихад л хангалттай. 5-10 минутын дараа даавуугаа аваад, 1 дээрх үйлдлийг дахин давтан хийнэ. Иймэрхүү байдлаар өдөрт 3-4 удаа, 1 удаадаа 5-10 минутын хугацаатайгаар 4-5 удаа жин тавина. Ийм жин тавих эмчилгээний үр нөлөө арьсыг тайвшруулах, цэвэрлэх, сэрүүцүүлэх үйлчилгээний үр дүнд илэрнэ. Гэрийн нөхцөлд жин тавих уг арга нь 1-р зэргийн гадаргуугийн түлэгдэлтэнд л сайн нөлөөтэй ба 2 ба 3-р зэргийн өргөн хүрээтэй түлэгдэлтийн үед болон цэврүү үсэрсэн тохиолдолд эсвэл хоёрдогч халдвар үүссэн нөхцөлд заавал эмчид хандаж, тохирох эмчилгээгээ сонгоорой

Leave a Reply

Your email address will not be published.