Categories
Чөлөөт

ЭЭЖ ХАД шүтээн нь шүтсэн хүнийхээ 4-н үеийн гэм нүглийн шийтгэлийг төлдөг гэлцдэг. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ гээд шэйр түгээ

Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж аж төрдөг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн суугаараа насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэх домогтой ажээ. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ. Мөн ээждээ үргэлж өргөл барьж өргөдөг болжээ. Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэн гуйдаг болсон гэнэ. “Ээж хад минь эмтэрч байна” Саяхан гэр бүлийнхээ хамт Ээж хаданд очиж мөргөхөөр явлаа. Хотоос гараад ээж шүтээн рүү явах замд зүлэг ногооны үнэр ханхалсан цэвэр агаартай, зэлүүд тал нутагт яг л эрх дураараа, өөрийн хүссэнээрээ аялж зугаалж байгаа мэт сэтгэл хангалуун байсан юм. Гурван цаг орчим явсны эцэст Төв аймгийн нутагт орших “Ээж хад”-нд ирэв. Хөл хөдөлгөөн ч гэж их байлаа. Бараг тавь орчим машин шүтээний хашаанд яралзаж байв. Өнгөрсөн жил зуны энэ цагт ирж байсан юм. Нэг очсон хүн алгасалгүй гурван жил очдог гэхээр нь дахин ирж байгаа минь энэ.

Дараа жил ч ирэх төлөвлөгөөтэй байгаа. Анх ирэхэд одоогийнх шиг ийм олон хүнтэй лав байгаагүй юм даг. Их л сайндаа арав хүрэхгүй машин байдаг байсан. Харин энэ жил хүмүүс “Ээж хад”-ыг ихээр шүтэх болсон нь илт анзаарагдлаа. Нэг машинд дунджаар 4-5 хүн суудаг гэж тооцоолбол лав 300-аад хүн байсан биз ээ. Бид шүтээнийхээ хашаагаар ороод машинууд зогссон газар очих гэтэл цагдаа ч юм уу, хэн ч юм нэг нь шүгэлдэж гарлаа. Нэг нь л тоглож байгаа юм байлгүй гээд явсаар нэг газар машинаа зогсоож, шүтээндээ өргөх хадаг, идээгээ аваад буутал урдаас нутгийн хүн бололтой энгийн хувцастай нэг залуу ирээд машинаас 1000 төгрөг, хүн тус бүрээс зуу зуун төгрөг нэхэв. Би ч гайхаж ямар учраас авч байгааг тодруулахад “орон нутгийн хураамж байтаа юм аа, мөн бид энэ газрыг чинь хардаг, сахидаг, цэвэрлэдэг учраас” гэж тайлбарлалаа.

Өнгөрсөн жил хураадаггүй байсан биз дээ гэхэд “энэ жилээс хурааж эхэлж байгаа юм” гэлээ. Гэрийнхэн маань шүтээн дээрээ ирчихээд хоёр гуравхан мянган төгрөгнөөс болоод хүнтэй ам зөрөөд яахав гээд нэхсэн мөнгийг нь өгөөд Ээж хадныхаа зүг алхлаа. Замд хорхог, чанасан мах, хуушуур зарж байгаа гэр цөөнгүй байв. Хүмүүс ч их үйлчлүүлдэг бололтой. Зөрөх хүмүүсийн дунд согтуу хөлчүү хүн мэр сэр харагдаж байв. Ээж хайрхан дээрээ архи үнэртүүлж ир-чихээд ямар нүүрээрээ мөргөж, шүтнэ гэж бодоо юм бол. Ёстой бүү мэд.Ингээд дугуй ханаар хүрээлүүлсэн Ээж хадны дэргэд ирж, идээ будаа, хадаг, өргөл барьцаа тус бүртээ авч дугуй хана өөд будаа цацан нар зөв гуравтаа тойрлоо. Хүмүүс гадна дотно ялгаагүй “пиг” байв. Дараагаар нь дотогш орж Ээж хадандаа бэлдсэн сархад, сүү, амттангаа шүтээ-нийхээ өмнө байрлах ширээ дүүрэн зүйлийн завсар зайгаар нь шингээн Ээж хадандаа зориулан өргөв. Гэтэл шүтээнийхээ өмнө тавьсан сүүнд томоос том ялаа нисээд орчихлоо. Цааш идээ рүүгээ хартал хүмүүсийн Ээж хадандаа зориулсан идээ, чихэр боовон дээр нөгөө том ялаа сүргээрээ гэмээр “шавсан” харагдана.

Анх хараад бид цочирдсон ч энэ талаар ярих, хэлэх хүн ойр орчимд маань лав байсангүй. Ямар ялааг идээн дээрээ цохиод алчихалтай нь биш, хэдэн хором үргээхээс өөр зүйлийг хийж чадсангүй. Үүний дараа бид хүж, арц уугуулж, цайны идээг ээждээ өргөж, зул асаан сайн сайхны төлөө залбирцгаалаа. Хүмүүс эв эеээ ололцон ээлж дарааллаараа зан үйлийг нь гүйцэтгэж байв. Хамгийн гол зүйл болох Ээж хадандаа хүслээ шивнэхээр урт цуваа үүсгэн дугаарласан байсан юм. Хүслээ шивнэхдээ эмэгтэй хүн бол зүүн чихэнд нь, харин эрэгтэй нь баруун чихэнд нь шивнэх ёстой. Аав бид хоёр баруун чихэнд дугаарлаж, ээж, эгч нар маань зүүн чихэнд нь дугаарлалаа. Эрэгтэйчүүдээ бодвол эмэгтэйчүүдийн дугаарлалт хамаагүй урт цуваа үүсгэсэн байв.

Би ч нэг их удалгүй шүтээндээ хадгаа барьж, хүслээ шивнэчихлээ. Миний араас аав ч гэсэн хүслээ шивнээд авлаа. Харин ээж, эгч нар ч мөдгүй бололтой. Аав тэднийг хүлээж байх зуур би дараагийн зан үйлийг нь гүйцэлдүүлэхээр мөнгө арвижуулдаг хад руу очлоо. Энэ хаданд мөнгө үрж, үрсэн мөнгөө хадгалах хэрэгтэй. Хаднаас жижиг хэсгийг эмтэлж аваад хадгалах юм бол бүр ч сайн гэлцдэг. Би ч зуун төгрөгөө урагдах шахуу үрж, хаднаас жижигхэн хэсгийг эмтлээд үрсэн мөнгөндөө ороогоод халааслалаа. Дараа нь өвчин эмгэгээс салгадаг хад руу очиж бөөр, ходоод хэсгээрээ хэвтлээ. Эдгээр зан үйлийг гүйцэтгэхээр сэтгэл цаанаасаа нэг л сайхан болж байгаа юм шиг санагдаж, шивнэсэн хүсэл маань биелчихсэн ч юм шиг, үрсэн мөнгө маань арвижчихсан ч юм шиг, ходоод бөөр маань эдгэчихсэн ч юм шиг санагдлаа.

Зан үйлээ хийж дуусаад гэрийнхнээ хүлээх зуураа зарим зүйлийг бодон сэтгэл эмзэглэж суув. Хүмүүсийн ингэтлээ шүтэж байгаа газарт зарим хүмүүс хэт соёлгүй, бүдүүлэг хандаж байгаад сэтгэл үнэхээр дундуур байлаа. Ээж хадыг харж хандан, ойр орчмыг нь цэвэрлэсэн ч зүйлгүй байж ирэх машин, хүн бүрээс мөнгө хурааж байгаа нь яавч тохиромжгүй гэдгийг идээ, амттан дээр шавсан ялаа бэлээхэн илтгэж байгаа биз ээ. Мөн дээр нь ирсэн хүмүүс өөрсдөө ойр орчимдоо бие засдаг нь шүтээн орчмын байгалийг бохирдуулж байгаа нь Ээж хадыг шүтэх гэж ирээ юу, доромжлох гэж ирээ юу гэмээр. Үүнийг Нь хориглох, хянах хүн ч байхгүй.

Хэрэв та ч гэсэн очвол хүнээсээ илүүтэйгээр томоос том ялаагаар дүүрсэн Ээж хадаа хараад сэтгэл чинь үнэхээр өвдөнө. Шүтээн дээр очиход зарим үед ертөнцийн хоёр туйл дээр ирсэн мэт сэтгэгдэл “төрж байсныг нуух юун. Буянтай буурлууд торго, дурдан дээлээ өмсчихсөн, сүүгээ өргөөд, залбираад л. Гэтэл зарим залуучууд архидан согтуурч, хэрүүл уруулыг үүсгэн, хаа дуртай газраа соёлгүй үйлдэл гаргах нь хэний ч дургүйг хүргэмээр. Ер нь очсон хүн бүрт сайн муу олон зүйл бодогдоно байх. Миний хувьд сэтгэл дундуур аялал болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн тухайд үнэхээр сэтгэл өөдрөг явж ирсэн. Энэ жил ч тэр сэтгэлээрээ хүслээ барьж ядан, очих газраа тэгтлээ их хүлээсэн сэтгэлийг минь энэ удаад унтраах шиг л боллоо. Дараа жил ирэхэд минь дахиад битгий ийм байгаасай. Мөнх хайрхон Ээж хадны ивээлээр есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай. П.Энхжаргал 2010. 07. 08

Leave a Reply

Your email address will not be published.