Categories
Чөлөөт

Дэлхийн цахим худалдааны хамгийн том зах зээл

Дэлхийн цахим худалдааны хамгийн том зах зээл-БНХАУ Цахим худалдаа гэдэг нь интернет сүлжээ ашиглан мөнгө шилжүүлэх замаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл явц юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим худалдаа эрчимтэй хөгжиж, дэлхийн худалдааны тогтолцооны салшгүй нэг хэсэг болоод байна. Тэр дундаа Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш цахим худалдааны платформууд ямар хэрэгтэй, ач холбогдолтой болохыг дэлхий дахин илүү мэдэрцгээж байна. Интернет хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр цахимаар худалдаа хийгчдийн тоо ч нэмэгдэж байна.Дижитал эдийн засгийн хөгжил, хэтийн төлөвийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг “Statista Digital Market Outlook” платформын мэдэгдсэнээр, БНХАУ бол дэлхийн цахим худалдааны хамгийн том зах зээл бөгөөд дэлхий даяар хийгдэж буй цахим худалдааны гүйлгээний талаас илүү хувь нь тус улсад хийгддэг юм.2020 онд л гэхэд Хятад улсын цахим худалдааны зах зээлийн борлуулалт өмнөх оныхоосоо 14.8 хувиар өсөн 9.8 их наяд юань буюу бараг 1.5 их наяд ам.долларт хүрсэн гэж тус улсын Худалдааны яамнаас гаргасан статистик мэдээнд дурджээ.2021 онд Хятад улс цахим худалдааны зах зээлээс 1,54 их наяд ам.долларын орлого олсноор АНУ-ын өмнө бичигдэж, дэлхийд тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улсын цахим худалдааны зах зээл өнгөрсөн онд 15 хувиар өсөж, тус улс цахим худалдаагаар дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа 9 жил дараалан хадгалж чадсан байна.2021 онд дэлхийн цахим худалдааны зах зээлийн орлогын өсөлтийн 30 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн бол цахим худалдаа нь тус улсын дотоод жижиглэнгийн худалдааны талаас илүү хувийг бүрдүүлжээ. Хятад улсын цахим худалдааны зах зээлийн борлуулалт 2023 он гэхэд 4 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна.Хятад улсад цахим худалдааны зах зээл ингэж хурдацтай хөгжихөд нөлөөлж буй хэд хэдэн чухал хүчин зүйлс бий. Тус улс интернет сүлжээнд холбогдсон хүн ам олонтой буюу интернетэд холбогдсон хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг нь тэдгээр гол хүчин зүйлсийн нэг юм.2021 оны зургадугаар сарын байдлаар, Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давсан бөгөөд хүн амын дундах интернет ашиглалтын түвшин 71.6 хувьд хүрчээ. 2025 он гэхэд Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 1.14 тэрбумд хүрэх төлөвтэй байна.Хятадад уламжлалт хэтэвч хэрэглэхээ бараг больсон гэхэд хилсдэхгүй. Дээр дурдсан интернет хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь гар утаснаасаа интернетэд нэвтэрч, цахим хэтэвчүүд ашигладаг болжээ.Олон улсын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, БНХАУ-ын төр засаг судалгаанд суурилсан алсын хараатай бодлогуудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж, харилцаа холбооны хэрэгсэл болон бусад холбогдох дэд бүтцэд хангалттай хөрөнгө оруулалт хийснээр цахим худалдааны зах зээлийг ийнхүү гайхалтайгаар хөгжүүлж байна. \ Г.Солонго\ copy Дэлхийн цаг.

Leave a Reply

Your email address will not be published.