Categories
Чөлөөт

Ч.Уранхолбоо: Үл таних эрэгтэй машинд гар буу тулган, их хэмжээний мөнгө нэхсэн явдлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод өчигдөр 23:00 цагийн орчимд буу тулгаж, дээрэмдэхийг завдсан гэх мэдээлэл гараад байна. Уг мэдээлэл бодитой эсэхийг Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн “У”-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээллийн хүрээнд Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэв. Мөн уг асуудалд дуучин Ч.Уранхолбоо өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр “Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирж, их хэмжээний мөнгө нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон. Маш олон зүйл бичмээр байгаа ч Та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа. Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон. Муу бүхэн үүгээр дуусаг. Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид, бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори, пост дээрээ байршлаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай. Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ. Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.