Categories
Чөлөөт

Цэдэнбалын Зориг байр нэхэж ирсэн юм уу❓❓❓

Турагт уул нь биш юм гэхэд… Цэдэнбалын Зориг байр нэхэж ирсэн юм уу❓❓ Үгүй байх гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэр байр өгчих шиг боллоо гээд шуугижээ. Эрдэнэт үйлдвэрийг бүр сүүлд гэнэт Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон байсан. Яагаад ч гэнэт тийм шийдвэр гаргасан юм бүү мэд. 100 жил, бас сонгууль угтсан ойлголтын хүрээнд л өөрсдөө нэрэмжит болгож фанатуудаас нь оноо авах тооцоо хийсэн биз. Тэрэндээ бантаад өнөөдөр байр өгч л дээ. ( хэрэв өгсөн бол) Ер нь бол томчуудын хүүхдүүд нийтлэг жишгээр л нэг тийм том биш болж төлөвшин, хувь заяаны янз бүрийн эргүүлэгт савагдахад сөрөөд гарах өөрийн гэх хүчгүй хүмүүс болсон нь элбэг таардаг. Ц.Зориг тэдний нэг шиг санагддаг юм.
Иргэншлийн хувьд бол түүнээс шалтгаалахгүй процесс өрнөж наяад оны дундуур гэр бүлээр нь монголын паспортуудыг нь хураан авсан байдаг. Бүр хожим өөрөө хүсэлт гаргаж иргэншлээ сэргээсэн. 2000 онд түүнийг Монголд ирэхэд Хотын захиргаанаас байр өгсөн юм. Өмч хөрөнгө хураасан, хэлмэгдсэн, аав ээжийнх нь шагнал цолыг хураасан гэх сэдвүүдийн хүрээнд тэр анх удаа хүсэлт гаргаж байр хүссэн нь тэр санагдана. Тэр байраа Ц.Зориг саяханыг болтол зараагүй байсан. Увсаас ирсэн, Бал даргын садангийн хүүхдүүд түрээс маягаар суудаг гэж надад ярьж байсан. Энэ яриа 2019 оны хавар намайг Москвад Ц.Зоригтой уулзаж ярилцлага авсаны дараа байранд нь суудаг гэх бүсгүй чаатаар холбогдож байснаар баталгаажсан юм. Ц.Зориг Монголоор сайн ойлгодог, харин ярьж чаддаггүй. Орос ээжийн хатуу нөлөөнд, төрийн хараа хяналтын бүсэд явцуу орчинд өссөн, орос дунд сургууль төгссөн, орост боловсрол эзэмшсэн, орост ажиллаж амьдарсан түүнийг энэ талаар одоо шүүж нүдэх нь жаахан харгис шүүмжлэл юм шиг санагдана. Түүний охин Монголд ирэхдээ иргэншил болоод байр гуйгаагүй байх гэж мөн би бодном. Зүгээр л өвөөгийнхөө улс орныг үзье гэж ирээ болов уу. Манайхан сайндаа монгол дээл л бэлэглээ биз. Анастасия охин нь ч Ц.Зоригтой дотно харилцаагүй, таарамж сайн биш гэж надад ойлгогдсон. Ц.Зориг ааш муутай, нийтэч биш, маш ганцаардмал хүн болж төлөвшсөн… Том утгаараа энэ амьдралыг ганцаараа туулж яваа өвөрмөц тавилантай л хүн. Гэргий нь Горькийн сургууль төгссөн буриад эмэгтэй бий. Дундаа үр хүүхэдгүй тэд сүүлийн жилүүдэд таагүй харилцаатай, тусдаа амьдрах үеүд олон байсан юм шиг санагдсан. Монголд ирэх үед нь харин тэр дандаа хамт ирдэг. Нэг талаас тэр монгол яс цусаа боддог хүнлэг эмэгтэй байх. Нөгөө талаас том гүрэнд толгой хавчуулж явахын зовлонг үүрч яваа жижиг үндэстний тавилангийн хэлтэрхий … Эсвэл эсрэгээрээ маш айхтар хүн ч байж болох.Би түүнтэй 2000 онд Ц.Зоригтой анх Улаанбаатарт ярилцахдаа л нэг таарч, хальт үг сольж байсан. Өөрөөр мэдэхгүй. Цэдэнбал даргын том хүү Владислав 1999 онд гэртээ ганцаараа нас барсан байдалтай олдсон. Тэрбээр гэрлээгүй, үр хүүхэдгүй хүн байлаа. Амьдрал, хувь тавилангаасаа болоод нэлээд уудаг байсан тухай ярианууд ч бий. Юутай ч түүний амьдрал залуугаараа, харамсалтай төгссөн. Москвагийн нэгэн оршуулгын газар түүнийг оршуулж, Ц.Зориг ээжтэйгээ хоёулханаа ахыгаа үдэж байсан гэдэг. Хоёр жилийн дараа буюу 2001 оны намар Анастасия Ивановнаг ч хүүгийнх нь хажууд оршуулсан болов уу. Бал даргад Москвад хотын төвд зургаан өрөө нэг байр байсан. Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд хамгаалагчдынхаа хамт долуулаа тэр байранд амьдарч байсан юм билээ. Ц.Зориг Москвад аавынхаа хамт гэрийн хорионд байсан он жилүүдийнхээ тухай “ Сүүлчийн долоон жил” гэж ном бичиж байсан. Ерээд оны сүүлээр нимгэн цэнхэр хавтастай тэр номыг олж уншиж байсан ч одоо хайгаад олддоггүй юм. Одоо уншвал сонин л байх. Москвагийн арбат орчимд байсан тэр байраа хожим 2000 онд амьдрал нь хүндрээд зарсан юм билээ. Дурсамжууд … бас ойр орчмын оросуудаас эхлээд олон хүн тэднийхийг мэддэг байсан шалтгаан гэх мэт нөлөөлсөн хүчин зүйлс мэдээж байгаа. Чилгэр урт амьдрал шүү дээ. Охиноо ядаж орон байртай болгох асуудал ч гарч ирсэн биз. Харин сүүлд Ц.Зоригт аавынх нь 100 насны ойгоор Монголын төрөөс 2016 онд 15 сая төгрөг олгосон юм билээ. 2016 онд … Энэ үйл явдлыг харин ёстой ойлгоогүй ккк Бас Ю.Цэдэнбалын тухай хийхэд Төрөөс мөнгө гаргаж өгсөн гэж яригдсан. Ийм ажил уг нь кино продакшнуудын л хувийн асуудал баймаар… Төр арай оролцоогүй болов уу гэж бодож байна. Харин нам нь киноны төсөвт анхаарал тавих мэт бол иргэдэд хамаагүй асуудал… Зааг ялгаатай харах хандах зүйлс энэ л юм. Түүнээс Ц.Зоригийг монголчуудаас дандаа юм нэхэж ирдэг мэтээр одоо ингэж хэтрүүлж гоочлох нь арай муухай байх аа. Аав ээжийнхээ нэр төрийг ч бодсон бардам зангаа тэгтэл хийсгэчихэлгүй бас ч гэж гүрийсээр энэ амьдралаа дуусгаж яваа эр болов уу. Хувь тавилангийн хувьд бол тэр онцгой тавилан л туулсан хүн шүү дээ. Төр биш хувь компани эцэг эхийнх нь дурсгалыг хүндэтгэж явдаг иргэд түүнд юу бэлэглэх нь хамаагүй. Иргэд хоорондын асуудал. Анх ирэхэд нь Эрэл компани байр өгсөн билүү, өгөхийг завдсан ч билүү мэдээллүүд цацагдаад л байсан. Төр бол хүмүүсийн хадуурч байгаа шиг нялуураад , нэг удирдагчийн хүү ирлээ гээд л ханараад байгаагүй байлгүй дээ. Тэгэх ч ёсгүй.
Түүнийг гуйлга гуйгаад, эсвэл юм нэхээд яваа мэт аашилж … сошилд харааж зүхэж , гүтгэж буй нь зохисгүй явдал гэж үзэж байна. Тураг болгонд зорих уул байдаг. Түүний хувьд Монгол тэр уул нь ч байж болно. Сүржигнээд л …шүүгээд л яанам бэ …Шүүгдэх хүн тэр биш шүү дээ. Цэдэнбалын хүүгээс илүү үе дамжин Төрд эрхэлж тонгочиж яваа, ял завшигчид, хоорондоо ураглаад хадам хүргэн болж авцгаагаад нам төрд хүссэнээрээ заларч байдаг юмнууд чинь ҮЗЭГДЭЛ болчихоо биз дээ. Орчин цагийн энэ дээдсийг чинь тойрсон сэдвийн дэргэд өнөөдрийн өрнүүлж буй өнчин ганц өвгөний тухай сүрхий сүрхий шүүлтүүд чинь надад бол инээдтэй хөгийн шавшаа яриа мэт санагдав. Би хувьдаа зүгээр л ингэж харж байна… Юуг ч хэтрүүлэх хэрэггүй. Хайр хүндлэлийг ч, хар сэрийг ч…. Жич: Би Ц.Зоригийн найз биш шүү. Мэргэжлийн сонирхлоо дагаж хоёр гурван удаа уулзаж хөөрөлдөн, дэлгэрэнгүй ярилцлага авч байсан л сэтгүүлч хүн. Ер нь бол сонирхолтой хүн мөн үү гэвэл мөн. Мөн би Ю.Цэдэнбал даргыг тахин шүтэгч ч, үзэн ядагч ч биш болно. Сошиал онцлох•••• Сэтгүүлч Б.Ганчимэг

Leave a Reply

Your email address will not be published.