Categories
Чөлөөт

Л.Наранбаатар: Дансандаа 81 мянган төгрөгтэй үйлдвэр хүлээн авсан. Одоо манай дансанд 16 тэрбум төгрөг байна

Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцсан ярилцлагаа ikon.mn нийтэлжээ. -Дотоод зах зээлд цементийн үнэ өссөн үед төр хувьд шилжээд ашиг орлого нь тасарсан цементийн ганц үйлдвэрээ мэдэлдээ авсан, дагаад хүчтэй эсэргүүцэл өрнөсөн ийм цаг үед та Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК- ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Анх ямар байдалтай үйлдвэр хүлээж авав, одоо ямар хэмжээнд ажиллаж байгаа вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгнө үү? -Манай менежментийн баг үйлдвэрийн удирдлагыг гуравдугаар сарын 25-нд хүлээж авсан. Бид ажлаа аваад үйлдвэрийн менежментийг сайжруулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр ажилласан. Биднийг ажлаа авахад манай үйлдвэрийн 765 ажилчдын 70 гаруй хувь нь гар дээрээ 500-700 мянган төгрөг бэлнээр авдаг, ийм тогтсон цалинтай ажиллаж байсан. Энэ бол хүнд үйлдвэр, хүнд үйлдвэр өөрөө мэргэшсэн ажилчдын нуруун дээр тогтдог нэгж. Судалгаа хийгээд үзэхэд 2015 онд үйлдвэр хувьд шилжихээс өмнө ажилчдын цалин улсын дунджаас 18 хувиар өндөр байсан юм билээ. Түүнээс хойш цалин огт нэмээгүй байж байгаад 2019 онд нэг удаа 20 хувиар нэмсэн байдаг. Гэсэн ч цалин улсын дунджаас доош орчихсон, 2021 оны байдлаар 10 хувь доогуур орсон байсан. Өөр нэг гайхшируулсан, санаа зовоосон асуудал бол манай ажилчдын 460 гаруй нь банканд зээлтэй. Бусад банкууд 1-ээс 1.3 хувийн хүүтэй зээл олгож байхад манай ажилчид ердөө ганцхан Худалдаа хөгжлийн банкнаас л зээл авдаг. Ингэхдээ 1.7 хувийн өндөр хүү төлдөг ийм байдалд орсон байсан. Тиймээс юуны өмнө цалин нэмэх ёстой гэж үзээд 20 хувиар нэмсэн. Дөрөвдүгээр сарын эхээр банкны зээлийн монополчлолыг задлахын тулд Хөтөлд үйл ажиллагаа явуулдаг Төрийн банк, ХААН, ХАС зэрэг банкны удирдлагуудтай уулзалт хийж, ажилчдынхаа зээлийг ХХБ-ны өндөр хувийн хүүнээс чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Үйлдвэр цементийн орлогоо танай банканд байршуулна. Харин та нар манай ажилчдыг зээлийн хүүг бууруулж, 1.1 хувьд хүргэж өгнө үү. Аль банк илүү их зээл татна, тэр банканд манайх орлогоо арай илүү байршуулна гэдгээ ч тохирсон. Ингээд банкны төлөөлөгчдийг үйлдвэр дээрээ уриад, ажилчдынхаа зээлийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж чадсан. Манай 460 хүний нэг нь дунджаар 10 гаруй сая төгрөгийн зээлтэй байсан. Зээлийн хүүг бууруулснаар жилдээ 700 мянгаас нэг сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм. Энэ бол амьдардаг орон сууцныхаа дулаан, ашиглалтын зардлыг төлөх хэмжээний мөнгө. Ажилчдынхаа цалинг хавар 20 хувиар нэмсэн ч байдал сайжраагүй учраас ахиад зургаадугаар сарын 1-нээс багадаа 40 хувиар нэмсэн. Аль болохоор улсын дундаж цалинд хурдан хүргэхийг зорьж байна. Анх ажлаа хүлээж авахад нөхцөл байдал их хүнд байсан. Наранбаатар үйлдвэрийг зогсоочихлоо гэх мэтээр намайг хэвлэл мэдээллээр их ч нүдсэн. Аргагүй шүү дээ, төр өмчөө эргүүлж аваад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүү хаана доголдоод байна вэ гэдэг баримттай, тов тодорхой танилцах гээд байсан учраас хувьчилж авсан тал их эмзэглэсэн байх. Ажлаа аваад ажилчдынхаа цалинг тавих гэсэн чинь дансанд мөнгө байгаагүй. Би ердөө 81 мянган төгрөгтэй үйлдвэр хүлээж авсан. Энэ үйлдвэр үнэхээр мөнгөгүй байсан уу гэтэл үгүй. Уг нь төр үйлдвэрээ өөрийн мэдэлдээ хүлээн авч байх явцад үйлдвэрийн дансанд цементийн орлого болох 4.2 тэрбум төгрөг байсан юм билээ. Гэтэл яг төрд шилжихийн өмнөх өдөр хагасыг нь, төрд шилжсэн өдөр үлдсэнийг татаад ердөө 81 мянган төгрөг үлдээсэн байсан. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дар

Leave a Reply

Your email address will not be published.