Categories
Чөлөөт

​А.Бурмаа: Коронавирусээс ч хүнд томуугийн халдвар хаалга тогшиж байна

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор А.Бурмаатай ярилцлаа. -Хүн амын дунд дэгдээд буй халдварт өвчний эмнэл зүйн онош юу вэ? -Одоо дэгдсэн вирус нь томуу төст вирус. Шинж тэмдгийн хувьд томуутай их төстэй байгаа тул томуу төст өвчин гэж ДЭМБ албан ёсоор зарласан. Томуу бидний хаалгыг тогшиход их ойрхон байна. Томуугийн шинж тэмдгүүд нь маш хурц бөгөөд коронавирусээс илүү хүнд вирус гэж хэлж болно.Томуу нь маш өндөр халуурах, хоолой өвдөх, булчин шархирч өвдөх, үе мөч өвтгөдөг. Дээрээс нь хүний архаг хуучийг сэдрээнэ. Тиймээс хүндрэх эрсдэл өндөр байдаг тул эндэх эрсдэлтэй. Коронавирус дуусаагүй байтал томуу төст өвчлөл давхар дэгдсэн.
-Эл халдвараар аль насны бүлэг илүү өртөж байна вэ? -Томуу, томуу төст өвчлөлийн 87.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнээс 60.3 хувийг нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. 5-9 насны хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон байна. Бусад насны бүлгийнхэнд томуу, томуу төст өвчлөл нь амьсгалын замын цочмог хүнд халдвар хэлбэрт хүртлээ хүндрэх нь харьцангуй бага байгаа. Ер нь бол 5-9 насны хүүхдийг амьсгалын замын халдварын гол дамжуулагч гэж үздэг. Томуу, томуу төст өвчлөл нь амьсгалын болоод бусад хавьтлын замаар халддаг тул хүүхдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс тайвширч болохгүй урьдчилан сэргийлэх шаардлагатай.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон түргэн тусламжийн дуудлага нэмэгдсэн үү? -Аймаг орон нутагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тасгийн 60.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар хэлбэрийн өвчилсөн байна. Харин Улаанбаатар хотод 71.6 хувь нь ийм шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу биеийн байдал нь хүнд, уушгины хатгалгаа ч юм уу тухайн хүүхэд эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай шинж тэмдэгтэй болсон байгаа юм. Мөн түргэн тусламжийн томуу, томуу төст өвчлөлийн дуудлага улсын хэмжээнд нийт дуудлагын 16.6 хувийг эзэлж байна. Өмнөх долоо хоногоос 5.7 хувь өссөн үзүүлэлт. -Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн хэчнээн хувь нь томуу төст халдвараар оношлогдож байна вэ? -Эмч нараас мэдээллүүдээ өдөр тутамд авч байна. Өнгөрсөн долоо хоног буюу аравдугаар сарын 10-18-ныг дуустал авсан бүрэн мэдээгээр амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 8.7 хувь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Эмнэлэгт хэвтэж буй 7000 гаруй хүний 14.6 хувь буюу 1000 орчим тохиолдол нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байна. Бид томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ хийдэг. Ингэхдээ түвшин түвшнээр нь ялгадаг юм. Хүндрэлийн хэмжээгээр томуу, томуу төст өвчлөл өнөөдрийн байдлаар идэвхжлийнхээ түвшинд явж байна гэж үзэж болно. Хоёр гурван аймаг л идэвхжлийн түвшиндээ ороогүй байгаа. Хэдийгээр халдвар нэмэгдсэн ч амьсгалын замын цочмог хүнд халдвар хэлбэрээр өвчилснөөс үүдсэн нас баралт бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог хүнд халдвар нь нийт өвчлөлийн 20.7 хувийг эзэлж байгаа бол орон нутгийн дундаж нь 10.9 хувьтай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр долоо хоногоор нэмэгдсэн байна. -Илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаан болж буй вируст бид шинжилгээ хийхэд энтеровирус, боковирус, риновирус гэж бүртгэгдсэн. Эдгээр вирус нь томуутай адилхан шинж тэмдгээр илэрдэг. Үүнд ханиалгах, халуурах, бөөлжих суулгах, толгой өвдөх, нусгайрах, амьсгалын дээд замаас доод зам хүртэл хүндрэх шинж тэмдэг илэрнэ. -Вакцинжуулалт хийж байгаа юу? -Томуугийн өвөрмөц сэргийлэлтийг эхлүүлж, вакцинжуулалтыг эхлүүлсэн. Үүнд тав хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насныхан, эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүд болон тэргүүн фронтод хүний амь бие эрүүл мэндийн төлөө тангараг өргөн ажилладаг алба хаагчдыг хамруулж байгаа. Бүх аймаг, дүүрэг, эрүүл мэндийн төвүүдээр идэвхтэй хамруулж байна. -Бидэнд хэчнээн тун бий вэ? -Өнөөдрийн байдлаар Засгийн газар 500 мянган дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулж байгаа. Дараагийн 45 мянган тун гурван цэнт вакциныг АНУ-аас үнэ төлбөргүй өгч байгаа. Тэр нь маргааш /2022.10.26/ Монголд ирнэ. Бид дөрвөн цэнтэй вакциныг анх удаа авч хэрэглэж байна. Энэ нь их өндөр үнэтэй байдаг. Гэхдээ гурван цэнтэй нь бараг адилхан үр дүнтэй. Вакцинд хамрагдсанаас 3-4 долоо хоногийн дотор дархлаа тогтдог. Цаашид тун нэмэгдвэл сайн дураараа вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг дархлаажуулаад явах төлөвлөгөөтэй байгаа. -Халдварын энэ үед иргэд юуг анхаарах шаардлагатай байна вэ? -Иргэд улирал солигдох энэ үеэр дулаан хувцаслах, хоол ундаа тааруулах, агаарт алхах, ковидын үеийн дэглэмээ баримталж, амны хаалт, гарын ариутгал, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй байна. Бага насны хүүхэд ихээр өвдөж байгаа учраас сувилгаа их шаардлагатай. Зургаа хүртэлх насны хүүхэд ээжээсээ авсан дархлаагаараа сэргийлдэг. ДЭМБ-ээс жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд дархлаанд хамрагдахыг анхааруулж байгаа. Ингэснээр хүүхэд эхээс авсан дархлаагаараа дархлаажих юм.
-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.