Унгирал гарах хугацаа 14 хоног үргэлжилнэ. Энэ нь харшил үүсгэдэггүй

Улиас модны унгирал гарч, нийслэлийн ихэнх иргэдийг бухимдуулсан өдрүүд үргэлжилж байна. Энэ жил унгирал багасах ямар арга хэмжээ авсан талаар УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа. Тэрбээр “Унгирал гарах нь байгалийн жам ёсны үзэгдэл. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, унгирал гарах хугацаа 7-14 хоногийн зөрүүтэй байдаг. Энэ жилийн хувьд долоо хоногийн хойно эхэлсэн. Гарах хугацаа нь 14 хоног үргэлжилнэ. Нийслэлд 38.8 мянган улиас байгаагийн 50 хувь нь эм. Бид жил бүр унгирал багасгах арга хэмжээг авдаг. Энэ онд ч мөн хэлбэржүүлж тайрах зэрэг арга хэмжээ авсан” гэлээ. Түүнчлэн унгирал харшил үүсгэдэг эсэх талаар тодруулахад “Улиас модны унгирал харшил үүсгэдэггүй. Харин ургамлын тоос тоосонцор харшил үүсгэдэг. Харшилтай хүмүүсийн 99 хувь нь шарилж зүйлийн харшилтай байдаг” гэсэн юм. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 18-20 зүйлийн мод ургамал тарьдаг байна. Ингэхдээ дийлэнхдээ гоёлын, цэцэглэдэг төрлийн болон шилмүүст модыг түлхүү тарьдаг байна. Харин цөөн тооны улиас тарьдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published.