Categories
Чөлөөт

Өглөө юм идэхгүй гарах нь хүний биед ямар нөлөөтэй болоод өглөөний хоолондоо юу идэх нь тохиромжтой талаар АШУҮИС-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаатай ярилцлаа.

Н.Баярмаа: Өглөөд юм идэхгүй явсаар байвал эхлээд цөсөнд өөрчлөлт орно…
Өглөө юм идэхгүй гарах нь хүний биед ямар нөлөөтэй болоод өглөөний хоолондоо юу идэх нь тохиромжтой талаар АШУҮИС-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаатай ярилцлаа. -Өглөө ажилдаа яарч, сандрахаас эхлээд янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүс өглөөний цайгаа уулгүй явах нь байдаг. Ер нь өглөөний цай уух нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөхгүй юу? -Хүн хоол хүнсэндээ юу хэрэглэж байгаа нь тухайн хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Хүн хамгийн багаар бодоход өдөрт гурван удаа хооллох ёстой. Үүнээс өглөөний хоол хамгийн чухал нь байдаг. Хоол боловсруулах эрхтэн өдрийн турш хүний идсэн зүйлийг шөнө нь боловсруулж, шимж, эд эрхтэндээ дамжуулах зуураа амарч байдаг. Шөнө амарсан эд эрхтэн бодисын солилцоог эрчимтэй зөв явуулахад бэлэн болдог. Гэтэл манайхан ихэнхдээ өглөөний хоолондоо анхаардаггүй, орой их иддэг учраас өглөө цатгалан сэрж, хоол иддэггүй. Хоол боловсруулах эрхтнийг зөв ажиллуулахад өглөөний хоол идэх ёстой юм. Гэхдээ эхлээд өлөн ходоод дээрээ ус уух нь хамгийн зөв. Ус ууснаар хоол боловсруулах эрхтэн дараагийн хоол хүнсийг хүлээж авахад бэлтгэгдэж байна гэсэн үг.
Өглөө хоол идсэнээр тухайн өдөр ажиллах эрч хүч, энергийг авч байдаг. Гэхдээ өглөө зөвхөн ус уугаад гарвал хоол боловсруулах эрхтэн сэрсэн ч илчлэг авах энергийн эх үүсвэрээ авч чадахгүй юм. Илчлэгийн эх үүсвэр аваагүй бие махбод ажиллахад эрч хүчгүй байдаг.
-Өглөө хүний бие сэрж байдаг учраас хүнд хоол тохиромжгүй гэдэг. Тэгэхээр өглөө юу идэх нь зохистой вэ?-Хүний бие махбод өглөө энерги хамгийн их нэхдэг учраас илчлэг, нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Тухайлбал, хүүхдэд хөц будаа, сүү, цагаан будаа гэх мэт төрөл бүрийн каш өгч болно. Харин насанд хүрэгчид илүүдэл жинтэй эсэхээс хамааран өглөөний хооллолт янз бүр байна. Хэрэв жингийн илүүдэлтэй бол каш идэх нь зохимжгүй. Харин жингийн илүүдэлтэй хүмүүс өглөө хөц будаа, овьёос зэрэг амархан шимэгддэггүй нүүрс устай бүтээгдэхүүн идэх нь тохиромжтой. Энэ нь хүний биеийн энергийн эх үүсвэр болохоос гадна биеийн жинд нөлөөлөхгүй учир жимс ногоог нэмж хэрэглэж болно. Жишээлбэл, өглөөний цайндаа каш бэлдлээ гэж бодоход үүн дээрээ алим, жимс, нэрсийг хольж хэрэглэж болно. Каш иддэггүй хүмүүс өглөөний хоолондоо өндөг хэрэглэж болох юм. Жингийн илүүдэлтэй хүмүүс өндгийг чанаж идэх нь тохиромжтой. Өндгийг зөвхөн шарж идэхээс илүү ногоотой холих ч юм уу, өөр олон араар боловсруулж болно.
Өглөөний цайг бэлтгэхэд цаг бага зарцуулдаг байх нь чухал байдаг. Тийм учраас амархан, богино хугацаанд бэлдэж болох өглөөний цайны нэг хэлбэр нь гэвэл овьёосыг халуун усанд дэвтээж, төрөл бүрийн жимс холиод идэхэд хэдхэн минут шаардагдана.
Мөн өглөөний цайндаа юу идэх нь тухайн улирлаас хамаарна. Зуны улиралд илүү хөнгөн чанарын жимс ногоо давамгайлсан өглөөний цай уух бол өвөлдөө шарсан өндөг, ялангуяа эрэгтэй хүмүүс чанасан мах, тахианы цээж махыг талхан дээр тавьж идэж болно. Зарим үед арвайн гурилыг шар тос, зөгийн балтай хольж, хэрэглэж болно.
-Өглөө шинэ хоол хийж иддэг хүмүүс байдаг. Тэгэхээр өглөө хоол хийж идэхээр бол ямар хоол хийх нь зохимжтой юм бэ? -Боломжтой бол өглөө хоол хийж идэж болно. Энэ нь шөл голдуу хоол байх ёстой. Ялангуяа зутан шөл маягийн байвал илүү тохиромжтой. Өглөө цуйван, стек зэрэг хүнд хоол идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өглөө хүнд хоол идвэл үр бүтээлтэй ажиллахад бэрх болдог. Хэрэв өглөө хоёрдугаар идэхээр бол үхэр, хонины мах идэхээс татгалзаж, хурдан шингэдэг уургийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж болно. Тухайлбал, сүү сүүн төрлийн бүтээгдэхүүн, бяслаг, өндөг, махнаас гэвэл загас, тахианы мах байж болох юм. -Өглөө өлөн гарвал хүний биед юу болдог вэ?
-Нэг өглөө юм идэхгүй гарахад хүний биед өөрчлөлт гарч байгаа эсэх нь мэдрэгдэхгүй. Харин өглөөний цай уухгүй зуршсан тохиолдолд хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагддаг. Тухайлбал, өглөө бүр өлөн гардаг хүмүүст аажимдаа цөсний өөрчлөлт гарч ирнэ. Өглөө юм идэхгүй байвал цөсний хүүдийнд шингэн удаан хуримтлагдаж, цөс өтгөрөлт явагддаг. Энэ нь цаашлаад цөсний чулуу үүсэх, цөсний хүүдийнд үрэвсэл бий болгох зэрэг өвчин эмгэгт хүргэнэ. -Өглөө кофе уух нь хэр зохистой вэ? -Кофе нь өөртөө кофеин агуулж байдаг. Энэ бодис нь ерөнхийдөө хүний бие махбодыг сэргээж өгч байдаг. Өглөө хоол боловсруулах эрхтэн сэргээгүй байхад кофе уух нь төв мэдрэлийн тогтолцоог гэнэт сэрээдэг. Энэ нь сөрөг үр дагавартай болохыг судалгаагаар гаргасан байдаг. Иймд өглөө кофе уух нь зохимжгүй. Харин кофе уух хамгийн зөв арга бол юм идсэний дараа 30 минут юм уу, цагийн дараа уух нь хамгийн тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published.