Зул өргөж буян аривдуулахын учир Зул өргөж нь нас нөгчигсдийн хойдын буяныг аривжуулдаг.

Эрт дээр үеэс Монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба сар бүрийн шинийн 8, 15, 30-нд 1, 3, 7, 21, 108-аар зул өргөж, мөн нас нөгчигчсдийн хойтын буяныг арвижуулахын үүднээс зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж ирсэн байдаг. Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болох ба бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна. Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу ҮРИЙН ТОС байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал. Зулыг өргөхдөө нүгэлгүй тосоор өргөхийг санууштай. Шар тос бол малын сүүнээс гарган авсан нүгэлгүй тос, харин сүүлний тос зэрэг нь малыг муулснаас авсан учир нүгэлт тос гэдгийг ухаарууштай. Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин нар зөв ороох ба зулын голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй. Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстойг эрхэмлэн санууштай. Мөн голыг нь ороох үедээ Бурханы өмнө наминчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнэд залбиран бодоорой. Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэж үздэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Ороон имэрсэн голоо цөгцний голд шигтгэн тосоо цутгана. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээ хүртэл хийнэ. Зулаа өргөхийн өмнө хамаг амьтны зовлонг хоцроолгүй арилгах болтугай гээд, “Ум аа хум” хэмээх тариныг олон удаа бодохын сацуу “Ус зула зула бра зула суухаа” хэмээх тарнийг 7 удаа уншихад илүү төгөлдөрших болой. Шүдэнзээр болон бусад шашины бус хэрэглэгдэхүүнүүдээр асааж болохгүй, харин зулыг хүжиндээ гал дүрэлзүүлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй. Зулыг салхи цохихооргүй нам дор бус байрлалд, бурхан номын өмнө өргөвөл зохимжтой. Гэрэлт зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр лам гурван эрдэнэд залбирч өргөхөөс гадна муйхарын 3000 түнэр харанхуйг (муу санаа, архи тамхи, алаан хядаан, хулгай дээрэм гэх мэт) зайлуулан гэгээн буяныг арвижуулж, гэмт нүглийг нимгэрүүлэхийн сацуу бурхан шүтээн бүгдийг баясгаж, улмаар хүний сэтгэл зүрхийг ариусгах болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодох учиртай. Мөн олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэн өргөвөл буян тань мянга, түм болж арвидан ирэх болно. Зул нь заавал том алт мөнгөн цөгцтэй байх албагүй. Гагцхүү таны сэтгэл, сүжиг шингэсэн хамгийн ариун сэтгэл, зүрхний гэрэл гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан, худал, хулгай зэрэг бузар булайгүй байхыг анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож байх ёстой. Зул барилцсан, зул өргөсөн зэрэг нь хамгийн ариун тангараг өргөсөн гэсэн үг. Ийм хүн худал хэлэх, хулгай хийх, улай үзэх, мууд дурлах нь тэнгэр ниргэсэн мэт болно. Зулыг өдөр бүр өргөвөл сайн. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргагүй. Сар бүрийн шинийн найманд, мөн шинийн 15-ны өдрүүдэд зул өргөж, мах идэлгүй, буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их болой.

Leave a Reply

Your email address will not be published.