Categories
Чөлөөт

Их эзний хөргийн тухай.

Их эзэн Чингис хаан ямар хүн байсан бэ? Бүгд эрж, хайж дүрслэн зурж, домог түүхийн улбааг хайж байлаа. Палладий Кафаров Монголын нууц товчоог олж, Иранаас Судрын чуулган орчуулагдаж, армен, орос, исламын ертөнцөөс, ер хаа сайгүй их эзний байлдан дагуулалтын түүхийн бичгийн сурвалжууд нээгдсээр байсан. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхээс эхлээд… Их хааны хөрөг төрхийг үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн, зурж бүтээсэн олон зураг гарч ирсэн. Гэвч их хаан ямархан дүр төрхтэй хүн байсан бол? гэдэг асуулт хариултгүй хэвээр! ХХ зууны эхээр эзэнт гүрнүүд мөхөв. Зууны эхээр Манж Чин, Орос, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн мөхөж, газрын зураг шинээр зурагдсан. Эзэнт гүрнүүд унахтай зэрэгцэн үй олон түүхэн сурвалж устаж, бас үй олон нь нээгдсэн. Чин гүрний өвийг булаацалдсан Хятадын иргэний дайны явцад Их Эзэн Чингис хааны нууцлагдсан хоёр ч хөрөг ил болж, нэгийг нь Хятадын коммунистууд, нөгөөг нь үндсэрхэг үзэлтнүүд авчээ. Гэхдээ энэ хөргүүд бол Манжийн ч биш, Хятадын ч биш, Монголын өв юм. Монголчууд Хятадаас гараад өөрсдийгөө Умард Юань улс хэмээн нэрлэсэн нь Хятадыг эрхшээхээс татгалзаагүйгээ илэрхийлсэн хэрэг байв. Сүнгээс хойшхи Хятадын династи Мин Монголын дарангуйллын нуранги дороос өндийн босохдоо хамгийн хүнд дарамтыг умардаас Монголчуудаас л авч байлаа. Мингийн хаад Юаний засаглах эрхийг өөртөө бүрэн авахын тулд Монголчуудад байгаа бүхнийг авахыг чармайж байв. Хот балгад, газар нутгаа эртний Хүнчүүдийн үед тогтоосон тэр хилээр буцааж сэргээхийг хичээхийн зэрэгцээ домог түүх, төрийн бэлгэдэл, шүтээн, тамганы төлөө үхэн тэмцэж байлаа. 1.Сайшаал: “Чингис хааны товчоонд” өгүүлсэн нь.
а. Бээжинд буй хөрөг Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн шастирт: “Зургадугаар оны (1340) цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон (Тулуйн сүмийн цол) гурван хааны гэгээн дүрийг (хөрөг) чулуун бурхны сүмд тахив” гэж тэмдэглэснийг үзвэл Чингис хааны хөргийг Юань улсын үед зурж, Тогоонтөмөр хааны үе хүртэл хадгалж байсан нь тодорхой байна. Тогоонтөмөр хаан 1368 онд Дайду хотоос Умард зүгт ухрахдаа энэхүү шүтээн хөргийг найман цагаан гэрийн хамт авч явсан гэж тэмдэглэлд бичсэн байна. Ухаант хаан (Тогоонтөмөр) явахаасаа гурав хоногийн өмнө (1368 оны билгийн улирлын илүү 7-р сарын 26-нд) “Дээдийн ёслолын хорооны түшмэл Арханыг дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайж нарыг авч умар тийш одтугай” гэж зүүн мөрийн түшмэл Ширмэнээр зарлиг уламжлуулсан бөгөөд Архан нар даруй дээдсийн сүмд очиж, тахилгын сайд, тайж түшмэлийн хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгалаа” гэж “Юань улсын түүх, Тогоонтөмөр хааны шастир ”-д тэмдэглэсэн байна. Мөн “Юань улсын түүх-Илай ахайн намтар”-т: “ Тайзу (Чингис хааныг хэлж буй, Хятад түүх бичлэгт гүрнийг үндэслэгчийн сүмийн цолыг ингэж өргөж бичдэг, энэ нь Юань гүрэн болбаас Монголын төр гэж баталдаг)-гийн төрх байдал, дүр ер бус” гэжээ. Богд (Уйгурын хаант улсын үеэс бурхан хэмээх үг ийн хувирч хэлэгдсээр иржээ) эзний тухай Өмнөд Сүн улсын элч Жао Хун “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”-дээ: “Монголчуудын эзэн Тэмүжин гэгч бие бялдар том хүдэр, өргөн магнай, орд сахалтай, төрсөн нь сүрлэг агуу тул ер бус болой” гэж тэмдэглэжээ. “Орчлонгийн элдэв сонин”-доо Марко Поло: “Түүний (Чингис хааны) төрсөн бие нь хүчирхэг, билиг ухаан хурц сэргэлэн, өгүүлэх нь гарамгай бөгөөд нэн баатар эрэлхэгээрээ алдартай” гэж бичүүлсэн бөгөөд “Хубилай хааны төрх байдал нь өвөг Чингис хаан лугаа адил…” гэж бусдаас дуулсан гэжээ. Эндээс Их эзний эш хөргийн тухайд асуулт гарна. Харин Хубилай хааны талаар: “Хубилай болбоос тийм ч өндөр биш ч намханд тооцогдохгүй тэнцүү сайхан биетэй бөгөөд дөрвөн мөч төв тэгш, бүх биеийн байдал дүр төрх нь тэнцэж нийцсэн нь маш сайхан. Түүний царай зүс ариун хээнцэр, заримдаа нүүр дүүрэн улаан гэрэл бадарч сарнай цэцэг дэлгэрсэн мэт сүр жавхлан нь улам нэмэгдмүй. Нүд нь мойл хар бөгөөд хурц тунгалаг. Хамар нь тэгш бөгөөд өндөр” гэж дүрсэлжээ. Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил шадар байсан, өөрөө харсан учир энэ дүрслэл үнэн бодитой мэт. Их эзний дүрийг анх Юань улсын үеийн ордны монгол зураач Хорихосун бүтээжээ. “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д “Ши Юаний 15 дугаар он (1278) 11-р сард, Тайзугийн гэгээн дүрийг зурах зарлигийг Хорихусунд өгөв” гэж тэмдэглэжээ. Тэрээр 1278-1279 онд Юань улсын Тайзу болон өвөг хаан (Есүхэй баатар) дараа нь Тайзун хааны (Өгэдэй хаан) хөргийг зурсан гэдэг. Энэ эш хөргийг одоо Бээжин дэх Дундад улсын түүхийн музейд хадгалдаг байна. Хөргийн өндөр 58,3 сантиметр, өргөн нь 40,8 сантиметр хэмжээтэй, цагаан цаасан дээр өнгө ялган зуржээ. Хөргийн зүүн мөрний дээд өнцөгт “Тайзу хаан буюу Чингис хаан, алдар Тэмүжин” гэсэн бичээс бий. Чингис хааны энэхүү зурмал хөргийг 1953 оны 9 сард Бээжингийн түүхийн музейнхэн Хубэй мужийн Аньлу хэмээх газрын Цэн Хуань гэгчийн үр хойчоос олж авчээ. Энэ хүн XX зууны эхэн үед Иргэн улсын Ерөнхийлөгч Юан Ши Кайн цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үедээ Өвөр Монголоор явж байгаад нэгэн Ван ноёноос хөргийг олж авсан гэдэг. 1962 оны эхээр Жан Хан тэргүүтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн хянан тогтоох хэсэг БНХАУ-ын Соёлын яамны даалгавраар Дундад улсын түүхийн музей дахь зураг, бичээс, судар бичгүүдэд хяналт шалгалт хийх үеэрээ Чингис хааны энэхүү зурмал хөргийг ч мөн шинжлэх ухааны аргаар шалгажээ. Ингээд дээрх мэргэжилтнүүд тус хөргийн цаас, будаг, хүмүүний дүр, барласан бичээс болон зураглалын арга хэлбэр зэргийг нь нарийн шалгаад, тус хөрөг нь Юань улсын үеийн зураачийн бүтээл гэж нотолжээ. Хөргийг Чингис хааны амьд сэрүүн байхад нь зураагүй. Харин түүнийг нас барсан хойно нь зурсан, өтгөс насны нь хөрөг болох нь лавтай гэж үзжээ. Энэ хөрөг нь “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д дурьдсан Хорихосуны зурсан хөрөг байж магадгүй бөгөөд Юань улсын монголын язгууртнууд Дайду (Бээжин) хотоос ялагдан гарахдаа өмнө дурдсан зарлигийн дагуу авч яваад, үе улираан хадгалж байсан байх магадлалтай юм. б. Тайбэйд буй хөрөг. Юань улсын үед Чингис хааны хөргийг хэд хэдэн удаа зурж, олон газар тахиж байсан тэмдэглэл бий. Тухайлбал: “1322 оны 10-р сард Богд сахиулсан Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шидбал Гэгээн хааны шастирт, “1324 оны 8-р сард бичгийн утгач сайдыг томилж, Хотол буянт сүм дэхь Тайзу, Тайзун хааны гэгээн төрхийг тахих зарлиг буулгав” гэж Есөнтөмөр хааны шастирт, 1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон (Тулуй) гурван хааны гэгээн дүрийг чулуун бурхны сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг ажээ. Бээжинд хадгалсан хөргийг олохоос өмнө уламжилж байсан Чингис хааны хөрөг бол Манжийн хааны ордны Ноншиун харш дахь зургийн цуглуулгад байжээ. Энэ цуглуулгад эртний хаад хатад, богд мэргэд ба алдарт сайд түшмэдийн хөрөг таван зуугаад байсан гэдэг. Тэдгээрийг бүгдийг нэхмэл (торго) дээр өнгө ялган зурсан, өндөр нь 59,4 см, өргөн нь 47 см хэмжээтэй байжээ. Эдгээр хөргүүдийг Тэнгэр тэтгэгчийн арван гуравдугаар он (1748)-д хааны зарлигаар хураан хадгалсан гэдэг.
Юань улсын хаад хатдын хөрөг дэхь Чингис хааны хөргийн хэмжээ ч бусад зургуудтай адил бөгөөд бүгдийг нь хамт дэвтэрлэжээ. Эдгээр хөрөг нь бүгд адил хэмжээ хэлбэртэй байхыг үзвэл, Мин улсын үеийн зураачид эх хөргөөс нь хуулбарлан зурсан бөгөөд Ноншиунд хадгалагдаж байсан хөрөг ч мөн хуулбар болох нь дамжиггүй юм. Харин жинхэнэ эш хөрөг нь Монголын язгууртны гэрээс олдож, Цэнь Хуаний хойч үед хадгалагдаж байсан тэрхүү эш хөрөг гэж үзэх баримт нэлээдгүй байдаг юм… гэжээ. 2. Я.Ганбаатар “Чингис хааны харц” өгүүлэлд өгүүлсэн нь: Тэрээр 2018 онд өгүүллээ бичсэн байдаг. Эшлэсэн нь өмнө өгүүлсэн Сайшаалын “Чингис хааны товчоон” бүтээлтэй адил юм. Гэхдээ хэд хэдэн сонирхолтой саналыг дэвшүүлжээ. Үүнд: “Чингис хааны хөргийг зурахад Хубилай хаанаар үлгэр болгосон гэдэг үг үнэний ортой байна. Үүнийг хоёр хааны хөргийг зэрэгцүүлэн харахад төвөггүй мэдэгдэнэ. Чингис хааны хөрөг дээр хааны асаасан дээл, малгай нь ерөөсөө л Хубилай хааны хөрөгт түүний өмссөн тэр дээл, малгай дүрээрээ байна. Хоёр зургийг зурахдаа нэгийг нь суурь болгож, түүнийгээ нөгөөг нь зурахдаа шууд ашиглажээ гэж хэлж болохоор. Хоёр хааны тэргүүн, нүүр царай, сахал үс, чих зэрэг эрхтнийг маш адилхан зуржээ. Та бүхэн ажигтун! Ингээд үзэхээр энэ хоёр зураг нэг үед нэг дор бүтээгдсэн, нэг зураачтай нь эргэлзээгүй байна. 1368 онд Монголын ноёрхол дууссаны дараахан бичигдсэн “Юань улсын судар”-т тулгуурлан Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал “Чингис хааны товчоон”-доо бичсэнчлэн, Хубилай хаан өөрөөрөө үлгэр болгон зуруулсан гэдэг нь үнэн боловч, харин өтөл насны овор суулган үрчлээс нэмж зуруулсан гэдэг нь худлаа юм. Яагаад гэвэл 1279-80 оны үед буюу уг хөргүүдийг бүтээж байх тэр цагт Хубилай хаан өөрөө, өвөөгийнхөө тэнгэрт хальсан тэр насан дээр ирсэн буюу 65-тай болоод байсан тул тэгж өтөл насны овор суулгаж, үрчлээс зураас нэмэх шаардлагагүй мэт санагдана. Харин өвөөгөө ямархуу дүр төрхтэй хүн байсан талаар зураачид сайтар хэлж зөвлөсөн байж таарна. Тайваньд хадгалагдаж ирсэн Монголын хаад, хатдын хөрөг зургуудын хамт хадгалагдаж байгаа Чингис хааны эш хөргийг үзэж шинжээд олж мэдсэн, төрсөн сэтгэгдлээ одоо хуваалцсу. Нэгдүгээрт, энэ зураг бол Чингис хааны эш хөрөг эргэлзээгүй мөн. Бүр тодруулвал, 1278 онд Хубилай хаан өвөг эцгийнхээ хөргийг зуруулах зарлиг буулгаж зуруулсан тэр хөрөг мөн гэж үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн учир байна. Юуны өмнө энэ хөрөг бол энд тэндээс, өөр газраас, хожим хойно тэгж ингэж олдсон гэсэн зохиомол үлгэр домоггүй. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм. Хоёрдугаарт, тэгэхлээр Чингис хааны энэ эш хөрөг бол олон үе дамжин хааны ордонд хадгалагдаж ирсэн эх хувь мөн. Хөрөг дээрх дүр бол өөр хэн нэгэн биш, Чингис хаан мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д дурдсаныг үндэслэвэл, 1277 оны наймдугаар сард Хубилай хааны зарлигаар гүрний их нийслэл Дайду – Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач, монгол үндэстэн Хорихосунд даалгасан байна. Хорихосун зураач их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулж хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ. Түүхэн эх сурвалжаас: Тавдугаар жарны шар Барс жил буюу аргын он тооллын 1278 онд “Хубилай хааны (Ши Юаний) 15 дугаар оны 11 дүгээр сард Тайзугийн (Чингис хааны) гэгээн дүрийг зурах зарлигийг Хорихосунд тушаав” хэмээн “Юань улсын түүх, Тайлга тахилгын тэмдэглэл”-д дурдсан буй. Энд хятадаар галиглан нэр дурдсан Хорихосун бол Чингис хааны дотно анд Хишилиг хэмээх мянганы ноёны ач хөвүүн Хархасун мөн хэмээн дундад эртний түүх шастирт тэмдэглэхдээ: “Хорихосун… мөн Есүхэй баатар, Өгөдэй хааны хөргийг бүтээсэн” гэжээ. Хорихосуны бүтээсэн хөргийг “Чингис хааны гэгээн дүр мөн хэмээн зөвшөөн таалж хааны ордонд хүндэтгэн залсан Хубилай сэцэн хаан арван хэдэн насандаа өвөг эцэг Чингис хаанд бараалхан билиг сургаалыг сонсож, сайшаал шагнал хүртэж байсан” тухай Рашид ад Диний “Судрын чуулган”, Лу.Алтан товч, эрдэмтэн Р. Сайшаалын “Чингис хааны товчоон” (Хөх хот 1987) зэрэг судар шастирт үгүүлснийг үзэхүл монгол зураач 1278 онд зурсан хөрөг Чингис хааны гэгээн дүрийг үнэн мөнд нийцүүлэн бүтээсэн анхны агаад эш хөрөг мөн гэж давхар нотлож байна. Эрдэмтэн Д. Баяр “Эзэн богдын эх хөрөг” (УБ. 1997 он) хэмээх бүтээлдээ: “Хятадын гоминдан намын удирдагч Чан Кай Ши эх газрын хятадаас салан тусгаарлаж Тайваний аралд суурьшихдаа Бээжин дэх хаадын ордонд хадгалж байсан үнэт зүйлсийг авч явсны дотор энд өгүүлэн буй Монгол хаадын… хөрөг орсон” (8 дугаар тал) хэмээн бичжээ. Тайваньд буй Монгол хаадын тэдгээр хөрөг дунд эзэн богд Чингис хааны эш хөрөг байгаа ану эдүгээ бүхий олонд ил болоод байна… гэжээ. Энэ өгүүлэлд хоёр чухал зүйлийг дурджээ. Нэгд, Их эзэн Чингис хааны эш хөргийг зурахдаа Хубилайн хөрөгт үндэслэсэн, хоёрт, Хорихосун (Хархасун) бол Хасар ноёны угсаа бус Хишилэгийн угсаа юм. Хэрэв Хархасун Чингис хааны хөргийг Хубилай хаантай адил зураагүй бол толгойгүй болох энүүхэнд биз. Хоёрт Сайшаал эрдэмтний бичсэнийг зөвшөөх нь тал нутгийн хаан, ордны хаан хоёрын цаг уурын шалтгаант царай төрхийн онцлогийг харуулахыг зорьсон байх талтай юм. Эндээс асуулт гарч байна. Гурав дахь орчин цагийн эш хөрөг. Одоогоор Бээжин ба Тайбэйд хадгалагдаж буй хоёр хөргийн аль нь жинхэнэ эш хөрөг вэ? гэдгээр Хятад, Тайвань хоёр маргаж байгааг эндээс ажиглаж болохоор байна. “Тайванийн эш хөрөг, Хятадын үндэсний музейн энэ хөрөг хоёр хоёулаа нэг цаг үед зурагдсан эх хувилбар бөгөөд нэгийг нь тахилгад, нөгөөг нь залгамжлагчдад нь зориулагдсан гэдгийг эрдэмтэд ер нь баталчихсан юм билээ” гэж Бээжин дэх хөргийг сурвалжилсан сурвалжлагч Зандаахүү өөрийн блогтоо хэлсэн байна. Энэ хоёр хөрөг бол ер нь адилхан бөгөөд Юаний үед зурагдаж, тахилгад ашиглаж байсан гэдэг нь гарцаагүй бололтой байна. Одоо эдгээр хөргийг эш хөрөг гэж нийтээр үзэх болжээ. Гэвч… Коммунизмын жилүүдэд эдгээр эш хөргийг Монгол улсад зөвшөөрөөгүй мэт байдаг. Гэхдээ Хэнтийн Дадалд босгосон хөшөөнд дүрсэлсэн нь төстэй харагддаг. Жич түүхч Нагаанбуу агсан “Их эзний зургийг ивээх гар, тулах хөлгүй зурах ёсон үгүй, тиймээс бүтэн байсан байж таарна, авч явахуйяа амар болгохын тулд тайрсан биз” гэж надад ярьж байсан. Тэр ёсоор нэгэн монгол зураачийн гүйцээж зурсан зургийг хүмүүс эш хөрөг хэмээн эндүүрч тарааж байгаа явдал байна. Магадгүй Дадалд хааны төрсөн газарт босгосон хөшөөгөө Л.Махвал гуай ч ингэж бодож бүтнээр дүрсэлсэн байж магадгүй. Тайваньд олон хаан, хатны хөрөг байдаг агаад тэр бүгд цээж зургийн байдалтай байгаа нь анхнаас тахилын хөргийг ийм л байдлаар зурсны баталгаа мэт санагдаж байна. Ер нь хаадын эш хөргийг зурж, тайж тахих ёс Уйгурын үеэс улбаатай бөгөөд тэр үеийн олон ханын зураг олдсон, тэр дундаа хааныг дүрсэлсэн цээж зураг байдгийг бодвол анхнаасаа ингэж зурсан байж магадгүй юм. Хааны дүрийг анх харсан минь санаанаас гардаггүй. Налайхын дунд сургуулийн сурагчдыг Улсын төв музей үзүүлж билээ, тэгэхэд би 4-5 дугаар ангид л байсан болов уу? Монголын түүхийн танхимыг үзэж байхад Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг зэрэгцүүлэн дээр залсныг үзэж билээ. Тэгж анх Их хааны гэгээн дүрийг харсан, одоо ч яг тэр л дүрээр хааныг төсөөлдөг. Олон хүн мөн яг тэр зургаар хааныг төсөөлдөг нь анзаарагдав. Тэр хөрөг бол Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн 1947 онд зурсан хөрөг байжээ. Хожим энэ хөргөөр Ардчилсан хувьсгалын дараахан хивс нэхсэн нь өнөөгийн Ерөнхийлөгчийн зарлигаас эрт Монгол айл, компани, албан газруудын хоймортоо залдаг шүтээн хөрөг болсон билээ. Ер нь Ү.Ядамсүрэн гуайн зурсан тэр хөрөг Монголчуудын сэтгэл зүрхэнд их ойр санагддаг, тухайн цагтаа албан ёсны шахуу эш хөрөг болжээ. Архи, пивоны үйлдвэр Засгийн газрын шийдвэрээр “Чингис хаан” хэмээх хүндэтгэлийн сархад үйлдвэрлэхэд урд зүгт буй эш хөргийг зурсан шошго тавьсан бол хожим “MSC” компани хар, цагаан гэгдсэн “Чингис” сархад үйлдвэрлэхдээ Ү.Ядамсүрэн гуайн хөргийг шошго болгосон. Ташрамд АН эрх барьж байхад О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа Чингис хааны алдар, дүрийг архинд ашиглахыг хориглох хууль бичиж, түүнийг манай Г.Уянга УИХ-д өргөхөөр ажилласан ч хориг хаалт ихтэй тул мартагнуулсан, тэр хуулийн эх одоо ч УИХ-ын архивт бий байх. Товчлон үүнээс өмнөхийг өгүүлбэл: Коммунизмын жилүүдэд Улсын Төв музейдээ энэ хөргийг залсан нь тэр үеийн төр засаг Ү.Ядамсүрэн гуайн зурсан хөргийг эш хөрөг гэж үзэж, битүүхэндээ хүлээн зөвшөөрч байсны илрэл байж болох. Чухам тийм тушаал, шийдвэр тухайн үед гарсан эсэх нь тодорхойгүй, ер нь байхгүй л болов уу! Учир нь тэр цаг бол коммунизмын эрин бөгөөд феодал ангийн төлөөлөгч Чингис хааныг тэгтлээ эрхэмлэх ёс байгаагүй, 800 жилийнх нь ойг тэмдэглэх гэж оролдсон хүмүүс хэлмэгдэж сүйрсэн түүх бол бий… Чингис хааныг зурсан Ү.Ядамсүрэн гуайн хөргийг эш хөрөг гэж үзэх магадлал бол бий гэж би хувьдаа боддог. Учир нь өмнө дурдсан сурвалжуудад бичигдэн үйлдсэн баримтад Тайзун (гүрний хоёр дахь хаанд өргөдөг цол) Өгөдэй хааны зургийг зуруулсан тухай дурдсан байна. Өгөдэй хааны хөргийн мөн л Тайваньд хадгалан буй (Өндөр 59,7, өргөн 47, торго) бөгөөд царай төрх нь Хубилай хаанаас огт өөр байна. Ширүүн харц, онигор нүд, шингэн хар сахалтай, шовгордуу оройтой үнэт үсээр эмжсэн бүчтэй малгай асаажээ. Дээлийн энгэр ташуу бус дөрвөлжин ухлаадастай ба дотуур цагаан цамцтай байна. Их Монгол улсын Далай хаан Юаний хаадаас онцгой өөр дүрслэгдсэн юм. Ү.Ядамсүрэн гуай Их хааны хөргийг зурахдаа санаанаас сэтгэмжилж зурсан бус Өгөдэй хааны энэ хөрөгт тулгуурлаж зурсан нь илэрхий харагддаг. Тиймээс Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг зэрэгцүүлэн залахад аргагүй эцэг, хөвгүүн харагддаг байсан биз ээ! Чухам ийм учраас бидэнд илүү үнэмшилтэй ойр санагддаг байх. Чингис хаан гуравдугаар хөвгүүн Өгөдэйдээ хайртай байж, их ор залгуулахыг гэрээслэсэн юм. Хэрэв Юаний үед Хубилай хааны зарлигаар зурахдаа Хорихосун Хубилай хааны хөрөгт тулгуурлаж зурсан юм бол Өгөдэй хааны хааны хөрөгт тулгуурласан Ү.Ядамсүрэн гуайн зураг ч эш хөрөг гэгдэх адил эрхтэй мэт. Ү.Ядамсүрэн гуайн зураг хаалттай үеийн гайгаар түүхийн судалгаа дутсанаас малгайн дүрслэл үнэмшилгүй харагддаг дутагдалтай ч малгайг нь зурахдаа Өгөдэй хааны хөргөөс санаа авсан нь батлагддаг. Тэгээд баатар дайчин чанарыг тодруулахын тулд хуяг лүвчилсэн, булган эмжээртэй, барсан хэвнэгтэйгээр дүрсэлсэн байдаг. Тэр нөмрөг манай юм биш, орос зүгийнх болов уу даа! Тухайн цагт Хубилай хаан Юань төдийгүй Их Монгол гүрний их орыг эзэгнэгч гэдгээ батлахын тулд өөрийн насыг өвөг, үндэслэгч Их хааны настай ойр үед бодлогоор адилхан зуруулсан байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь Хайду, Наян нарын бослого дарагдаагүй, их төрийн голомтыг нутагтаа байлгах тэмцэл тасраагүй цаг. Гайхалтай нь Есүхэй баатар, Тулуй хааны зураг алга болжээ!? Бас Өгөдэйн дараа хаан суусан түүний хөвгүүн Гүюг, өөрийн ах Мөнх хааны хөргийг зуруулсан тухай дурдсан зүйл алга! Хэрэв аль нэгний нь хөрөг үлдсэн бол түүнээс ИХ хааны дүрийн багцаа баримжаа авахад амар байхсан. Өгөдэйн угсааныхан Тулуйн угсааныхантай тэмцэн байсан үед Хубилай өөрийгөө өвөг эцэгтэйгээ адил зуруулаад гагцхүү авга ах Өгөдэй хааны хөргийг өөрөөр дүрсэлж үлдээх сонирхол ч байсныг үгүйсгэх аргагүй. Үүнийг сударт зурсан хэмээн бичсэн Есүхэй баатар, Тулуй хааны хөрөг олдвол түүнээс харж болох мэт. Бүр Марко Поло хүртэл “Хубилай хаан Чингис хаантай их адил гэнэ” гэж бичсэн байхыг бодвол санаатай ийм үг гаргаж, тэгээд зуруулсан байж магадгүй юм. Бас Хуилай хааныг хар нүдтэй гэж тодотгожээ. Хуучны домогт Чингис хаан Хубилайг төрөхөд морилж үзээд “Энэ яасан нагацтайгаа адил [хар үс, хар нүдтэй] хүүхэд вэ?” гэж хэлсэн (Эх нь Хэрэйдийн Ванханы дүү Жаха Хамбугийн охин Сорхугтани бэх) басхүү “Судрын чуулган”, Лу. “Алтан товч”-д Хорезмыг дайлаад буцаж ирэхэд Хубилай, Хүлэгү хоёр нэг нь буга (мэдээж Хубилай), нөгөө нь туулай агнаад өвөөгөө угтсанд эрхий хурууг нь өөхөөр тослож мялаасан тухай бичсэн зэрэг нь Хубилай хааныг ИХ эзэнтэй адилхан болгох санаархлыг хоёр талаас гэрчилсэн байж болох талтай юм. Ү.Ядамсүрэн гуайн зурсан хөргийг 1958 онд Говь-Алтай аймгийн музей Ү.Ядамсүрэн гуайгаас гурван зургийн хамт худалдаж авсан юм гэнэ билээ. Говь-Алтай аймагт эх зураг байхгүй, хуулбар нь байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Зураач Чингис хааны хөргийг зурснаас хойш 11 жилийн дараа “Өвгөн хуурч” гэдэг алдарт зургаа зуржээ. Тэр зурагтаа Чингис хааны дүрийг шингээн бүтээсэн, цаг үе хаалттай, халгаатай учраас өвгөн хуурчийн дүрээр зурсан гэх яриа байдаг. Ер нь Ү.Ядамсүрэн гуай маш зөнтэй, өмнө нь бас өөр хүний хөргийг сэтгэж зурсан нь хожим олдсон хөрөгтэй нь тун адилхан байсан гэж ярьдаг. Ховдын музейд Д.Маньбадар зураачийн “Эртний баатар” гэж монгол хөрөг бий. Нэр нь өөр боловч түүнд их хаанаа дүрсэлсэн гэж зарим хүн хэлдэг. Энэ зураг баримтад тулгуурлахаас илүүтэй өөрийн сэтгэлд бий болсон төсөөллийг уран бүтээлээрээ гаргасан мэт. Гэхдээ тэр үеийн ямар ч зураач Их эзний хөргийг төсөөлж, сэтгэж зурахдаа махлаг цагаан царайтай зурж байсангүй. Мэдээж үндэслэл нь ойлгомжтой. Харин сүүлийн үеийн зураачид Бээжин, Тайбейд байгаа эш хөргийг үндэслэж орчин үеийн болгож зурахдаа царай төрхийг тал нутгийн эрэмгий догшин болгож дүрслэх гэж аргаа барж буй харагддаг. Их хэцүү л дээ. Харин Өгөдэй хааны эш хөргөөс эх авч Ү.Ядамсүрэн гуай шиг сэтгэж зурвал тал нутгийн аугаа хааны дүр амархан гарна даа. Түүний зурсан хөргийн харц л Их Эзэн Чингис хааныг минь санагдуулсаар…
Соёлын гавьяат зүтгэлтэн Баатархуяг Авиан

Leave a Reply

Your email address will not be published.