Categories
Чөлөөт

Усан тахил өргөхөд харамын сэтгэл байдаггүй учир маш их буян хураадаг ажээ.

Бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг. Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ. Анх Төвдөд Энэтхэгийн таван зуун бандидын оройн шүтээн их мэргэн Адиша Дибамкара бээр морилоод “Төвдийн ус найман гишүүн төгөлдөр цэвэр тунгалаг юм. Тиймээс тахилыг ганц усаар өргөсөн ч болохоор байна” хэмээн айлджээ. Үүнтэй адил Монгол орны ч гэсэн ус цэвэр тунгалаг, хүйтэн байдаг учир мөн усаар тахил өргөх нь сайн юм. Ер нь олон зуун жижиг цөгцөнд усан тахил өргөдөг ёс эрт Энэтхэгт их хөлгөний шашин хүчтэй дэлгэрч байх үед байсан гэдэг. Энэ тухай Төвдийн их аялагч хувраг Гэндүнчойнпэл өөрийн зохиол “Алтан дэлгэмэл” дотроо, “Бирмын хийдүүдэд олон зуун жижиг аяганд усан тахил хийж өргөж байсан. Харин энэ нь ойр орших улс орнуудад байгаагүй нь их хөлгөний шашин өмнө нь дэлгэрч байгаагүйнх гэж байсан.” гэж бичсэн байна. Тахил өргөхдөө орчноо цэвэрлэн гараа угаан цэвэр цэмцгэр байдлаар тахилын цөгцнүүдийг арчин жигдэлж өрнө. Өрөхдөө эхлээд ёроолд нь багахан ус хийж, цөгц хоорондын зайг нэг арвайны зайтай өрөх юм. Ёроол хоосон өрвөл бэлэг дэмбэрэл муу бөгөөд хоорондын зай хэт холдвол багшаас хагацах, ойртвол ухаан доройтох, хавирч дуу гаргавал галзуу тэнэг болох ёр гэдэг. Цөгцийг өрөх болон тахил өргөх үед баруун талаас нь эхэлдэг бөгөөд тахилыг хураах үед зүүн талаас нь хураах юм. Улмаар усан тахилаа өргөж эхлэхэд их хаан, их хүмүүнд хоол цай аягалах мэт хүндэтгэлтэй дүр байдлаар усыг эхлээд багаар нарийн, дунд нь бүдүүрүүлж, адагт нь мөн нарийсган хийж мөн нэг арвайн чинээ дутуу дүүргэнэ. Хэрэв дүүргэхгүй бол ядуурах, гадагш асган халиулвал явдал мөр цалгайрах, хүчтэй цалгиулах аваас муу үйлд орох ёртой.
Аливаа тахилыг өргөхдөө Ум А Хум гэж уншин тахилын эгэл амт үнэр арилан төгс амгалан төрүүлэгч барагдашгүй их рашааны мөн чанарт хувирлаа хэмээн сэтгэлдээ бодон зоригд. Мөн тахил өргөж байх үедээ УМ НАМО ВАГА ВАДИ БАЗЭР САРА МАРДАНИ ДАТА ГАДАЯА АРХАДЭ САМ ЯГ САМ БУДДА ЯА ДАДЪЯАТА УМ БАЗЭР БАЗЭР МАХА БАЗЭР МАХА ДИЗА БАЗЭР МАХА БИДИ БАЗЭР МАХА БОДИ МАНДАВА САМГАРМАНА БАЗЭР САРВА ГАРМАНА АВАРАНА ВИ ШОДАНА БАЗЭР СУХА хэмээн 3 удаа ҮРЖҮҮЛЭХ тарнийг урин уншвал сайн. Энэ нь Доржравжам бурханы тарни бөгөөд мөн Үүлэн тахилын тогтоол ч гэдэг. Үүнийг унших үедээ тахил өргөвөл Дорж равжом бурханы ерөөлийн хүчээр арван зүгийн хамаг бурхадын өмнө тахилын үүлэн цогц огторгуй дүүрэн гарахыг зарлигласан байдаг тул маш их ач тустай. Урьд Бурхан багшийг оршиж байх үед нэгэн гуйлгачин эмгэн хутагт Гадъяанад нэг аяга дүүрэн цэвэр усыг сүжиглэн өргөснөөр хилэнц түйтгэр нь нимгэрч, сэтгэл нь амгалан тайван оршин олон эрдмийг олоод хойд төрөлдөө тэнгэрийн төрөл авсан тухай Ганжуур доторх үйлийн үрийн номлолд айлдсан байна.
Усан тахил өргөх ёсон Усан тахил өргөхдөө хамгийн цөөхөн нь таван хүслийн эрдмийг бэлгэдсэн таван цөгцөөр мөн 7, 8, 9 цөгцөөр усан тахил өргөдөг. Тахилын цөгц нь алт, мөнгө, зэс тэргүүтэн сайн эдээр хийгдсэн бол эрхэм, шил шаазан байсан ч болно хамгийн гол нь элдэв эмтэрхий сэвгүй цэвэрхэн байх хэрэгтэй. Усан тахилын ус нь цэвэрхэн, хог булингар зэрэг сэвгүй, хүйтэн байх хэрэгтэй. Усан тахил өргөх үедээ хамаг амьтан үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй, гэгээрэлд хүртлээ өлсөж, ундаасахын зовлонг үл амсан өглөгийн брамидийг төгсгөх болтугай гэсэн сэтгэл үүсгэнэ. Мөн цэвэр усаар тахил өргөснөөр хилэнц түйтгэр ариусах, сэтгэлийн үндэс номын чийгээр дэвтэхийн шүтэн барилдлагыг жигдэлнэ хэмээн <<Тахил , балинг бэлтгэх, ёс буяны үүдийг нээгч хэмээх>> сударт зарлигласан байдаг. Тахилаа өргөх болон хураахдаа цэвэр алчуураар цөгцийг гурван удаа цагийн зүүний дагуу (бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгаж байна гэж) гурван удаа, цагийн зүүний эсрэг (Бурхны лагшин, зарлиг, тааллын адистидийг хүртэх болой хэмээн) гурван удаа тус тус арчина. Тэгээд цөгцнүүдээ арц хүжээр ариусгана. Хамаг амьтны сэтгэл оюуныг гэгээрсэн билиг, нигүүлсэхүй, хүчин чадлаар дүүргэж байна хэмээн хүж, арцны утаагаар цөгц бүрийг ариулж байхдаа төсөөлөн бодно. Хоосон цөгцийг дээш нь харуулан шүтээний өмнө тавих нь юу ч өргөхгүй байна гэсэн үг болохоор тахилын ширээнд усан тахил өргөхийн өмнө цөгц бүрт бага зэргийн ус дусаана. Тахилыг тавихдаа зүүн гар талаасаа эхэлж тавиад баруун гар талаасаа хураах ёстой. Тахилын цөгцийг нэг шугаманд ойрхон боловч бие биенд нь шүргэлцүүлэлгүй тавина. Цөгцнүүдийн хоорондох зай буудайн үрийн чинээ байдаг бөгөөд хоорондын зай хэт ойр байрлуулбал багштайгаа хэт ойр байснаас омгорхох сэтгэл төрөх аюултай гэдэг. Цөгцнүүдийн дээд амсраас мөн л буудайн үрийн чинээ зайтайгаар дүүргэнэ. Хэт их дүүрэн юм уу хэт бага байж болохгүй. Хэрэв цөгцнүүд хангалттай дүүрэн биш байвал билиг оюун дутахыг, хэт дүүрэн байвал билиг оюун цалгайрах бэлгэ гэдэг. Тахилд өргөх усыг нар зөв эргүүлэн хөөсрүүлэхгүй хийх ба энэ үед Доржнамжом бурханы “үүлэн тахилын тогтоол” буюу “Ум намо вага вадэ базар сра бра марданэ дадяата ум ба-зэр ба-зэр, маха ба-зэр, маха дэза ба-зэр, маха видъя ба-зэр, маха боди зидда ба-зэр, маха боди мандо басам гармана ба-зэр сарва гарма аварана вишо-дана базэр суха” хэмээх тарнийг гурвантаа урин уншвал машид сайн. Дараа нь сандүг хэмээх 6 ариун зай бүхий нунтагийг устай цөгц болгоний дээрээс багаханыг цацаж УМ АА ХУМ хэмээн уншиж ариулна. Энэхүү ариусгалын тарни нь буяны үйлд тань саад тотгор учрах, усан тахилыг сэвтэхээс сэргийлнэ. Усан тахил өргөснийхөө дараа хамаг амьтныг үтэр түргэн гэгээрэлд хүргэхэд хураасан буянаа зориулна. Оройдоо тахилын цөгцөө нэг нэгээр нь хоослон хуурай цэвэр алчуураар арчин доош нь харуулан тавина. Хоосон цөгцийг дээш харуулан тахилын ширээнд тавьж ер болохгүй. Хураасан усаа асгалгүйгээр цэцэг ногоогоо усалбал сайн, юмны дээвэр дээр цацаж болно. Мөн тахилд өргөсөн жимс, идээнүүдээ хэдэн өдөр тахилын ширээндээ тавьж болох ба хураасныхаа дараа заавал гадагш өргөлгүйгээр өөрөө хүртэж болдог.

Leave a Reply

Your email address will not be published.