Categories
Чөлөөт

Голын ус ундарч гардаг тэр гайхамшигтай газар бол усны эх.

Бид гол урсч л байхыг хардгаас биш гол өөрөө хаанаас үүсдгийг бараг мэддэггүй. Голын ус ундарч гардаг тэр гайхамшигтай газар бол усны эх. Усны эхийг заримдаа булаг шандтай андуурдаг. Булгаас ус оргих боловч тэр бүр гол болон урсч чаддаггүй. Гол болж урсахын тулд хэдэн сая дүнчүүр жилийн өмнөөс газар зүйн нарийн бүтэц, байгалийн тодорхой тогтоц цогцолсон байх шаардлагатай аж. Манайд усны эх олон бий. Манай гол мөрдийн ихэнх нь өөрийнхөө нутгаас эх авч гардаг. Жишээлэхэд, Орхон гол Хангай нуруунаас, Туул гол Хэнтийн нуруунаас эх авдаг. Завхан гол Отгонтэнгэр хайрханы бэлээс, Тэсийн гол Хөвсгөлийн Булнайн нуруунаас гэхчлэн бүгд л эх нутгаасаа эх авдаг. Шишгэд гол гэхэд Хорьдол сарьдгаас эхлэнэ. Ингэж Монгол нутгаасаа эх авсан гол мөрд хил давж урссаар Байгаль, Енисей болон өөр гол мөрөнд очиж нийлсээр улмаар гадаад их далайд юүлэгддэг. Гадаад их далай бол үнэндээ энэ дэлхийн хамгийн том цэвэрлэх байгууламж шүү дээ. Тийм болохоор Монголын их нутгаас эх авсан цэнгэг ус зүсэн зүйл долоон хэлийн орноор дамжин явсаар анхдагч амин чанар нь нэлээд саармагжих боловч их далайн шүүлтүүрээр орж цэвэршээд, цас бороо зэрэг байгалийн хур тунадасаар тэтгэгдэж, буцаад л байгаль дэлхийн дотоод зүй тогтлын дагуу ахиад л Хангай, Хэнтийн нуруу, Отгонтэнгэр хайрхан, Хорьдол сарьдагын эхээр урсч гарна. Өрөвдмөөр ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Хамгийн цэнгэг усыг монгол хүнд л зориулаад урсгачихсан мэт. Үнэхээр ч бид энэ дэлхийн хамгийн цэнгэг усыг ууж хэрэглэж ирсэн ард түмэн. Дэлхийн хамгийн цэнгэг усыг бид өөрсдөө хэрэглээд зогсохгүй, улмаар цааш урсах усаар тэжээгдэн тэтгэгдэх олон улсын хувь заяаг бас давхар хамаардаг байж. Уснаас ангид амьдрах амьтан гэж ямар байх биш. Тэгэхээр энэ утгаараа Монголчууд бол дэлхийн өмнө хариуцлага хүлээсэн үндэстэн байжээ. Дэлхий даяар хөндлөн гулд урсч байгаа хэдэн мянган км куб ус Монголын цэнгэг уснаас хамааралтай гээд бод. Бид усны эхийг сахиж, усны эх дээр амьдардаг үндэстэн. Хэрэв Монголоос угшилтай, усны эх булингартвал энэ нь бүх дэлхийн асуудал болж хувирна. Өвөг дээдэс маань эртнээс усны эхийг сахин хамгаалж байгаагаа ухаарч, “Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул!” хэмээн захиж зарлигдсан түүхтэй. Тэгэхээр өрмийн машин, бульдозер, элдэв техникээр зэвсэглэж усны эх рүү довтлох нь зөвхөн монголчуудын эсрэг төдийгүй, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болж байгаа юм. Зарим хүмүүсийн ярьдаг шиг Монголын голууд эх оронч биш гэх нь утгагүй. Харин ч хамгийн цэнгэг усыг бидэнд хүртээж байгаа хамгийн эх оронч бөгөөд усандаа ундрагатай ариун дагшин гол мөрд билээ. Усны эх олон байх нь тухайн нутгийн байгаль ариун дагшнаараа байхыг илтгэдэг гэдэг. Дэлхийн бүх усны 97,5 хувь шорвог ус, ердөө 2,5 хувь нь л цэнгэг ус аж. Харин шууд утгаад уух бололцоотой цэвэр ус гэвэл цэнгэг усны ердөө л 0,3 хувь нь гээд бодохоор Мнголчууд аргагүй амны хишигтэй ард түмэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published.