Categories
Чөлөөт

Солонгосын виз мэдүүлэх журам чангарч, шинэчлэгджээ

Монгол Улсад байх БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн визний журмаа шинэчилсэн байна. Манай улсын иргэд Солонгос улсад ажиллах, суралцах сонирхол жил тутам өсч байгаатай холбоотойгоор виз мэдүүлэх журмаа ийнхүү чангалж, тодорхой заалтуудыг нэмж өгсөн байна. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд зуучлалын компаниар дамжуулан виз мэдүүлж, гарах тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамнаас зуучлалын үйлчилгээ үзүүлж буй компаниудыг бүртгэж албажуулан, зөвхөн бүртгэлтэй зуучлалын компаниар виз мэдүүлэх ёстойг шинэчлэгдсэн журмандаа тусгаж өгчээ. Өмнө нь дурын компани виз мэдүүлэх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан бол одоо зөвхөн албан ёсны бүртгэлтэй компаниар үйлчлүүлэх ёстойг журмандаа тусгаж өгчээ. Үүнээс гадна виз мэдүүлэх журманд ямар өөрчлөлтүүд орсныг товч танилцуулъя.
1.Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлнэ. 2.Гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна. 3.Виз мэдүүлэх гэж буй иргэн өөрийн биеэр Солонгосын виз мэдүүлэх төвд хандах үүрэгтэй. 4.Бүх бичиг баримтуудыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг бичиг баримтуудыг шалгаж дууссаны дараа буцааж олгох ба бусад баримт бичгүүдийг шаардлагатай гэвэл буцааж олгохгүй. 5.Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагаа E-Mongolia цахим порталаас авсан байх хэрэгтэй ба тус цахим порталаас авах боломжгүй бол тухайн бичиг баримтыг эх хувиар нь лавлагаатай хамт бүрдүүлж өгнө. 6.Хуурамч, засвартай бичиг баримт бүрдүүлж өгсөн ба визний хууль бус зөрчил нь хоёр удаа илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болон БНСУ руу насаар нь зорчуулахгүй байх арга хэмжээг авна. 7.Виз мэдүүлгийн маягт дээр очих газар, зорчих зорилго, утасны дугаар, ажлын газар зэргийг хуурамчаар бичсэн тохиолдолд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана. Энэ нь 6-24 сар байна. Олон удаагийн виз мэдүүлэх:
8.10 мянган ам.доллараас дээш зээлийн эрхтэй. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг. Сүүлийн зургаан сарын турш сарын хэрэглээ нь хоёр мянган ам. доллараас дээш зарцуулалттай карт эзэмшигч байна. 9.ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, багш, сэтгүүлч, өмгөөлөгч зэрэг тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажиллаж байгаа иргэд. 10.БНСУ руу хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон гэх мэт иргэн олон удаагийн виз мэдүүлэх боломжтой аж. БНСУ-ын Их, дээд сургуульд суралцах: 1.Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна.
2.Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн сарын орлого хоёр сая төгрөгөөс дээш байна.
3.Эцэг, эх нь нас барсан бол төрсөн авга, нагац, эгч, дүү нь байна. 4.Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл нэг сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх. 5.Нэг жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох. Үүнд, сургалтын зардал, онгоцны билет, амьжиргааны зардал сар бүр 500 ам.доллар байх, мөн бусад зардлууд багтана. Дээрх заалтууд шинэчлэгдэж, мөнгөн дүн, виз татгалзах хугацаа зэрэг нь өндөр болж чангарсан байна. Манай улсын иргэд богино хугацааны виз буюу 30-90 хоногийн хүчинтэй хугацаагаа хэтрүүлэх, зарим нь хоёроос дээш жил тус улсад “харлаж” хууль бусаар цагаачлан ажиллаж амьдарч байгаа. Эдгээр иргэдтэй холбоотойгоор виз мэдүүлэх журам зохицуулалтад мөн адил хатуу өөрчлөлт орсон байна. Тухайлбал, визний хугацаагаа зургаан сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн иргэний төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нарт ямар ч ангиллаар виз гарахгүй байхаар журамлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published.