Categories
Чөлөөт

САЙХАН МЭДЭЭ: Монголд анх удаа нэгэн эхийн хэвлийгээс төрсөн дүү нь ахынхаа үүдэл эсийн донор болжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаа амжилттай хийлээ. Тус эмнэлгийн хяналтад байсан цусны хавдартай 23 настай эрэгтэйд 14 настай төрсөн дүү нь донор болжээ.

Энэ тухай товч мэдээллийг хэвлэлүүд бичээд өнгөрсөн ч үүдэл эс гэж юу болох, ямар өвчний үед анагаах ухааны хөгжлийн ололт амжилтуудын нэг, өндөр технологи шаардсан үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийдэг талаар мэдээлэл авахаар УНТЭ-ийн ерөнхий захирал, цус судлаач эмч Б.Хишигжаргал болон Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Ардын эмч, Профессор Н.Оюундэлгэр тэргүүтэй тус багийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзсан юм. УНТЭ-ийн дөрөвдүгээр давхарт Үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг байх агаад энэ хэсэг бол эмнэлгийн жирийн нэг тасгаас тэс өөр. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан тоноглогдсоноос гадна ариутгал халдваргүйтгэлийг технологийн өндөр түвшинд шийдсэн тусгай орчин аж. Энэ тасагт 2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр донороос үүдэл эс шилжүүлэн суулгуулсан өвчтөний эмчилгээ төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна. Харин донор болох 14 настай хүү шаардлагатай эмчилгээ, үе шаттай хяналтын үзлэг, шинжилгээний дараа эмнэлгээс гарч, одоо хэвийн амьдралдаа шилжжээ.

Өвчтөний хувьд эмчилгээ хоёр дахь сардаа үргэлжилж байна. Эмнэлэгт гурван сар гаруй буюу 100 хоногийн турш эмчилгээ үргэлжилнэ гэхээр урт хугацаанд маш нарийн схем, хяналтын дор хийдэг өртөг өндөр эмчилгээ ажээ. Үүдэл эс шилжүүлэн суулгах хэсгийн дуу чимээ намсгагч бүхий гадаад орчноос хязгаарлаж бүрэн тоноглосон хепа шүүлтүүр бүхий ваакуум өрөөнд 24 цагийн ээлжийн сувилагч тасгаасаа гарахгүй ажиллаж өвчтөнийхөө эмчилгээ, үйлчилгээг залгуулж амин үзүүлэлтийг нь цаг минут тутамд хянаж байна. Эмчлэгч эмч Б.Алтаншагай гаднаас орохдоо ажлын шаахай, эмнэлгийн хувцсаа ваакуум тасгийнхаа үүдний өрөөнд сольж, мэс засалд орох гэж буй эмч нар шиг гараа алганаасаа тохой хүртэл савандан угааж, ариутгасан хувцас, хоёр давхар амны хаалт зүүгээд эмчилгээний өрөө рүү нэвтрэв. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ энд дар аад уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published.