Categories
Чөлөөт

Ш.Бадрах:Илүүдэл жингээ хаяж чадвал артерын даралт буурч хөнгөн эрч хүчтэй эрүүл болдгийг өөрийн биеэрээ харуулж явна даа

Биеийн өөхлөлт буюу таргалалт өвчний эх үүсвэр байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Хөдөлгөөний дутагдлаас болж, буруу хоололт амьдралын буруу хэвшлээс болж таргална. Таргалсны улмаас болж биед янз бүрийн өвчин илрэх, артерын даралт ихсэх, цаашлаад зүрх судасны өвчтэй болно. Тиймээс хүн өөрийнхөө биед таарсан жинтэй байх ёстой. Хэрэв байх ёстой жингээс хэтэрсэн буюу таргалсан бол жин хаях ёстой. Ингэснээр та эрүүл биетэй болно, залуужина, эрч хүчтэй байна элдэв өвчин зовлон тоочихгүй болно гэдгийг өөрийн биеэрээ үлгэрлэж яваа Ш.Бадрах гэж хүнтэй ярилцлаа. Тэрбээр суудлын ажил хийдэг байсан бөгөөд өнгөрсөн 2018 онд биеийн жин нь 137 кг байжээ. Илүүдэл жингээсээ болж түүний хөл гар хөшиж өвдөхөөс гадна зүрх ачааллаж, артерын даралт нь байнга ихсэж, даралтны эм тогтмол ууж, Өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад байдаг байснаа ярив. Харин одоо таван жилийн хугацаанд тууштай идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээ хаяснаас болж эрүүл болсон даралт ихсэж, зүрх дэлсэхээ больсон. Эрүүл байя гэвэл хүн их тэвчээр гаргах ёстой, бас сэтгэлзүйгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй юм байна билээ шүү гэдгээ тэрбээр ярилцлагын өмнө тодотгосон юм. -Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу? -Сайн сайнуу, сайхан намаржиж байна. Ах нь ажил ихтэй л байна. -Таны тууштай байж илүүдэл жингээ хаясан түүхийг хүнээс сонссон юм. Эрүүл амьдралынхаа хэв маягийг сонгож хэдий хэр хугацаанд хэдэн кг жин хаясан бэ? -Ах нь өөрийнхөө амьдралын тухай яривал бүхэл бүтэн кино ярина даа. Гэхдээ товчхон байх нь зүгээр болов уу. Би одоо 55 настай. Анх 2018 онд биеийн жингээ үзэхэд 137.8 кг жинтэй амьдралын хэв маяг буруугаас эрүүл мэндийн асуудал ихтэй байсан олон жил болсон. Эрүүл мэндийн тал дээр асуудал их байсан. Байнга толгой өвдөнө, даралт ихсэнэ, зүрх дэлсэнэ. Таргалалт ихтэй хүн их уур уцаартай болдог юм билээ. Ер нь өөрийнхөө байгаа байдалтайгаа эвлэрчихсэн, тэмцэж чаддаггүй байж. Эрэгтэй хүн болоод ч тэр юм болов уу. Хоол сайн иднэ, тэр хэрээр хөдөлгөөн байхгүй хүн таргална шүү дээ. Юу таарснаа иднэ ээ, хоолны дэглэм барих, хориглох татгалзах зүйл байгаагүй. Тэгээд хорт зуршил болох архи дарс ууж, тамхи тариа татдаг байсан. Одоо бол үгүй шүү дээ. Архи уухгүй, тамхи татахгүй удаж байна. Эрүүл амьдралыг сонгоод энэ бүгдийг бүр хаясан. -Яг хэзээнээс эхэлж илүүдэл жингээ хаяж салъя гэж бодсон бэ? -2018 оны дөрөвдүгээр сард нэгэн сайхан сэтгэлтэй эмэгтэйн урилгаар эрүүл амьдралын хэв маягийн тухай биеийн бүтцээ Японы аппаратанд орж 10 чухал үзүүлэлтээ мэдэж тайлбарлуулж авснаар нийт өнөөдөр би 85 кг жинтэй болсон. Биеийн жингээсээ нийт 52 кг жинг хаяж хасаж чадсан. Ийм хэмжээний өөх, өтгөн баас биедээ тээж явсан гэхээр гутамшиг байгаа биздээ. Одоо ч цаашдаа жингээ хаяж байх ёстой хэмжээндээ хүрнэ. Хамгийн гол нь тэвчээртэй тууштай байдал намайг ийм болгосон. Өөртөө ч итгэдэггүй үе гардаг юм билээ шүү. Илүүдэл жингээсээ салъя гэж бодож байгаа бол эрүүл амьдралын хэв маягийг өөртөө суулга. Жин хасах асуудал биш. -Таргалалт ихтэй байхад таны биед ямар зовиур шинж тэмдэг илэрдэг байсан бэ?
-Илүүдэл жинтэй, тарган хүнд артерийн даралт ихсэх нь хэвийн жинтэй хүнээс хоёр дахин, бага жинтэй хүнээс гурав дахин илүү байдаг юм билээ. Даралт их хөдөлнө. За урин дулаан зуны цагт бол бүр хэцүү шүү дээ. Халуунд даралт хөдөлж хөөрөх чинь амь тэмцүүлж байгаа юм чинь. Олон жил ийм байдалтай явсан. Уур их хүрдэг, идэх дуршил их өндөртэй байсан. Өөрөөр хэлбэл, биед хуримтлагдсан өөхний байрлал нь артерийн даралт ихсэхэд их нөлөөлдөг юм билээ. Бүсэлхий ташааны харьцаа нэмэгдэх нь артерийн даралт ихсэхтэй шууд холбоотой. Тарган хүн жингээ хасвал артерийн даралт буурдаг юм билээ. Би эрчимтэй жин хаяад ирэхэд даралт ихсэхээ болж эмээ ч уухаа больсон. Манай өрхийн эмч залгаад “Яагаад ирж үзүүлэхгүй, хяналтандаа орохгүй байна, даралт чинь зүгээр үү” гэж асуудаг байсан. Би тэгж залгах болгонд нь “Эм уухгүй ээ, биеэ эрүүлжүүлж байгаа шүү. Надад санаа зоволтгүй би эрүүл хүн болж байгаа” гэж хошигнож ярьдаг болсон. -Яг ямар системээр жингээ хаяж ийм хэмжээнд хүрсэн бэ? -Эрүүл зөв хоололтоор жин хаясан. Хөдөлгөөн маш сайн хийдэг болсон. Ууланд алхдаг болсон. Дугуй жийдэг болсон. Заримдаа төв талбайг 20-50 дахин тойрч гүйнэ. Хөдөлгөөн 20 хувь, хоололт 80 хувь гэж үнэн шүү. Би хүмүүсийг унтаж байхад босоод ууланд алхаад гүйчихдэг бүр зуршил болсон. Ер нь хүн босдог цагаасаа 30 минутын өмнө босоод байвал гайхалтай үр дүнд хүрнэ. Хоололт маш чухал. Хүн таарсан болгоноо идээд байж болохгүй, ходоод хогийн сав биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Манайхан маш буруу хоололдог юм билээ. Ер нь биеийнхээ бүтцийг тодорхойлоод түүнийхээ дагуу л хоолоо зөв зохистой идвэл жин хасахаас гадна галбир гарна, булчингийн масс сууна. Өөхөн давхарга биш булчин давхаргатай болно гэсэн үг. Боди бие чинь хүүхэн залуучуудын хүсдэг бие биздээ. Ах нь өөхөө хассан, одоо булчингийн массаа эрчимтэй суулгахаар хөдөлж хөдөлмөрлөж байна. Дахин хэлэхэд дасгал хөдөлгөөн маш чухал гэдгийг хүмүүс ойлгодог байгаасай.
-Илүүдэл жин гэдэг элдэв өвчний үүр уурхай байдаг. Тиймээс жингээ барих, жингээ хаях тал дээр хүмүүст хандаж та юу хэлэх вэ? -Миний жингээ хаясан байдал бусдад эерэгээр нөлөөлдөг юм билээ. Жин ихтэй нэг эмээ намайг хайж явсаар байгаад уулзаж, зөвлөгөө мэдээлэл авсны эцэст сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг 18 кг жин хаясан гэдгээ саяхан надад сонирхуулж чадсан. Ингэж л хүнд нөлөөлж чадаж байна. Олон хүн миний тарган байсан зургийг одооны зурагтай харьцуулж хараад уулга алддаг. Надад сайхан санагддаг. Хүн өөрчлөгдөж, өөр бие махбодийг бий болгож болдгийг өөрийн биеэрээ харуулж явна шүү дээ. Тууштай тэвчээртэй байдал хүнийг өөрчилнө. Өнөөдөр хичээж байгаад маргааш хаябал ямар ч нэмэргүй дээ. Ер нь зугуухан байдлаар илүүдэл жингээ хаяад явбал 100 хоногийн дараа ч гоё болж болно шүү дээ. Хүнд өөх бол дэмий, өвчний үүр болно. Даралт ихсэнэ, дотор эрхтэн өөхөлж эрүүл мэндэд асуудал тулгарна. Хүн эрүүл идэвхтэй хөдөлгөөнтэй, үр хүүхэддээ сайн сайхан харагдъя гэж бодож байгаа бол өнөөдрөөс өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй шүү гэдгийг залууст хандаж хэлье. Бас хүүхэд багачуудыг багаас нь битгий таргалуулаарай. Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж янз бүрийн спортын секц дугуйланд явуулж баймаар юм билээ. Мөн хоололт дээр нь анхаарах хэрэгтэй шүү. Шим тэжээлтэй хоол өгч байна гээд бөөн илчлэг өндөртэй хоол өгч багаасаа нь биеийн бүтэц галбирыг нь алдагдуулбал их муухай.
-Таны өдөр тутамдаа иддэг хоол хүнсийг нь сонирхож болох уу? -Бололгүй яах вэ. Өдрийн тав удаа хоололдог. Өглөө босоод бүлээн ус 600 грамм ууна. Тэгээд ууландаа алхана дасгалаа хийнэ, өглөөний хоол маш хөнгөн байх хэрэгтэй. Боов боорцог иддэггүй. Бага үдийн хоолондоо ногооны салат иддэг. Харин их үд буюу 13:00-14:00 цагийн хооронд махан хоол хүссэн хэмжээгээр идчихнэ. Гэхдээ дан шөлтэй, эслэг ихтэй ногоо хэрэглэнэ. Цагаан будаа огт хэрэглэхгүй. Түүний оронд бор будаа, хөц будаа мах чанасан шөлөндөө хийгээд идчихдэг. Орой 16.00 цагийн үед ааруул ээзгий дэвтээсэн усаа ууж, цагаан идээ иднэ. Өдөрт усны хэмжээ маш сайн байх хэрэгтэй шүү. Гэхдээ манайхан усаа маш буруу уудаг. Нэг дор хурдан балгаж их хэмжээгээр уудаг. Энэ бол буруу. Би шимж уудаг босож суун ажиллахдаа бүлээн усаа 3 удаа л балгангаа шимж ууна. Харин 19.00 цагаас хойш усаа болих хэрэгтэй. Ус хэтэрвэл бөөрөнд ачаалал үүсдгийг хүн бүхэн мэдэх болов уу. Орой өлсөөд байвал ногоон огурци, улаан лооль идээд нэмэлт уураг уугаад унтчихдаг. Манайхан ажиллаж ажиллаж ирээд оройд хүнд махан хоол иддэг. Хоолоо шингээж амжилгүй орондоо ордог. Шөнөжин ходоод ажиллана шүү дээ. Яаж эрүүл байх билээ дээ. Тиймээс буруу зуршлаасаа татгалзах юм бол та гоё сайхан байна гоо зүйн талаасаа ч төгөлдөр нэгэн болно. Эрч хүчтэй эрүүл чийрэг байна, урт насална, удаан жаргана шүү хүмүүсээ. Би бол өдөр бүр эрүүл амьдралын хичээлд суралцаж дадал хэвшил болгож явна. Өөртэйгээ тэмцэж, өөрийгөө ялсандаа үргэлж бахархдаг. Өдий насны би хийж чадаад байхад залуус бол чадна даа. Жин багатай гоолиг байна гэдэг гоё шүү. -Танд эрүүл энхийг хүсье ээ? -Баярлалаа дүү.

Leave a Reply

Your email address will not be published.