Categories
Чөлөөт

Өндөр төлбөртэй хувийн сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг олгохгүй болох нь Зөв үү, Буруу юу?

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл, тийм. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, гадаад өрөө яаж дарах вэ гээд асуудал юу мундах билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газарт “бүсээ чангалах” том даалгавар оногдоод байгаа юм. Үндсэндээ хэтэрхий их хөөсөрчихсөн төсвөө хэмнэх шаардлагатай байна. Тэвчиж болох бүхнийг тэвчээд, хэрэггүй зардлуудаа бууруулах шаардлага бий.Гэтэл харамсалтай нь ирэх оны төсөв дээр хэмнэх биш, харин ч хэрэгтэй хэрэггүй баахан зардал төлөвлөчихөөд байгаа.  30 сая төгрөг хэр их мөнгө вэ. Зарцуулж буй хүнээсээ л хамаарах байх. Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрлээ гэх Үндэсний статистикийн хорооны тайланд итгэвэл дундаж орлоготой иргэний 27 сарын цалин гэсэн үг. Түүнчлэн Монголд 905 мянган хүн сард 166 мянгаас бага орлогоор амьдралаа залгуулж буй гэх ста­тистикийг НҮБ-ын хийсэн судал­гаанаас харж болно. Тэгвэл өнөөх 30 сая төгрөг тэрхүү сая шахам хүний 15 жилийн хэрэглээний мөнгө болж байна. Ингээд бодо­хоор 30 сая гэдэг асар том тоо юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш.Жилийн 30 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг айл Монголд олон бий. Жишээ нь, British School of Ulaan­baatar гэхэд 10 мянган ам.доллар буюу бараг 30 саяын төлбөртэй. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 147 хувийн дунд сургуулийн зургаа нь 10­-аас дээш сая төгрөгийн төлбөртэй аж. Мөн 10 сургуулийн төлбөр 5­10 сая төгрөгт багтаж буй.Баячууд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа байна, сургуулиуд зах зээлийн өрсөлдөөнийхөө зарчмаар л төлбөрөө тогтоож байна хэмээн шүүмжлэх нэгэн гарч магадгүй. Нэг талаар тийм л дээ. Гэхдээ 20, 30 саяын төлбөртэй сургуульд улс хувьсах зардал нэрээр жил бүр их хэмжээний мөнгө өгсөөр буйд л гол учир оршино. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн твиттер хуудаснаа “Өндөр төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг ирэх сараас зогсооно” хэмээн бичсэн байна. Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн хичээлийн жилийн санхүүжилтийг олгодог. Өнгөрсөн онд гэхэд 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгосон. Тэгвэл ирэх гуравдугаар сараас эхлэн энэ зардлыг зогсоох нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published.