Categories
Чөлөөт

Алтан овоондоо хийморь лундаагаа даатгая. Хурай хурай хурай

АЛТАН ОВООНЫ ДОМОГ ХУУЧААС: Дарьганга нь өвс бэлчээр, ус ургамал тэгширсэн, үржил шимт хөрстэй, уудам тал хөндий, уул толгод хосолсон үзэсгэлэнтэй сайхан нутаг [5, т.98] бөгөөд энэ нэрийг сонссон хэний ч сэтгэлд Алтан овоо, Онгон Молцог элс, Ганга нуур, хунгийн чуулал, Торой бандийн тухай домог, адуун сүрэг, ноён хатан хөргүүд, ур хийц гайхам мөнгөн эдлэл гээд олон зүйл буух ба энэ бүгдтэй холбоотой түүх баримт, домог яриа бүгдийг өгүүлж баршгүй. Энэ нутагтаа хамгийн эрхэм хүндтэй төдийгүй Дорнод Монголын тахилгат газруудаас хамгийн алдартай нь Дарьгангын Алтан овоо юм. Дарьгангын Алтан овоо, түүний сан тахилгын судрын талаар доктор О.Сүхбаатарын “Монголын тахилгат уул усны судар”-т нилээд дэлгэрэнгүй буй. Энд дурдсан том бүтээлтэй утга давхцуулахгүйг хичээн, энэхүү сэдвээр бусад судлаачдын бүтээл дэх тэмдэглэл сэлт хийгээд нутгийн зарим настан буурлын аман хуучаас нэмэн эхийг зорилоо. Дарьгангын сүргийг байгуулсны дараа тахих овоо анх тогтоох үед нутгийн эрх баригчид Их булгийн зүүн хойно Давхар энгэрийн ард байдаг Дашлүнг харин ардууд Дарь овоог тахина гэж маргалдахад ноёд гар тутмаас тодорхой тооны хуяг эр, азарга албадан гаргуулж Давхар энгэрээс чулуу зөөлгөж, Дашлүн дээр овоо босгуулж эхлэхэд нутгийн шударга эр Жамъян, Магсар нар ард олныг тухирч зарга тэмцэл үүсгэн Гусай амбанд (gusai amban-Хошуу сайд) заалджээ. Тэд Дарь овоог байхад Дашлүнг тахина гэж Давхар энгэрийн чулууг зөөлгөж, дээдсийн сүргээс 70 гүү сувайруулан, албаны олон эрчүүдийг чирэгдүүлэн, ар гэрийг нь зовоож байгааг илчилсэн тул заргаа авч, Дарь овоо нутгийнхны жил тутмын тахилгатай болж “Дарь Алтан овоо” гэж алдаршсан ажээ [1, т.12]. Ингээд энэхүү овоог жил бүрийн хаврын эхэн ба зун хоёр удаа тахидаг болж … мөн зарлигаар Орлой Мэргэн хутагтыг дарьгангачуудын шүтэж явах лам болгосон ба тэрээр Дарь овооны жилийн хоёр тахилгыг удирддаг байв [1, т.11]. Ламын гэгээн буюу Орлой Мэргэн хутагт өөрийн шавь нарынхаа хамт тусгай жууз тэргээр морилон ирж тахидаг байсан гэнэ. Мэргэн гэгээн ёс дэгийг хийж тахилгын ном уншдаг, хошуу ноён даллагыг барьдаг нарийн ёс горимтой байжээ [2, т.165]. Сүрэг байгуулагдахын өмнө Дарьгангыг хүн амьтан суудаггүй эзгүй нутаг байсан гэдэг ч зарим хүмүүсийн [7. Чимэдцэрэн, 54 нас] хэлж буйгаар захын Хар өндөр нь Сэцэн хан аймгийн өмнөд хилийн овооны нэг бөгөөд нутгийн айлууд хилийн овооны дагуу нүүж, гэрийнхээ буйраар хил хязгаараа тэмдэглэсээр ирсэн ажээ. “Дарь овоог байхад Дашлүнг тахина гэж” хэмээн гарч буйгаас үзвэл Алтан овоо нь бүх нийтийг хамарсан том тахилгатай биш ч нутгийнхан өмнө нь тахиж байсан гэж үзэж болохоор байна.
“Дарь овоо” гэсэн нэрийн тухайд Л.Жамсран, О.Сүхбаатар, В.А.Казакевич, О.Намнандорж г.м. эрдэмтэд, судлаачид өөр өөрийн саналыг хэлсэн байдаг. Дарь овоо, Ганга нуурын тухай “Дарь овоо нь Ганга нуур хатантай, Хонгор, Молцог хоёр хүүтэй, Баяндулаан, Лүн хайрхан түшмэлтэй гэх мэтээр ойр орчмын уул усыг садан төрөл, бараа бологчид нь хэмээн дүрсэлсэн аман яриа, домог элбэг бий. Дарь овоог Алтан овоо хэмээдэг нь шүтээн овоогоо эрхэмлэж дээдлэн хамгийн үнэт эрдэнэ алттай зүйрлэсэнтэй, мөн уул овоог нэрээр нь дууддаггүй цээр хүндлэлтэй холбоотой бололтой.
Зарим мэдээгээр “Алтан овооны ганжир байж хэдэн зууны нар салхинд бат чанга зогссон нэгэн модыг Отгонтэнгэр уулын өглөөн нар урьтаж тусах сарьдгаас” [4, т.79] газарт огт хүргэлгүй залж авчирсан ажээ. Энэ ганжир нь Алтан овооны оройд хүрмэн чулуугаар шатлан өрж босгосон Батцагаан суваргынхаа оройд эргэн тойрон бургас модоор хүрээлсэн хүрээн дотор байрлаж, нарны туяанд хол газраас гялалзан харагддаг байжээ. Мөн Батцагааны дэргэдээс харахад хавь ойрын 30-80 км орчмын газар Лүн хайрхан, Нарт, Дөш, Шилийн богд, Баяндулаан уулын орой тодхон үзэгддэг байжээ [2, т.161].
Батцагааныг босгохдоо дотор нь янз бүрийн ном судар, есөн эрдэнэ, идээ будааны зүйл, [7.Цэрэнжав, 81 нас], хадаг, цай [7. Р.Цэгмид, 80 нас] хийж босгосон бөгөөд 1945 онд цэргүүд Батцагааныг ухахад дээрх зүйлс гарчээ. Батцагааны гадаад байдлыг 1927 онд Дарьганга нутгаар аялсан Оросын угсаатан судлаач, хэл шинжээч В.А.Казакевич “Поездка в Даригангу” бүтээлдээ “ … Дараа өдрийн өглөө (1927 оны 9-р сарын 7) би хошууны гол шүтээн Алтан овоо уулыг (Дарь-Овоо) үзэхээр боллоо. Энэ нь Дарьгангад байдаг бусад олон сөнөсөн галт уулын нэгэн адил тогоо нь баруун хойд талаасаа бараг хормой хүртлээ цөмөрсөн уул юм… Хүрмэн чулуугаар оройд нь асар том “овоо” босгосон бөгөөд уулын хормойгоос түүн рүү нарийн жим хөтөлж аваачна. Овоо үелж шаталсан суварга хэлбэрийн гурван давхраатайгаас хамгийн доод суурийн диаметр 6 метр, нэгдүгээр давхрын өндөр нь 3 метр, 2, 3-р давхар нь тус бүр нэг нэг метр өндөртэй. Хамгийн дээд талд араг хөмөрч түүнд илд сум зэргийг хатгажээ… Өмнө зүгт хэдэн алхмын зайтай 2м өндөртэй алтадсан ганжир бүхий багана байна. Овооны зэргэлдээ тахилгад зориулсан хоёр модон ширээ байна. Энэ байгууламжийг хүрмэн чулууг хооронд нь шавж босгосон ба цагийн аясаар шаваас нь хаа сайгүй нуржээ. Овоо их холоос харагддаг бөгөөд би урд өмнө аялахдаа ийм аварга том байгууламжийг хэзээ ч харж байсангүй… “ [3, т.58] хэмээн нилээд дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг.
Дарь Алтан Овооны эзэн сахиусыг дүрсэлсэн дүрслэл, холбогдох домог яриа элбэг байдаг. Аливаа тахилгат газар усны эзэн сахиусны хөргийг бүтээх, сан тахилгын судрыг зохиохдоо эхлээд уг газраа шинждэг. Орлой Мэргэн хутагт “Овооны эзэн нь цагаан морьтой эрэлхэг дайчин, цэргийн ноён байх ёстой” хэмээсэн ард олны саналыг үндэслэхийн зэрэгцээгээр Төвдөөс Дармаприя хэмээх ламыг залан авчирч, газар усыг шинжүүлэн овооны тахилгын судрыг зохиож, хөргийг бүтээсэн байна [7. Р.Цэгмид, 80 настай]. Иймээс овооны эзэн нь цагаан морьтой эрэлхэг дайчин, цэргийн ноён хэмээн дүрслэгддэг. Тухайлбал: “Газар баригч Дарьганга орны эзэн, буяны садан нөхөр сэлтийн илт онол, заллага, хангал, наманчлал, хувь бүрдсэний залбирал тахилга оршвой” сударт “ … бөмбөгөр цагаан болор уул адил дээд морь, цагаан үүлэн жигүүртнийг тэнгэрийн их эрдэнийн эмээл хазаар тэргүүтэн чимгээр бүтээж дээр нь цагаан болор урт илдний хурц ир нь машид бадраад түүнээс нь гэрэл цацран дайсан тотгод, хортон хамгийг тас хяргаад сэтгэлд санасан үйлс хэрэг нь бүгдийг эрхшээн хурааж, урт илднээ шингээн огоот болсноос дээд тэнгэр гурван сансрын эзэн Махаадевагийн лагшингийн өнгө Кайлаасын ууланд нарны буман гэрэл эвцэлдэх мэтээр үзэсгэлэнт гэрлийг машид бадруулсан нэгэн нигуур, хоёр мудартай, баруунаа цагаан болор урт илдийг огторгуйн төвд барьж шашны дайсныг үндсээр нь тасалж, зүүн мутартаа эрдэнийн тэвш таалан барьж, шашныг баригч хөвгүүн мэт тэтгээд, есөн зүйлийн хур буулгагч тэргүүндээ Кашига хийгээд торгон, титэм чимгэн, биедээ бурхны хувцас навс хөдөрч, ханцуйтан ямагт залбирч үзэсгэлэнд нь омогшин, хилэн маш бадарсан гурван мэлмийгээр ажаархан шуламсын омгийг хэмхчин таслаад хоёр өлмийдөө ялгуусан цэнгэлдэхийн байдлаар оршоосон авай. Түүний зүүн этгээдэд нь Мамаас гарсан хатан эрдэнийн титэмтэй агаад биеийн өнгө цагаан саруул, нэгэн нигуур, хоёр мутартай, эрдэнийн тэвшийг ихэд дүүргэн барьсан энэ хоёрын эргэн тойронд хөвгүүн түшмэл, цэрэг цуух, ноёныг татаж, дөрвөн аймаг цэргийн ноён тэргүүтэн, баригч эхийн эх орныг огоот дүүргэн, амарлингуй догшин байдалт дүрээр үл мэдэх бараадсан мэргэн нөхдийн чуулганаар хүрээлүүлж… “ [6, т.125-р] хэмээжээ. Товчилбоос, Алтан овооны эзэн нь цагаан хүлэг морь унасан, биедээ бурхны навс хөдөрсөн, нэгэн нүүр, хоёр мутартай, гурван мэлмийтэй, баруун мутартаа цагаан болор илд, зүүн мутартаа эрдэнийн тэвш барьсан баатар бөгөөд хатан, хөвгүүн, түшмэл, цэрэг, ноён бараа бологчдоор хүрээлүүлсэн хэмээн дүрсэлдэг ажээ.
Алтан Овооны хөргийг Овооны сүмд байрлуулан тахихаас гадна нутгийн айлууд ч овооны хөргийг хоймортоо залан тахисаар иржээ. Зээрднүүд овогт Р.Цэгмид (80 настай) гуай: – “… Одоо хүртэл айлууд Овооны эзний хөргийг нандигнан хадгалж тахиж явдаг. Нэг айлд нэг сайхан хөрөг байхыг би үзсэн. Урт хуйлж хадгаар ороосон зүйл гаргаж ирээд задлахад бөөрөнхий модыг голоор нь цуулж, голыг нь ухаж аваад хөргөө хуйлан түүндээ хадгалсан, нугалаас ч ороогүй хөрөг байна билээ. Тэр айлынхан: – Овооны хөргийг хамаагүй хүнд үзүүлэхээр гарлага гарах гээд байдаг юм. Танд л үзүүлж байна гэсэн. Манай хөгшин эцгийн ах Поожин гавж гэж байсан. Тэр хүн баригдаад явахдаа хүүхдэдээ өгсөн бололтой юм. Манайд жижиг хөрөг бий. Овооны хөрөг лам хүн биш хар хүн… “ хэмээн хуучилсан ба тэднийд буй хөргийг үзэхэд ойролцоогоор 10х13 см хэмжээтэй бурхны шашны хөрөг дүрслэлийн аргаар зурсан хөрөг байв. Мөн Зүүн гар адуучны баячуул дээдчүүлийн нэг болох Лувсаншарав маарамбынд овооны хөрөг бүрэн бүтнээрээ байдгийг Цэгмид гуайн ярианаас олж сонссон юм. Овооны эзэн цагаан морьтой баатар эрийн дүрээс илүү түгээмлээр цагаан хүлэг морины дүрээр нутгийн хүн ардад ивээлээ үзүүлдэг гэж олон домог хуучид өгүүлдэг. Алтан овооны тухай домгоос нилээдийг Дарьганга нутгаас төрсөн бичгийн хүн Г. Мэнд-Ооёогийн “Алтан овоо” романаас үзэж болно. Эдгээрийн заримаас дурдвал:… Аавын хуучаас: Алтан овооны хүлэг гэж сэтэртэй цагаан морь байсан юм. Хазаар, хөмөлдрөг хударгатай, их дэлтэй, хадаг яндар болсон цагаан морь овоо тахилгын үеэр явж, бус цагт Ганга, Дуутаар ундаалан, жасын адуунд бэлчээрлэнэ. Тахилгын үеэр их номхон, хүн болгон л хөлсийг нь гараараа илж, магнайдаа хүргэнэ. Бусад цагт онгон эмнэгээрээ явна шүү. Сүм хурал тарахын үеэр л сүүлдээ үзэгдэхгүй болсон гэдэг юм. Нутгийн олны ярилцах нь: Дөчин таван оны чөлөөлөх дайнд Дарьгангыг дайрч цэрэг өнгөрөх үеэр Дуутад нэг их сайхан, тарган, цагаан морь ус уугаад гарч байсан нь харагдсан, тэгээд яасныг мэдэхгүй. Дайнаас цэргүүд буцаж ирсэн өдөр нуруу туруугүй, туранхай цагаан морь Дуутын усанд орж байгаа харагдсан, тэгээд яасныг мэдэхгүй. Алтан-Овоо ард олноо дагаж яваад л эргээд ирсэн нь тэр юм болов уу. Аавын хуучаас: Манай нутгийн Даржаа хэмээх цэрэг Жэхэ хотын ойролцоох хээрийн эмнэлэгт байхад нь би уулзсан сан. Тэр надад дараах зүйлийг ярьсан юм. Дайсны гүнд тагнуул хийж яваад … шархдан ухаан алдан унажээ. Нэг сэргэсэн чинь усан манан татчихсан байж гэнэ … Тураг ядрахаараа уулаа гэж үг бий. Алтан-Овоогоо л бодож, залбирч хэвтсэн юм байна. Тэгтэл төвүүн төдхөн судаг дагаад нэгэн цагаан морь айсуй гэнэ шүү. Хамаг хүчээ шавхан тэрхүү моринд мордсоноо санаж байна, харин дараа нь юу болсныг санагүй байна. Нэг л мэдсэн энэ орон дээр хэвтэж байсан. Алтан-Овоо минь л ирж аварсан юм даа гэж тэр цэрэг ярьсан юмсан… [4, т.76-77] Доктор Л.Жамсран гуай: “Баруун Зууд явсан Дарьганга нутгийн нэг бадарчин аян замдаа төөрөөд, ядарч, турж туйлдаж үхэхийн даваан дээр үхэдхийн унаад хэвтэж байтал хэн нэгэн сэрээж чи энд хэвтээд яах вэ бос. Баруухан талд чинь худаг байна, бас идэх юм ч бэлдсэн байгаа гэжээ. Тэр бадарчин арай гэж босоод баруун зүг явахад үнэхээр худаг дайралдаж, хажууд нь нэг үхсэн адуу хэвтэж байж. Ингэж тэр бадарчин өлсөж, ундаасаж үхэх аюулаас аврагджээ. Энэ нь Алтан овоо ивээснийх ажээ” хэмээсэн бас нэгэн домог ярьсан юм.
Дарьгангачуудын дунд өргөн яригддаг, судлаачид ч зохиол бүтээлдээ дурддаг нэгэн домгийн арай дэлгэрэнгүй хувилбарыг В.А.Казакевич тэмдэглэжээ: “Төвдийн (Баруун зууд) хийдэд шавилан сууж асан Дарьгангын лам хурлын үеэр цай түгээж байгаад домботой цайгаа тэр чигт нь асгачихжээ. Тэгэхэд гэсгүй уг ламыг бэрээдэх (хэд бэрээдэхэд л тэр лам үхэх байлаа) гэтэл бэрээ өргөсөн гар нь хүндэрч, уншиж буй номоо давтсан чигтээ хөшчихжээ. Хэд хоног нөгөө гэсгүй ухаан нь элий балай байсны эцэст нэг өдөр Дарьгангын ламыг дуудан: – Чи ямар ид шид, эм тангийн хүчээр алахыг минь болиулав? Үүнийг энд өршөөдөггүй гэдгийг чи мэдэхгүй юу? гэхэд Дарьгангын лам:
– Би юу ч хэрэглээгүй, би тийм зүйл үнэхээр мэдэхгүй хэмээхэд гэсгүй: – Би дээрээс чинь бэрээгээ буулгахаар завдах тэр агшинд гэнэт цагаан морь унасан сүр хүч төгөлдөр нэгэн эр гарч ирж жадаа суга руу тулгаад би айсандаа хөдөлж чадаагүй хэмээжээ. Тэгэхэд лам: – Би бэрээ буух тэр агшинд айхдаа нутгийн шүтдэг овоогоо дуудсан юм. Энэ овоо маань цагаан морь унасан ивээгч эзэнтэй билээ хэмээжээ…” [3, т.60] В.А.Казакевич мөн: “…Жавзандамба хутагтын хувилгаан Төвдөөс Монголд залрах гэхэд Төвдийн уулс тэрхүү өндөр үнэ хүндтэй хувилгаанаа явуулахгүй хэмээн эсэргүүцжээ. Монголын уулс Төвдийн уулстай дайтаж хүч мөхөстөх үед Дарь овоо тодрон гарч урагш давшин Төвдийн уулсыг ялснаар Богд гэгээн Монголд заларчээ” гэсэн нэг домгийг тэмдэглэжээ. [3, т.59].
Нутгийнхны ярьдаг нэг сонирхолтой хууч гэвэл овооны орчинд үзэгддэг могойн тухай яриа. Дарьгангад цэргийн алба хаасан нутгийн нэг өвгөний яриагаар: -Алтан овооны Батцагаан суваргыг нураахад хадаг, цай мөн ч их гарсан даа. Хамгийн сүүлд нэг төмөр хайрцгийг өргөтөл дороос нь их том могой гарч ирээд Батцагааны балгасны доод хүрээгээр нэг тойрчхоод буцаад орчихсон. Цэргүүд ч айгаад төмөр хайрцгийг яг тэнд нь буцааж тавиад булчихсан… “ [4, т.126-127] байна. В.А.Казакевич “…Хошууны захиргааны дэргэдэх сүмд (Овоон сүм бололтой) засвар хийгээд одоогоор эзгүй байна. Энд нэг том, нэг жижиг сүм, саяхан шатсан өөр нэг жижиг сүм байна. Зуны улиралд энд 200 лам суудаг. Сонирхолтой нь сүмийн бүх хана туурга, өнцөг булан бүрт итгэмээргүй олон могой явах ба хүн үргээж цочоохгүй л бол эдгээр могой хэнийг ч яах ч үгүй. Могойг энд “урт хайрхан” гэж хүндэтгэн дуудах ажээ… “ [3, т.46-47] гэж бичжээ.
Алтан овооны тахилгыг эрт үедээ хэрхэн явуулж байсан талаар мэдээ баримт хомс, харин нилээд хожим буюу 1923 оны тахилгыг нүдээр үзсэн А.Эрэнчингийн дуртгалыг доктор Л.Жамсран тэмдэглэсэн байна. Үүнд:“ …Дарьгангын сүргийнхний дээдлэн шүтдэг Дарь Алтан овооны 1923 оны намрын тахилга 9-р сарын 12-нд болоход нийслэл Хүрээнээс хонин сүргийн гарын тэргүүн, Ерөнхийлөн Захирах Яамны дэс түшмэл улсад туслагч гүн Магсаржав Богд хааны зарлигийг хүргэж очсон… Сүргийн да тус бүр тахилгат идээ цонхор (тахилгын шүүс), шан бай авч очдог. Дарьгангын сүм хийдийн лам нар Овоон сүм (Архивын баримт мэдээнд Дагшин булаг хийд гэж буй) дээр очиж хурал хурсны дараа … Мэргэн хутагтыг залж овоон дээр очдог. Ноёд овооны урдуур сууна. Мэргэн хутагт овооны баруун талд майханд олон шавь нартайгаа ном уншиж, хэнгэрэг цан тасралтгүй нижигнэнэ. Ийм ажиллагаа 2-3 цаг тасралтгүй явагдаад ардууд овооны зүүн урд буй ноён хатны хөрөгт хадаг тавьж мөргөхөөр очдог. Тэгэхэд банди нар хадгийг булаалдан өвөртөлдөг. Үдээс хойш овооны баруун урд ганц их насны морьд уралдаж, бөх барилдан нааддаг. Төгсгөлд нь овоог гурван замаар тойрдог, дээд замаар лам хуврагууд доод замаар эмэгтэйчүүд явдаг. Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй.
Монгол улсын хааны зарлигаар Дарь овоог ёслол төгөлдөр тахих ажиллагаа хийхэд зарлигаар зарсан түшмэл хааны зарлигийг дуудаж, хүж торго шатааж, сум хадаг тэргүүтнийг овоонд өргөсөн. Урьд адил Их шавийн Мэргэн бандид хутагт Эрэнчинбадам оролцож тахилгыг хийсэн зэрэг нь нутгийн үймэрсэн олны сэтгэлийг засахад их л хэрэг болсон ажээ…” [1, т.27-28] хэмээсэн байна. Алтан овооны Батцагаан суварганы өмнө талд лам хуврагууд сууж тахилга уншлага үйлдэх үест нутгийн сайн хуурч нар Алтан овооны магтаалыг аялгуулан хуурдаж хурсан олныг цэнгээн баясгадаг байжээ[6, т.118]. Алтан овоог бүтэн хонины шүүс, цагаан идээгээр тахина. Сүргийн да тус бүр бүтэн хонины шүүс авч очин, лам нар сан уншиж, идээ, шүүс өргөсний дараа, овооны эзэнд сэржим өргөдөг байна. Мөн тахилгад оролцож буй айлууд ч идээний зүйл авч очиж тавцан дээр тавьдаг байсан байна.
В.А.Казакевич:“…Долоон сард энд нийт дарьгангачуудын овоо тахих их баяр болдог. Ёслолын үед Мөнххаан уулын хошуунаас Мэргэн хутагт ёслол төгөлдөр хүрэлцэн ирж тахилгыг удирддаг. Тахилгын элбэг дэлбэг ёслол ба хурлын дараа уулын хормойд бөх барилдан, морь уралдаж, идээ зоог дагалддаг. Тэр үед сэтэрлэх ёслол явагддаг… Эмэгтэйчүүд овоонд гарах чанд хориотойн учир нь энэ ариун дагшин газрыг бузарласныхаа төлөө үхэл зовлонд учирна гэж үздэг…” [3, стр-59] хэмээжээ. Энэ дашрамд уул, овоонд эмэгтэй хүн гарах хориотой гэдэг нь нэг талаас эцэг тэнгэртээ ойр очиж болохгүйтэй [7. Чимэдцэрэн, 54 нас], нөгөө талаас аливаа тахилгатай уул овоо нь хаан ноён, баатар эрс, өвгөн буурал, бичгийн мэргэдийн дүр бүхий (эр) эзэн савдагтай байдагтай холбоотой болов уу. Өндөр настан Цэрэнжав (81 настай) гуай: “…Овооны тахилгад бүх хошууд цонхор бэлтгэж очих ёстой. Мөн 12 сүм өөд өөдөөсөө хараад цонхороо тавьж суудаг. Хамгийн голд Овоон сүмийн лам нар сууна. Дарьгангын хошуунд Манжийн хаанд мэдээтэй 12, мэддэггүй нэг сүм байсан…“ гэж хуучилж байна. 1930-аад оноос тахилгыг хориглосон ч нутгийн эрдэмтэй лам, Дарьгангын Цэвэг вангийн 15 хүүхдийн отгон Инлай хэмээх Лувсандагва жил бүр нууцаар Алтан овоогоо тахисаар, гэртээ өглөө үдэш бүр сан тахилгыг нь бадраасаар 1994 оноос Алтан овооны их тахилгыг олон шавь нарынхаа хамт сэргээн явуулдаг болжээ. Эцэст нь тэмдэглэхэд, дорнод Монголын тахилгат газруудаас хамгийн алдартай нь болох 1697 оноос өмнө Захын Хар өндөр нэртэй байгаад нутгийн олны сэтгэл, шүтлэг бишрэлээр бүтсэн Дарьгангын Алтан овоо нь монголчуудын эрхэмлэн дээдэлдэг хүлэг морь унасан дайчин баатар, цэргийн жанжин эзэнтэй овоо бөгөөд түүхэн талаасаа Монголын зүүн урд хэсэгт цаг төр тайван бус байхад ард олныг зоригжуулагч нэгэн хүч болж ирсэн нь харагдаж байна. Дарьгангын Алтан овооны тахилгыг хутагтаас доош мяндагтай лам хөтлөн явуулдаггүй хэмээж буй нь энэ овоо хэр их сүр хүч, нэр хүндтэй болохыг илтгэнэ. Дарьганга нь өвс бэлчээр, ус ургамал тэгширсэн, үржил шимт хөрстэй, уудам тал хөндий, уул толгод хосолсон сайхан нутаг бөгөөд монголчууд үзэсгэлэнт сайхан тогтоцтой, өгөөж арвин газар усыг тахилга шүтлэгээрээ дархлан хамгаалж ирсний нэг жишээ нь Алтан овоо, Дарьганга нутгаа дээдлэн шүтэж буй энэ явдал юм.
Номзүй 1. Л.Жамсран. Дарьгангын сүрэг хошуу, УБ, 1994 2. Жү Чаэ Хиог, Г.Баярсайхан. Алтан овооны тухай /Монгол Солонгос улсын хамтарсан эрдэм шинжилгээ-3, Сэүл,1994/ 3. В.А. Казакевич. I. Намогильные статуи в Дариганге. II.Поездка в Даригангу, Ленинград, 1930 4. Г.Мэнд-Ооёо. Алтан Овоо , УБ, 1993 5. О.Намнандорж. Монгол орны газарзүйн гайхам сонин. УБ, 1967 6. О.Сүхбаатар. Монголын тахилгат уул усны судар оршвой. УБ, 2001 7. Судлаачийн хувийн цуглуулга хэрэглэгдэхүүн хуулав

Leave a Reply

Your email address will not be published.