Диваажинд байгаа миний ээжид.❤️ “Сайн байна уу ээжээ? Намрын шар өдрүүд навчисын ёолох дуутай хамт өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд, холоо явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс, нар, хуранд угаагдаж, эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүйрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхийдөө тэнэг, гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар хургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ. Дэргэд минь сууж, жаахан ч гэсэн амрахгүй яасан юм. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхэж амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч гэсэн үлдээхгүй яасан юм.Цээжинд бөөн гуниг, бас бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганцхан удаа бичих энэ захидлыг дуусгамааргүй байна. Аминаасаа амь тасалж ургуулсан, цээжнээсээ сүү нэрж амилуулсан цэцгийн илтэс шиг үрс тань сайн байгаа. Ээжийгээ санадаг цор ганц зовлонтой, эх хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Энгэрт тань зүүгдэхээрээ өнгө орон гялалздаг, эрхэлж, нялхарч, чихэр шиг хайранд тань дэвтдэг, эрх хэдэн ач,зээ тань өдрийн уртад өсөж, шөнийн уртад өндөр болж байгаа. Санаа зовох хэрэггүй дээ. Миний жаахан ээж. Таны оршин байгаа миний мэдэхгүй тэр орон зай торго мэт зөөлхөн, эхийн хэвлий шиг дулаахан. Тэндэхийн хүмүүс хэрүүл тэмцэл, хов живгүй амар амгалан. Тэр газар хааны харш шиг эрхэмсэг тансаг, хэзээ ч дутагдах гачигдахын зовлонгүй элбэг дэлбэг байгаа гэдэгт итгэж байна. Өнө мөнхийн амар амгалан тэр нутагт үрсээ ч санах зовлонгүй тайван суугаарай миний жаахан ээж! Хорвоогийн юм бүхэн мартагдаж, хуучирч элдэг ч гэсэн хөөрхий хүний үр ээжийгээ л хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт та Бурхантай уулзах юм бол, хэрэг болгож ганцхан зүйлийг л гуйгаарай. “Үрсийг ээжийгээс нь салгахдаа өрөвдөж хайрлаач” гэж хэлж байна гэдгийг минь дамжуулж өгөөрэй. Бөөр алаг дэлхийд амьтай бүхэн ижийтэй. Бүхий л хүний өмнөөс гуйж байна гэдгийг минь дамжуулаарай.
“Өнгө мөнгөний энэ хорвоо дээр өчнөөн тэрбум хүн чихэлдэн амьдардаг ч өөрийн минь ээжээс өөр энэрэлтэй хүн алга. Хал хайр дүүрэн орчлон дэндүү хуурамч, хайртай ээжий шиг минь үнэнч хүн байхгүй байна” гэж хагацлын сүүдэрт дайруулсан сая сая хүн уйлж байна гэж өрөвдөхийг мэддэггүй тэр Бурханд хэлээд өгөөч ээжээ! Өөрөөс минь өөр хүний үр ээжээсээ битгий хагацаасай гэсэн дээ, өнчин дэрсний бутанд хүртэл нуугдаж амьдардаг эрхийн чинээ туулайн бүжин ч ижийтэйгээ хамт байг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байна.Таныгаа ямар их санаж байнаа🙏🙏🙏🙏🙏🙏 Эх сурвалж: Битгий гуниглаарай бид хамтдаа шүү групп Т.Урнаа пост.
Categories
Тэнгэрт байгаа ижийгээ дэндүү их санахдаа ЗУЛ өргөж буян үйлдлээ. Та бүхэн шэйр хийж түгээнэ үү. Ижийдээ бичсэн захидлыг минь дараад уншаарай.
