Categories
Чөлөөт

Р.Энхтүвшин: Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахгүй бол бид нийгмээрээ хохирно

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өнөөдөр боллоо. Дэлхий дахинд 2001 онд сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 450 сая байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7 хувь, 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй гэсэн судалгааны дүн гарчээ. Ковид-19-ийн үед Монголд сэтгэцийн эрүүл мэнд ямар түвшинд байгаад үнэлэлт дүгнэлт хийх судалгааг ЭМЯ, ДЭМБ-ын захиалгаар 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-ууд хамтран хийж өнгөрсөн долоо хоногт дүнгээ танилцуулсан. 21 аймаг, 333 сум, есөн дүүргийн 9000 гаруй хүнийг судалгаанд хамруулснаас 7919 хүний датанд үндэслэн дүгнэлтээ гаргажээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн: 60 хувь нь сэтгэл түгшилттэй 70 хувь нь сульдлын хам шинжтэй 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн үр дүн гарсан. Сэтгэцийн эмгэг болон тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ы докторант Р.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Цар тахлын дараа монголчууд сэтгэл зүйн эмгэгт олноор өртсөн тухай судалгааны үр дүн гарчээ. Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол? -Ковидын дараа зөвхөн монголчуудын гэлтгүй дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд гаарсан. Цар тахлын ид тархалтын үед нийгэм тэр чигтээ айдастай, үүнийг даван туулах гэсэн мэдрэмжгүй байх үед сэтгэл зүйн асуудал нэлээд хүндэрсэн. Ковидын дараах сэтгэл зүйн хямралууд, сэтгэл зүйн асуудлууд одоо ч бүрэн арилаагүй байна.
Дэлхий нийтээр анх удаа ковидтой нүүр тулсан учир судалсаар байгаа. Жишээлбэл, Ковид туссан хүнд архаг ядаргаа хамгийн багадаа 7-8 сар үргэлжилж байна. Хэдийгээр ковид эдгэрсэн ч ажлын бүтээмж нь муудаж, ядрах, нойрмоглох зэрэг шинжүүд илэрч, алсуураа муудсаар байгаа тал ажиглагдсан. Хоёрдугаарт, сэтгэцийн эмгэгт өртөж байгаагүй хүн сэтгэцийн эмгэгээр оношлогдож байна. Өмнө нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, архаг ядаргаатай байсан хүн эмгэг нь ковидын дараа сэдэрсэн. Ковидын дараах сэтгэл зүйн хямралууд, сэтгэл зүйн асуудлууд одоо ч бүрэн арилаагүй. Гуравдугаарт, Эрсдэлт бүлгийн буюу сэтгэл зүйн хувьд тогтворгүй өсвөр насныхан ковидын дараа дэлгэцийн хамааралтай болж байна. Энэ мэтчилэн ковидын улмаас сэтгэл зүйн маш олон асуудал үүслээ. -Сэтгэлзүйн эмгэг ихэссэн нь сэтгэл заслын эмч таны ажил мэргэжилд хэрхэн нөлөөлж, мэдрэгдэж байна вэ? -Надад хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг хүмүүс бий. Миний хувьд ажлын ачааллаа дийлэхгүй болж байна. Би өөрөө амрах хэрэгтэй болж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр маш олон хүн сэтгэл зүйн тусламж авахыг эрмэлзэж байна. Харамсалтай нь зөвхөн сэтгэл зүйчид болон хувиараа зөвлөгөө өгдөг хүмүүс хүрэлцэхгүй.
Тэгэхээр сэтгэл зүйн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх шаардлага үүссэн. Нэгдүгээрт, хамтын ажиллагааны, Хоёрдугаарт, бодлогын, Гуравдугаарт санхүүжилтийн, Дөрөвдүгээрт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. -Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төрөөс ямар хэмжээний санхүүжилт зарцуулдаг бол? -Эрүүл мэндийн салбарын нэг жилийн санхүүжилтийн 2 хувийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Тэр хоёр хувийг СЭМҮТ-д зарцуулж буй юм. Мөн дүүргийн эмнэлгийн сэтгэцийн эмч нарын цалинг л олгож байна. Тэгэхээр сэтгэцийн эрүүл мэндэд бараг санхүүжилт зарцуулдаггүй гэж болохоор байгаа биз! Энэ бол маш харамсалтай. Тусламж шаардлагатай хүмүүс бүгд СЭМҮТ-д очвол эмнэлэг ачааллаа дийлэх үү? Монголд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллаа дийлэхгүй байна. Зөвлөгөө, мэдээллийн байнгын утас ажиллаж сэтгэл зүйч, сэтгэл засалч эмч нар сууж байх ёстой. Сэтгэл зүйн эмч нар цар тахлын үед ч онцгой, цагдаагийнхантай зэрэгцэн ажиллаж байх ёстой юм. Надад хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг хүмүүс бий. Миний хувьд ажлын ачааллаа дийлэхгүй болж байна. Би өөрөө амрах хэрэгтэй болж байна.
-Сэтгэл зүйн эмгэгийн асуудалд анхааралд тавихгүй байвал ямар сөрөг үр дагавартай вэ?
-Бид нийгмээрээ хохирно. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахгүй бол улс хэн нэгний хоол болно. Улс төрийн ч хоол болно. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүмүүс “тархи угаалтад” хамгийн амархан өртдөг. Сэтгэл зүй эрүүл биш байхад нийгмийн зөв хэмнэл хэвшлийн талаар ярихад хэцүү. Бид ирээдүйдээ, хүүхдүүддээ анхаарал хандуулъя. Жишээ нь, танай хүүхдийн сургуульд стресс тайлах аргын талаар багш нар нь заасан уу? Эндээс эхэлмээр байна шүү дээ. Уурлаж, гомдсон мэдрэмжээ мэдэхгүй, илэрхийлж чадахгүй байна. Бид боловсролын системээр дамжуулан хүүхдүүддээ тусалмаар байна. Багш нар хүүхдүүдийн мэдрэмжийг асуудаг, хүүхэд мэдрэмжээ илэрхийлж сурах ёстой. Энэ мэтээр хүүхдийн нас насанд тохирсон арга аргачлал бий. Энэ асуудлыг зөвхөн СЭМҮТ, эсвэл хэдэн хувийн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч хариуцсан хэвээр явбал байдал сайжрахгүй. Чи ч гэсэн эргэн тойрны хүүхдүүддээ тусалж чадна. -Яаж туслах вэ? -Ядахдаа тэднийг сонсож чадна. Бид хүүхдийг сонсож сураагүй, хүүхдэд өөрийн үзэл бодлыг тулгаж сурсан. Ийм маягаар яваад байвал хүүхэд “Тэртээ тэргүй намайг ойлгохгүй юм чинь!” гэж асуудлаа дотроо тээж, бугшиж явсаар хэзээ нэгэн цагт сөрөг байдлаар илэрнэ. -Монголд сэтгэл зүйч дутагдалтай юу? -МУИС, ХУИС, МУБИС зэрэг их сургуульд сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэдэг. Тэндээс жилд хэчнээн сэтгэл зүйч бэлтгэгддэгийг мэдэхгүй юм. Сэтгэл зүйчид хүүхдүүд, эрүүл болон сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүстэй ажиллах ёстой. Харин сэтгэл засалч мэргэжилтэй 160 орчим эмч улсын хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ эмч нар сэтгэл зүйн анхдагч тусламж үзүүлэх чиглэлд ажиллах нь сайн зүйл биш. Сэтгэл засалч, сэтгэцийн эмч бид нар сэтгэл зүйчидтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Сэтгэл зүйчид эрүүл болон тулгамдсан асуудалтай хүмүүстэй ажиллах ёстой. Харин бид нар сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлж ажилладаг. Сэтгэл судлаачдын хувьд эхлээд эмч болно, дараа нь сэтгэцийн эмчийн нарийн мэргэжил эзэмшинэ. Тэгээд сэтгэл засалч болно. Арван жил сурч байж сэтгэл засалч болдог.

Leave a Reply

Your email address will not be published.