Categories
Чөлөөт

Маани уншвал эрдэм хэмжээлшгүй төрнө. Нэг насны байтугай хэдэн төрлийн хилэнц нүгэл арилна.

Ачит багшийн айлдвараас: БУСДЫН ТУСЫН ТУЛД САЙН САЙХАН ЗҮЙЛИЙГ ХИЙВЭЛ ӨӨРӨӨ Ч ЖАРГАНА, ТӨГС ГЭГЭЭРЭЛД Ч ХҮРЧ ЧАДНА… -Багш дээдэс маани мэгзим их унш гэж хэлдэг шүү дээ. Хөгшчүүл ч маани л их уншдаг байсан. Энэ ямар учиртай юм бол? -Бурханы шашин Монгол оронд гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Бурханы шашинтай хүн зан үйлээс гадна өөрийн сэтгэл санаагаа номхотгох олон төрлийн ном сургаалыг судалж ирсэн байна. Гүн ухааны хураангуйлсан уншлага номын хэлбэр нь маани юм.
Маани бол Жанрайсиг бурханы зүрхэн ТАРНИ бөгөөд Жанрайсиг бурхан нь бурхан шашны нигүүлсэнгүйн мөн чанарыг үзүүлсэн бурхан. “Ум мани бадмэ хум”-ийг олон уншсанаар сэтгэл нигүүлсэж эрдэм сэтгэлд төрдөг. Маанийг ямар ч насны хүн сурахад амархан, утга гүн, адистид ихтэй агуу ном юм. Адистид гэж орчиндоо сайн сайхныг бий болгодог, оршоодог, дэлгэрүүлдэг гэсэн үг. -Мааниас их номгүй гэдэг шүү дээ. Тэгтэл зургаан үсгээс бүтсэн байдаг. Энэ тухай? -Маани нь зургаан үсэгнээс бүрдсэн учир нь эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг төлөөлж байна. Ум бол тэнгэр, Ма бол асур, Ни бол хүн, Бад бол адгуус, Мэ бол бэрд, Хум бол тамыг төлөөлнө. Жанрайсиг бурханы эрдмийг бодоод маанийн зургаан үсэг тус бүрээс гэрэл цацарч эдгээр зургаан зүйлийн хамаг амьтны зовлон арилах болтугай гэж бодох хэрэгтэй. Бурханы шашинтан хүн дан ганц өөрийгөө боддоггүй, бусад хамаг амьтныг боддог. Тэдний зовлонг арилгаж чадах чадал суухын тулд нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр л зовлонгоос гэтлэх юм.
Энэ зургаан зүйлийн хамаг амьтан үйлийн үрээр төрсөн учир амьтад бүгд зовлонтой, энэ зовлонгоос гэтлэхээр ариун оронд төрдөг. Зургаан зүйлийн амьтны зовлонгийн үндэс нь мунхаг, уур, шунал, атаа чөтөө, омог бөгөөд эдгээр таван муу сэтгэлийг дарах хэрэгтэй. Үүнийг дарвал зургаан зүйлийн амьтанд төрж зовохгүй. Маанийг уншаад бясалгахаар мунхаг сэтгэл нь арилж ухаантай сэтгэл төрж аливаа юмсын ямар учир шалтгаанаас гарч байгаа шүтэн барилдлагыг мэдэх хийгээд маани уншина гэдэг нь цаанаа хоосон чанар, нигүүлсэнгүй сэтгэлийг давхар бясалгаж байнаа гэсэн үг.
Ийм учраас маани нь бурханы номын хураангуй шим нь мөн юм. Маш их сүүг сааж аваад сүүний шим болсон өрөмийг авдагтай адил. Маани уншвал эрдэм хэмжээлшгүй төрнө. Нэг насны байтугай хэдэн төрлийн хилэнц нүгэл арилна. Ном бүгдийн утга хураагдсан гүн ном. Бурхан шашин бол хүнийг хэдэн төрлөөр нь дээш нь татдаг. Далайн ёроол агуу гэдэг ч хэмжиж болох байх. Харин нигүүлсэнгүй сэтгэлийн гүн гүнзгийг хэмжихийн арга байхгүй. Тиймээс маанийн эрдэм агуу юм. Дэлхий хэзээ энх тайван сайн сайхан болох вэ гэхээр хүн болгон нигүүлсэнгүй сэтгэлтэй болсон цагт л болно гэж дээдэс нугууд айлддаг, одоо ч багш нар айлддаг, бид ч тэгж ойлгож явдаг. Бусдыг ойлгож энэрэн нигүүлсдэг байх хэрэгтэй. Надаас өөр хүн байна, надаас өөр хүн жаргал хүсэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Бусдын тусын тулд сайн сайхан зүйлийг хийвэл өөрөө ч жаргана, төгс гэгээрэлд ч хүрч чадна. Эх сурвалж: “Билгийн мэлмий” сонин

Leave a Reply

Your email address will not be published.