Categories
Чөлөөт

Хүнсий бүтээгдэхүүнээ гаднаас авсаар л байх уу? Үнийн өсөлтийн шалтгаан ийм байжээ.

Бид олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг гаднаас импортолдог хэдий ч зөвхөн уул уурхай буюу цөөн төрлийн бүтээгдэхүүн экспортын 90 орчим хувийг эзэлсээр байна. Манай улсын хувьд хүн амын анхан шатны хэрэгцээ болох хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднын орноос авдаг ба өнгөрсөн 2021 он гэхэд л нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортолжээ. Өнөөдрийн байдлаар гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим, загас, будаа, элсэн чихрийг 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь гаднаас импортоор авч байна. Энэ нь биднийг хүнсний хувьд хараат болгож байгаа бөгөөд үнийн өсөлтөд илүү ихээр өртөх нөхцөл байдлыг бий болгож байна. Олон улсын хүнсний бүтээгдэхүүний үнийг тодорхойлдог голлох индексүүд бүгд 2022 гарснаар өссөн. Тухайлбал НҮБ-ын ХХААБ-ын үр тарианы үнийн индекс тавдугаар сард дунджаар 173.4 нэгж болж, бүх цаг үеийн хамгийн дээд цэгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 39.7 нэгжээр буюу 29.7 хувиар, хүнсний тосны индекс /Тосны индексэд наран цэцэг, далдуу мод, шар буурцаг гэх мэт төрөл бүрийн тоснууд багтдаг/ 31.1 орчим хувиар, мах 13.6 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүн 16.9 хувиар, элсэн чихэр 12.6 хувиар тус тус өсөлт үзүүлсэн байна.
Тус үнийн өсөлт нь импортлогч орнуудад улам хүндээр нөлөөлж байна.

Жишээ нь Дэлхийн зах зээлд хүнсний тосны үнэ он гарснаар 31.1 хувиар өссөн бол манай улсад 48 орчим хувиар, элсэн чихэр 12.6 хувиар өссөн бол манай улсад 16.7 хувиар өссөн байна. Бид хэрэглэгч орны хувьд үнийн өсөлтөд арай илүү өртөж, үндсэн бүтээгдэхүүнээс гадна тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл томоохон нөлөөг үзүүлж байна. Тээвэр ложистикийн нөхцөл байдал сүүлийн 2 жилд ямар төвшинд байгааг та бид дор бүрнээ л мэдэрч байгаа.
Үнийн өсөлтөд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. 1. Дайны нөхцөл байдал ОХУ-ын эзлэн түрэмгийллээс болж Украины газар тариалангийн үйлдвэрлэл тасалдаж, экспорт зогссон ба ОХУ-ын барааны экспорт мөн адил тасалдалд ороод байгаа юм. Украин болон ОХУ нь хүнсний бүтээгдэхүүний экспортоор тэргүүлэгч улсын тоонд багтдаг. Тухайлбал тус 2 улс нь улаан буудайн гол экспортлогч бөгөөд Дэлхий нийтийн улаан буудайн экспортын 29 хувийг бүрдүүлдэг байна. Украин улсын хувьд улаан буудайгаас гадна эрдэнэ шиш, наран цэцгийн тос, гурил гэх мэт хүнсний бүтээгдэхүүний экспортоор Дэлхийн тэргүүлэгч улсын нэг бөгөөд дайны нөхцөл байдлаас шалтгаалан тэдний экспорт тасалдаж зах зээл дээрх үнэ өсөх хамгийн том шалтгаан болоод байгаа юм. Нөгөө талаас Дайны нөхцөл байдал үргэлжилсээр байвал эрчим хүчний үнэ өссөөр нийт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудал улам хүндэрч болох талаар салбарын мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь хүнсний үйлдвэрлэлийн зардлын гуравны нэг орчим нь эрчим хүчний зардалтай холбоотой байдаг.

2.Цаг агаарын өөрчлөлт Дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж улмаар ургацын хэмжээг бууруулж байна. Түүнчлэн цаг агаарын улмаас Дэлхийн буудайн ургацын хэмжээг 2022 онд 0.8 хувиар, будаа 0.3 хувиар, эрдэнэ шиш 0.6 хувиар, тосны ургамал 2 хувиар тус тус буурах таамаглалыг Дэлхийн хүнсний хөдөө аж ахуйн байгууллагаас гаргажээ. 3.Нийлүүлэлтийн хомсдол Үйлдвэрлэгч орнуудад үнийн өсөлт үргэлжилж, ургацын хэмжээ буурч байгаа нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож улмаар зарим нэг орнууд экспортоо зогсоох хүртэл арга хэмжээ авч байна. 5-р сарын байдлаар нийт 20 орчим улс хүнсний экспортдоо хязгаарлалт тавьсан. Үүнд Египет, Аргентин, Энэтхэг, Индонез, Иран, Турк гэх мэт улс орнууд улаан буудай, гурил, улаан лооль, эрдэнэ шиш, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнүүддээ экспортын хязгаарлалт тавьсан байна. Энэтхэг улсын хувьд мөн томоохон экспортлогчдын нэг бөгөөд одоогийн байдлаар улаан буудай болон элсэн чихрийн экспортдоо хязгаарлалт тавьсан байна. Түүнчлэн тэд удахгүй будаанд экспортын хориг тавьж болзошгүй. Хэрэв хориг тавьсан тохиолдолд үнийн өсөлт бүр хүчтэй байж олон улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх талаар CNBC-ийн зүгээс үзэж байгаа. Дээр дурдсан нөхцөл байдлууд үргэлжилбэл манай улсад юу тохиолдох вэ? Мэдээж бид илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ авч ард иргэдийн хэрэглээний зардал нэмэгдэж цаашлаад манай улсад хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж болзошгүй юм. “Хүнсний бүтээгдэхүүний хомстолд орно ч гэж юу байх вэ?” гэж та бодож байж магадгүй. Гэхдээ л хэдэн сарын өмнө Эрээн хотын хил хаагдахад юу болсныг харахад тийм ч боломжгүй зүйл биш юм.

БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ? Манай улсын хувьд одоогийн байдлаар машин, техник тоног төхөөрөмж, барилгын материал, янз бүрийн эд анги гэх мэт нарийн зүйлсийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах боломжгүй байгаа хэдий ч хүнсний бүтээгдэхүүнээ ядаж үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага, эрэлт өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Дотоодын хүнсний үйлдвэрүүд хөгжиж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр тээвэрлэгдэн ирж буй бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдал сайжрах, цаашлаад Монгол хүн, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Иймд “Апекс Капитал ҮЦК”-ийн хамт олон бид дотоодын хүнсний салбарын компаниудыг онцлон сонгож хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байна. Учир нь бидний харилцагчдадаа санал болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь (+) Нийгэм эдийн засагт ач холбогдолтой, тогтвортой өсөх боломжтой байх, (+) Эрэлт хэрэгцээ өндөртэй байж хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын эрсдэл бага байх, (+) Оролцогч талуудад харилцан ашигтай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангах ёстой. Бид яг энэ цаг хугацаанд харилцагч хөрөнгө оруулагчдадаа дотоодын хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Грийн Индастри” ХХК, “Монфүүд” ХХК, “Баян шувуу” ХХК зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд тогтмол хүүтэй бондын хөрөнгө оруулалт, мөн мал аж ахуйн салбарт шинээр гарч ирэн салбарын шинэчлэлийг хийхээр зорьж буй Мон Бийф компанид хувьцааны хөрөнгө оруулалт хийн тогтвортой өгөөж авах боломжуудыг санал болгож байна.Эх сурвалж: Аpex

Leave a Reply

Your email address will not be published.