Categories
Чөлөөт

Г.Отгонцэцэг: Ээжийг өвдөхөд нэг өдөр гагнуур хийгээд авсан цалин 800 мянган төгрөгөө өгөхөд зөндөө баярласан

Герман, Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч, өдгөө сургуульдаа дадлагажигч багшаар ажиллаж буй гагнуурчин Ганболдын Отгонцэцэгийг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.-Монголд эмэгтэй гагнуурчид хэр олон байдаг вэ? -Яг хэдэн эмэгтэй гагнуурчин байдаг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ эмэгтэйчүүд гагнуурчдын маш бага хувийг эзэлдэг юм билээ. Эмэгтэй гагнуурчдын дийлэнх хувь нь мэргэжлээрээ нэлээн удаан ажилласан 30-40 насны хүмүүс байдаг. -Дунд анги төгсөөд мэргэжилтэй боловсон хүчин болж суралцах шийдвэр гаргахад юу нөлөөлөв? -Би айлын том. Арав, зургаан настай хоёр охин дүүтэй. Тиймээс эртхэн мэргэжил эзэмшээд аав ээждээ тусад оръё гэж шийдсэн. -Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчид үеийнхнээсээ эрт буюу 16 настай оюутан болдог. Эрт оюутан болоход эерэг болон сөрөг өөрчлөлтүүд юу байв? -Эрт оюутан болсондоо баярласан. Бид ахлах сургуульд үздэг ерөнхий мэдлэгийн хичээлээ судалдаг ч гэсэн өөрсдийн сонгосон мэргэжлээрээ дадлага ажил хийдэг л дээ. Би анх гагнуур хийж сурч байхад нүд өвддөг, нулимс гардаг байсан. Эерэг давуу тал гэвэл мэдээж үеийнхнээсээ эрт мэргэжил эзэмшиж байна. Тэр хэрээрээ хурдан ажлын байр, өөрийн гэсэн цалин орлоготой болно.-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ. Хөвгүүд нь хэр халамжтай, тусч вэ? -Манай анги 44 хүүхэдтэй, 42 нь хөвгүүн. Надаас гадна нэг охин бий.  Хүнд зүйл өргөх шаардлага гарвал хөвгүүд хоёр охиныхоо өмнөөс хийчихдэг. Бид хоёрыг биеийн хүч шаардсан ажилд оролцуулдаггүй байсан.-Гагнуурчин болохоор суралцаж буй оюутнуудын дунд ур чадварын тэмцээн хэр олон зохиогддог вэ? -Гагнуурын ур чадварын улсын аварга болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээний эрх олгох тэмцээн МСҮТ-үүдийн суралцагчдын дунд жил бүрийн 3-4 дүгээр сард болдог. Би сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, МСҮТ-үүдийн суралцагчдын дунд зохиогддог тэмцээнд сургуулиа төлөөлж оролцохоор болсон. Өнгөрсөн жил гагнуурын уран чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон, одоо Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байгаа Т.Оюун-Эрдэнэ багш маань ирж, намайг дөрвөн сар гаруй хугацаанд тэмцээнд бэлдсэн л дээ. Даанч “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бүх тэмцээн, уралдаан хойшлогдсон. Уг нь би түрүүлэх, цаашлаад дэлхийд аваргад амжилттай оролцох зорилго тавиад бэлтгэлээ маш сайн хийж байсан. Гэхдээ миний нас жаахан юм чинь дараа дараагийн тэмцээнүүдэд оролцож зорилгодоо хүрнээ. -Ажлын байрны саналууд хүлээн авсан уу? -Би 2019 оны есдүгээр сард Герман, Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсээд өнгөрсөн дөрөвдүгээр сард төгссөн. Хараахан 18 нас хүрээгүй. Насанд хүрээгүй болохоор ажлын саналууд хараахан ирээгүй. Харин сургуульдаа үлдэж, гагнуурын багшаар ажиллах санал авсан. Өөрийн сурсан мэдсэн бүхнээ бусдад сургадаг, хэлж ойлгуулдаг учраас багшийн ажилд би дуртай. Тийм дээ ч сургуульдаа багшлахаар шийдсэн. Эхлээд зургаан сар дадлагажигч багшаар ажиллах юм билээ.-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөгөө ямар хугацаагаар гаргадаг вэ. Нууц биш бол төлөвлөгөөгөө хуваалцаж болох уу?-Би гурав гурван жилээр төлөвлөдөг. Одоо дадлагажигч багшаар ажиллаж байна. Үндсэн ажилтан болоод аав ээждээ, өрхийн санхүүдээ туслахаар төлөвлөсөн. Ер нь дан ганц өөрийгөө гэхээсээ  илүү гэр бүлээ бодож төлөвлөдөг. Бүр урт хугацааны төлөвлөгөө гэвэл том дүүгээ коллежид, бага дүүгээ их сургуульд сургана гэж боддог. -Мэргэжлийн боловсон хүчний талаар болон сургуулийнхаа талаар мэдээлэл өгөөч? -Манай Герман Монголын МСҮТ токарь, фрезер, барилгын цахилгаан, сантехникч, гагнуурын мэргэжлээр элсэлт авдаг. Мөн суралцагч нар ерөнхий мэдлэг болон мэргэжлийн хичээлээ үзэхээс гадна герман хэл сурдаг. Мэргэжлийн боловсон хүчний тал дээр хэлэхэд ажлын байр маш эрэлттэй, тэр хэрээрээ цалин нь өндөр. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа хичээлээ тараад гэрийн даалгавраа хийчхээд завтай болохоороо аав, ээждээ туслахыг их хүсдэг байсан. Сурагч болохоор энд тэнд ажилд авахгүй учир зөвхөн гэрийнхээ ажилд л тусладаг байлаа. Харин мэргэжлийн боловсон хүчин болоод МСҮТ-д суралцсаныхаа дараа санхүүгийн хувьд аав ээждээ дарамт болохгүйгээр өөрийгөө аваад явах чадвартай, цаашлаад өрхийнхөө санхүүд тодорхой хэмжээгээр нэмэр тус болох чадвартай болсон. Ер нь л мэргэжлийн боловсон хүчин болох олон давуу талтай.-Засгийн газраас МСҮТ, коллежийн оюутнуудад тэтгэлэг олгодог. Чи цалин, орлогоо хэрхэн зарцуулдаг вэ. Анх удаа авч байсан хамгийн өндөр цалин хэдэн төгрөг байсан бэ? -Анх намайг элсэхэд 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байснаа өнгөрсөн гуравдугаар сараас хоёр дахин нэмэгдэж, 200 мянган төгрөг болсон. Хамгийн анхны тэтгэлгээрээ гагнуурын хэрэгсэл худалдаж авсан. Мөн тэтгэлэг, орлогынхоо 10 хувийг хадгаламжинд хуримтлуулдаг. Үлдсэн мөнгөө өөртөө болон дүү нартаа зарцуулж, өрхийнхөө санхүүд нэмэрлэдэг. Танилаараа зуучлуулж дөрвөн ч удаа халтуур хийж байсан. Хамгийн өндөр цалин гэвэл машины хамгаалалттай дөрвөн гупер нэг өдрийн дотор гагнаж өгөөд 800 мянган төгрөг авч байсан. Тухайн үед ээжийн бие өвдчихсөн байсан. Авсан цалингаа бүгдийг нь ээжийнхээ эмчилгээ, эм тарианд зарцуулсан. Ээж “18 ч хүрээгүй охин минь мэргэжил эзэмшээд, тэр мэргэжлээрээ нэг өдөр ажил хийгээд ийм их мөнгө авчирч өглөө” гээд зөндөө баярласан. Мөн гэр орныхоо болон хүмүүсийн хашаа хайсыг гагнадаг. Гэрийнхээ хайсан хашаануудыг гагнасныг хараад ээж “Охиноо гагнуурчин болсон гэдгийг мэдсэн ч ингэж гоё гагнана гэж бодсонгүй. Бахархаж байна” гэж хэлсэн.-Гагнуурын захиалга өгсөн хүмүүс чамтай анх уулзаад ур чадварт чинь эргэлзэх тохиолдол гарч байв уу?-Анх уулзчихаад “эмэгтэй хүүхэд юм уу” гэдэг  (инээв). Уг нь гагнуур хийлгэе гэж дуудсан хэрнээ “Яаж  гагнахыг чинь харъя. Тэгээд шийдье” гэдэг. Намайг гагнуураа хийгээд дууссаны дараа миний тухай сэтгэгдэл нь шал өөр болсон нь мэдэгддэг л дээ. “Ямар мундаг гагнаа вэ. Чи чинь ёстой шивдэг юм байна” гэж хэлдэг.-Даган дуурайж, үлгэр жишээ авдаг “Role model”-оосоо нэрлээч? -Миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хамгийн ихээр үлгэр жишээ авдаг хүн бол миний аав. Манай аав сантехникч мэргэжилтэй. Аав анх намайг цахилгаанчин болгох хүсэлтэй байсан. Би ааваасаа зөрөөд гагнуурчин болсон л доо. Сургуульдаа элсээд хоёр сар болж байсан үе. Сургуулийнхаа дадлагын байранд гагнуур хийж байхыг аав маань хажуугаас харсан юм билээ. Тэгээд миний хийсэн гагнуурыг хараад “аавынх нь буруу байжээ. Миний охин гагнуурчин болох ёстой юм байна” гэж хэлсэн. Харин мэргэжлийн тал дээр гурван хүн бий. Оросын Диана гэж эмэгтэй гагнуурчин бий. Мөн Ерөнхийлөгчөөс “Шилдэг залуу ажилчин” шагнал хүртсэн Э.Уужимсэтгэлт гэдэг эмэгтэй гагнуурчин болон манай сургуульд багшилж байгаад одоо Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байгаа Т.Оюун-Эрдэнэ гэдэг ах бий. Энэ гурван гагнуурчнаас үлгэр жишээ авдаг. Т.Оюун-Эрдэнэ багшийн хувьд өнгөрсөн жил зохион байгуулагдсан гагнуурын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон. Би өмнө хэлсэн дээ намайг МСҮТ-үүдийн суралцагчдын дунд зохиогддог гагнуурын ур чадварын тэмцээнд оруулахаар бэлдэж байсан багш минь. -Энэ шинэ хичээлийн жилээс эхлэн өөрөө багшаар ажиллана. Шавь нартаа юуг зааж, захих вэ? -Заах ёстой гагнуурын хичээлээсээ гадна хичээл зүтгэлтэй байх, аливаа зүйлд шантрахгүй дахин дахин оролдлого хийх, мөн хөдөлмөрч байхыг зааж захина.-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт  хүсье. -Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.