Categories
Чөлөөт

Мэргэжлийн залуус хотоо гоё болгоё гэхээр хаалттай, Б.Цэцэгт энэ боломж нь ногоон гэрлээр нээгдсэнийг тайлбарлана уу, ХОТЫН ДАРГА АА

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судлахаар болсныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн бөгөөд Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар Б.Цэцэг ажиллаж байгаа юм. Тэгвэл тус төслийн удирдагч Б.Цэцэгийн олон нийтэд өгсөн мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазарыг өнөөдрийн дотор уучлалт гуйж, тайлбар өгөхийг мэргэжлийн залуус шаардаад байна.

Тодруулбал, өчигдөр буюу Лхагва гарагт Zarig.mn сайтын “Хоёр тал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг ярихдаа “Тавдугаар сарын 26-нд Хотын дарга Д.Сумъяабазар намайг дуудаад, очиж уулзсан. Олон нийттэй хамааралтай холбоотой ажил юм болов уу гэсэн баримжаатай очиход санал болгосон зүйл нь таамгаас зөрсөн. Нийгмийн эрх ашгийг хүндэтгэсэн төсөл хөтөлбөр бөгөөд 2013 оноос хойш яригдаад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байгаа төсөл хөтөлбөр гэсэн. Тэгээд иргэний нийгмийн дуу хоолой болсон танд санал болгож байна гээд Туул, Сэлбэ гол орчмын төслийг судалж үзэх санал тавьсан. Би судалсны үндсэн дээр холбогдох хүмүүстэй нь уулзаад, төслийн гацалтыг яаж гаргах вэ зэрэг стратеги боловсруулж эхэлсэн. Иргэдийн оролцоотой хөдөлгөх үүднээс төслийн нэгж болгож хувиргаад, бие даасан байгууллага болгож байж энэ төсөл цааш явах юм байна гээд Засаг даргад хүсэлт тавьсан.

Мөн би хадгаламжийнхаа хугацааг цуцлуулаад хүмүүсийнхээ билетийг авсан, төрийг хараад нэмэргүй юм байна гээд… Хүмүүсээ ирэхээс гурав хоногийн өмнө билетээ худалдаж авсан. 10,728,400 төгрөгийг өөрийнхөө данснаас буюу хадгаламжаасаа гаргасан. Өөрийгөө магтуулах гээд байгаа юм биш. Үүний үр дүн нь сайн байсанд баярлаж байна” гэж ярьсан юм. Тэгвэл энэхүү яриатай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазарыг мэргэжлийн залуучуудын төлөөлөл уучлалт гуйхыг шаардлаа. “ХОТЫН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУДААС БОЛОН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ” Creative100 хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын холбооны төлөөлөл, Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зарим арга замын талаар урбанист Э.Золзаяа хэлэхдээ “Creative100 хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөнийг 2019 оноос хойш мэргэжлийн залуучууд санаачлан явуулж байгаа. Бид анх удаагаа дур гутсан лайв хийхэд хүрсэндээ хүлцэл өчье. Мэргэжлийн залуучуудын хувьд энэхүү яриаг бид “Доромжлол гэж хүлээн авч байна. Zarig.mn дээр гарсан лайвыг үзэхэд, сошиал инфлүүнсэр Б.Цэцэг нь хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийлээ.

Тухайлбал, тавдугаар сарын эхний долоо хоногт мэргэжлийн хот төлөвлөгч, мэргэжлийн инженер, мэргэжлийн тээврийн салбарын төлөөлөл, дизайнерууд, архитектуруудыг нэгтгэсэн Creative100 холбооноос хоттойгоо хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлье гээд Хотын даргын үүдийг сахиж сууж байгаад, мөргөж сөгдөх шахам хэд хэдэн удаагийн оролдлого хийж санал тавьсан юм. Гэтэл хэд хэдэн зураг үнэгүй хийгээд өгөөч гээд, болохгүй байгаа зүйлээ ярьж, хэлсэн. Бид Хотын даргад тодорхойгүй гудамжуудаа хэлээд өгвөл бид өөрсдийн хөрөнгөөр жишиг болгон тохижуулах санал хүртэл тавьсан.

Энэ үед яагаад Хотын дарга мэргэжлийн залуучууд хоттойгоо сайн дурын үндсэнд хамтарч ажиллая гэхэд хүлээж аваагүй мөртлөө тавдугаар сарын 26-нд Б.Цэцэг гэх хүнийг дуудаж, энэ том ажлыг өгч байгаа юм бэ. Мэргэжлийн залуус нь хотоо сайхан болгоё гэхээр үүд хаалга нь хаалттай, Б.Цэцэгт энэ боломжууд нь ногоон гэрлээр нээгдэж, энэ чухал төслийн зохицуулагч хүртэл болж байгаа вэ? Хотын дарга Д.Сумъяабазар Та ямар үндэслэлээр энэ хүнийг сонгож, энэ төслийг өгч байна вэ. Та ул суурьтайгаар, үндэслэлтэйгээр энэ асуултад иргэдэд арваннэгдүгээр сарын 10-ны дотор албан ёсны хариу тайлбар өгч, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, мэргэжлийн залуучуудаас болон Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйх ёстой. Яагаад гэвэл мэргэжлийн бус хүнийг энэ ажилд тавьсан нь Хотын даргад хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэж үзэж байна” хэмээн ярилаа. Иймээс уг асуудалтай холбоотойгоор Хотын даргыг тайлбар өгөхийг шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.