Categories
Чөлөөт

ИТЭВОН: Амины үнэтэй зурвас – Аав аа, намайг авраач

Аравдугаар сарын 29-ний шөнө Халлоуины баярт явсан охин нь аав руугаа “Аав аа, намайг авраач. Би хөлөө хугалчих шиг боллоо” гэсэн мессеж илгээжээ. Шөнө дунд ирсэн түгшүүрт мессежийг уншсан 62 настай аав нь такси барин, Итэвон руу хар хурдаараа давхисан байна. Тэр замдаа охинтойгоо ярьжээ. Түүний 20 гаруй настай охин утсаар ярихдаа “Би ухаан алдаад сэртэл эргэн тойронд байгаа бүх хүмүүс амьсгал хураасан байсан. Би маш их айж байна” гэж хэлжээ. Учир байдлыг лавшруулан асуусан боловч чимээ шуугиан, сүлжээнээс болоод утас нь тасарсан байна. Таксины жолооч, аав хоёр хамаг хурдаараа давхисан ч Итэвоны осолтой холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарласан байсан учир аав нь таксиг орхин, 1.5 км газар гүйж хүрчээ. Түүнийг очиход охин нь хэрэг болсон газрын ойролцоох цагдаагийн газарт байсан бөгөөд бие нь тун хүнд байдалтай угтсан аж. Цагдаа нараас тусламж гуйх гэсэн боловч тэд хаа сайгүй ухаангүй хэвтсэн маш олон хүнд тусалж байсан тул тэрбээр охиноо гар дээрээ өргөн, гудманд гарчээ. Замын хөдөлгөөний хязгаарлалтаас болоод такси барих амар байсангүй. Хажуугаар өнгөрөх машин бүрээс эмнэлэгт хүргэхийг гуйж байлаа. Азаар, тэдэнд 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр тусалж, Ёуидо дахь Гэгээн Мэригийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэжээ. Гэсэн ч тус эмнэлэг осолдсон өвчтөнөөр дүүрсэн учир охиныг авах боломжгүй гэдгээ хэлжээ. Ингээд аав, охин хоёрын гэрийн ойролцоо байх “Бунданг ЧА” эмнэлэг рүү явсан байна. Ингээд аавынхаа ачаар эмнэлэгт яаралтай хүргэгдэж чадсан 20 настай охин хүнд үеэ давж чадсан байна. Гэвч охин маш удаан даруулсны улмаас бөөр нь хүнд гэмтжээ. Мөн баруун хөл хугарч, гипсдүүлсэн бөгөөд цаашдаа алхаж чадахгүй байж ч магадгүй гэх оношийг эмч нар гэр бүлд нь дуулгасан байна. Гэхдээ тэд амь гарсандаа баяртай байгаа. Охиноо илааршиж буйг дуулсан аав олон нийтийн сүлжээнд эмнэлэгт хүргэж өгсөн залуу гэр бүлд талархаж буйгаа илэрхийлэн, уулзах хүсэлтэй байгаа тухайгаа бичжээ. Тус мэдэгдлийн дараа залуу гэр бүлийнхэн охины аавтай холбоо барьсан ч түүний өгөхийг хүссэн мөнгөн урамшууллыг авахаас татгалзан, охиндоо зориулахыг хүсжээ.

Leave a Reply

Your email address will not be published.