Categories
Чөлөөт

Т.Алтангэрэл: Жин ихэснэ гэдэг нь бадгана их хуралдаж байна гэсэн үг

Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч Т.Алтангэрэлтэй ярилцлага хүргэж байна. Хөл хорионы үед хүмүүс нойрны асуудалтай болох нь ихэсч байх шиг. Хэрхэн чанартай нойр авч, нойр гүйдэлгүй байх вэ? -Хүн амьдралынхаа гуравны нэгт унтаж байдаг гэж үздэг. Гуравны хоёрт нь сэрүүн байдаг. Бид нарын өдөр тутмын ажлын бүтээмж буюу тухайн өдөр ямархуу байх нь тэр унтаж өнгөрүүлэх гуравны нэгийн чанараас шууд шалтгаалдаг.Унтах нэг хэрэг, унтахдаа ямархуу чанартай унтаж байна вэ гэдэг маш чухал.Хүн чанартай унтаж чанартай нойр авахын тулд унтах бэлтгэл гэж зүйл байх ёстой. Мөн байгалийнхаа цагтай зохицож байх ёстой. Уламжлалт анагаах ухаанаар 22 цагийг шар цаг гэж үздэг. Мөн 22 цагаас эхлээд шөнийн 2 цаг хүртэл хүний бие махбодь өөрөө өөрийгөө байгалийн жамаар анагааж, цэвэрлэж байдаг гэдэг. Энэ цагуудад хүний шар үсний нүх сүвүүд илүү тэлж, бид нарын биед хуримтлагдсан байгаа бохирдол гадагшилдаг. Ер нь хүний биед хуримтлагдсан байгаа хоол хүнсний үлдэгдлээс үүссэн, бидний биед байгаа бохирдол хамгийн ихээр бидний арьсаар гадагшилна гэж уламжлалт анагаах ухаанд үздэг л дээ. Тиймээс хүний унтах ёстой цаг 22 цаг юм. Хэдий тийм ч хүмүүс завгүй, ажлаа тараад гэр рүүгээ очих гэж бөөн түгжрэл, гэртээ ирээд хоол унд хийх гэсээр орой болчихдог. Тэгэхээр 22 биш юм аа гэхэд 23, үгүй ядаж 24 цаг буюу шөнийн 00 цагаас өмнө л унтаж хэвших хэрэгтэй. 00 цагаас хойш бол хэчнээн олон цаг унтсан ч жинхэнэ амралт болж чадахгүй. Сүүлийн үед нийгмийн ийм байдалтай холбоотойгоор, хүмүүсийн өөрсдийн хэрэглээтэй холбоотойгоор их нойр гүйдэлтэй болчихоод байна л даа. Нойр гүйдэлтэй байнаа гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тухайн ажлын бүтээмж, амьдралын утга учир алдагдаж эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр тэр гуравны нэгийн чанар буюу нойрны чанар маш чухал болоод байна.
Би “Нойрны чанарыг дээшлүүлье” гэдэг сургалт хийсэн. Энэ сургалтаар бид нойр гүйдлийн шалтгаанаа олох гэж их ажилласан. Хүн ер нь асуудлаа мэдэж байж, асуудлаа шийднэ. Мэдэхгүйгээр шийдэх боломж байхгүй. Тийм учраас яг юу нойр гүйдэлд хүргээд байна гэдэг дээр их ажилласан. Тэгэхэд ерөөсөө л хүмүүсийн хэрэглээтэй холбоотой юм байна гэдэг нь гарч ирсэн. Өөр нэг гадны хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр хүмүүс өөрсдийн гар утасны хэрэглээ, өөр бусад хэрэглээнээс л үүдэлтэй байна. Ийм болхоор хүмүүс өөрсдийн хэрэглээндээ ухамсартайгаар хандаад энэ асуудлаа шийдэж болноо л гэсэн үг. Ихэнх хүмүүс утсаа бариатай орондоо ордог, тэгээд нойроо хүрэн хүртэл утсаа ашиглана. Мөн орой унтахынхаа өмнөхөн хоол хүнс иддэг. Эсвэл телевизор үзэж байгаад унтдаг. Энэ бүгдэдээ л ухамсартайгаар хандаж, нойр гүйдлээ шийдэж болно. -Нэгэнт нойр гүйдэлтэй болсон бол яах вэ? Нойр гүйдлийн шалтгаан нэгдүгээрт, хүмүүсийн өөрсдийн хэрэглээ. Хоёрдугаарт, нийгмийн нөхцөл байдал нөлөөлж байна. Гуравдугаар, Монгол орны цаг агаарын онцлогоос Монголчуудад үзүүлдэг хийтэй холбоотой. Хий махбодь өөрөө хөнгөн, сэрүүн, хөдөлгөөнтэй гэсэн шинж чанартай учраас тухайн хүн хийдсэн бол нойрны чанарт нөлөөлөөд нойр нь яг л ялгаагүй хөнгөн, сэрүүн, хөдөлгөөнтэй болж эхэлдэг. Хэрвээ сайн унтая гэж бодож байгаа бол нойрны бэлтгэл гэж зүйл заавал байх хэрэгтэй. Барууныхныг харж байхад орныхоо хажууд дандаа номтой байдаг. Тэр номыг уншиж, утгыг авахаасаа илүү тэр номыг барихад бие махбодь тархи юу гэж ойлгодог вэ гэхээр унтах цаг болсон байна гэж ойлгодог. Тэгээд л шууд амарчихдаг. Тэр номыг их уншихдаа гол биш, өөртөө дохио өгч байна шүү дээ. Яг тэрэнтэй адил бид жишээ нь 22 цагаас унтдаг бол унтахын өмнөх нэг цагийг унтахдаа бэлтгэх ёстой. Өрөөнийхөө гэрлийг багасгаж, цахилгаан хэрэгслүүдээ салгаад, гэр бүлийн дулаан амьсгал үүсгэх хэрэгтэй, өөртөө унтах цаг болж байна гэсэн дохиог л биедээ өгөх ёстой. Жишээ нь хүний эрүүл мэндтэй холбоотой байдаг өтгөн хаталтын үед хүн өөрийгөө дасгалжуулах боломжтой. Өглөө босоод 1-2 аяга ус уучихаад, ариун цэврийн өрөөндөө ороод суухад энийг хүний бие махбодь “хүндрэх” цаг гэдэг ойлголтыг хүн өөрөө өөртөө өгч байх ёстой. Өөрөө өөрийгөө л тэр зөв дадал руу, үйлдэл рүү дадуулна. Тэрнээс би “хүндэрч” чадахгүй байна, би өтгөн хаталттай, эсвэл би нойр гүйдэлтэй гээд яваад байвал энэ улам дэврээд л яваад байна. Тиймээс өөрөө өөртөө тухайн үйлдлийг хийх код дохио өгч байх хэрэгтэй.Нэгэнт нойр гүйдэлтэй болсон бол юунаас болоод нойр гүйдээд байгаа шалтгаанаа л эхлээд олох хэрэгтэй. -Нойр гүйдлийн нэг шалтгаан нь хийдэх гэлээ. Хүн юунаас бол хийддэг юм бэ? -Хийдэх тухай ярихын тулд эхлээд таван махбодийн тухай ярих хэрэгтэй болоод байна л даа. Гал, ус, шороо, хий, огторгуй гээд таван махбодь байдаг. Энэ таван махбодь уламжлалт анагаах ухааны үндсэн мэдлэг болдог. Энэ хорвоо ертөнц дээр байгаа амьд болон амьгүй бүх зүйл энэ таван махбодиос үүссэн гэж үздэг. Монгол орны хувьд энэ таван махбодиос хий шинжийг илүү их агуулдаг. Тухайн орны уламжлалт хоол хүнс гэдэг нь тэр орныхоо цаг агаарын онцлог нь тэнд амьдарч буй хүмүүсийн биед үзүүлж байгаа тэр гэмийг засах үйлчилгээтэй байсан байгаа юм. Монгол орон бол хуурай, сэрүүн, эрс тэс уур амьсгалтай, таван махбодийн хий шинжийг түлхүү агуулсан учраас монгол хүмүүс маань хийдэх магадлалтай байдаг. Хий оршдог гол орон бол бүдүүн гэдэс байдаг учраас хийдсэн хүмүүс хэвлийн жин ихтэй, хий хуурай шинжтэй байдаг учраас хүмүүсийн арьс хуурайшилттай, хий хөдөлгөөнтэй сэтгэл санаа тогтворгүй, нойргүйдэлтэй болдог.Энэ бүх сөрөг үр дагавруудыг дарах зүйл бол уламжлалт хоол хүнс юм. Харамсалтай нь сүүлийн үед уламжлалт хоол хүнсээ хэрэглэх нь багассан. Хэрэглэх сонирхолтой хүмүүс нэмэгдсэн ч бүрэн гүйцэд зөв ойлголттойгоор хэрэглэж чадахгүй байх нь элбэг байна. Хий үүсгэдэг хоол хүнс гэвэл түүхий жимс ногоо, хүйтэн ус, кофе. Мөн цаг агаарын онцлог, хүнс, мэдээллээс хүртэл хүн хийддэг. Учир нь мэдэээлэл, хий хоёр нь хоёул хөдөлгөөнтэй зүйл. Кофе бол үнэрээрээ хүний сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ үүнийг зөв хэрэглэх ёстой. – Сүүлийн үед хүмүүс кофег шар тостой хамт хэрэглэдэг болсон. Энэ нь хэр зохистой вэ? – Шар тос нь хүний биед үүсч байгаа токсинс буюу гэмийг уусгах үйлчилгээтэй. Тийм учраас барууныхан шар тосыг их хэмжээгээр хэрэглэдэг. Бид шар тосыг цайндаа хэрэглэдэгтэй ижил тэдний түлхүү хэрэглэдэг зүйл кофе учраас хамт хэрэглээд байгаа юм. Түүнээс Монгол хүмүүст зохимжтой идээ биш. Харин тэдний биед таараад байгаа учир нь цаг агаарын дулаан уур амьсгалтай холбоотой. Мөн ихэнх нь гал үүсгэгчтэй буюу шар бие махбодьтой хүмүүс байдаг учир хий шинж чанартай хүнс идэхээр арга билгийн хуулиар тэнцвэртэй байдаг. Монголчууд бол хий давамгай хүмүүс учир зохимжгүй гэсэн үг. Би баруунд зургаан жил амьдарсан. Тэд кофег өглөөд л нэг уудаг. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байдаг ч гэлээ цөөхөн хувийг эзэлдэг. Манай улсын хувьд кофе шопуудын аяганы хэмжээ том, мөн кофеныхоо сүүг их хэмжээгээр хийдэг нь хүний гэдсийг дүүргээд байдаг талтай. Тэгэхээр хэмжээ их чухал. Би монголчуудтайгаа олон жил ажиллаж байна. Ерөнхийд нь ажиглахад хэмжээ, тав тухаа ихдүүлсэн санагддаг. Кофе ууж болно. Гэхдээ зөв уух хэрэгтэй. Ногоон цайг ч гэсэн усанд дүрээд л авчихдаг. Ингэхээр зүгээр л өнгөтэй ус уугаад байна гэсэн үг. Сайхан хандлаад зөв уух хэрэгтэй. Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал. – Хэвлийн таргалалт юунаас болж үүсдэг вэ? Манай монголчууд эр эмгүй хэвлийн жин ихтэй болчихсон. Энэ нь нэг талдаа хийтэй холбоотой. Яагаад гэвэл хий оршдог гол газар нь бүдүүн гэдэс. Мөн монголчууд хөдөлгөөн багатай, хэрэглээ ихтэй. Жишээлбэл, бидэнд тогтсон өглөө, өдрийн цайны цаг байна уу? Түүнчлэн хүмүүс өдөр нэг цагт хоол идчихээд гурван цагт найзтайгаа уулзахдаа дахиад хоол иддэг. Тухайлбал, тортыг баяр ёслолоор л иддэг шүү дээ. Гэтэл монголчууд кофе шоп орох болгондоо идээд байгаа юм. Тортонд маш их сахар агуулагддаг. Сахар нь шороон махбодьтой, шингэц удаантай. Тэгэхээр хэвлийн таргалалт нь хий, хэрэглээтэй холбоотой байдаг. Тиймээс хоол хүнснийхээ хэмжээнд анхаарч, аягаа багасгаарай гэж хэлье. Мөн өдөрт иддэг давталтаа бууруул. Хэдийгээр хүн органик, эрүүл хүнс хэрэглэдэг байлаа ч заавал хөдөлгөөн хийж байх ёстой. Хүн өдөр бүр 30 минут хөдөлгөөн хийхэд л хангалттай. Гэтэл хүмүүс тогтмол бус санасан үедээ хөдөлгөөн хийгээд байдаг. Хүн гэртээ идэвхтэй хөдлөөд байхад л дасгал болчихно. – Хөдөлгөөн хийх хүсэлгүй үед яаж өөрийгөө ялан дийлэх вэ? -Жин ихэснэ гэдэг нь бадгана их хуралдаж байна гэсэн үг. Бадганыг үүсгэгч махбодь нь шороо учраас хүн суугаад л байдаг. Тиймээс шууд гараад л агаарт алх. Агаарт алхах үед хүний сэтгэл санаа сэргэдэг. Анх биднийг иогоор хичээллэж байхад иогийн багш нар өөрсдөө дасгалаа хийдэггүй шүү гэж хэлж байсан. Ерөөсөө л матаа дэлгээд дасгал хийгээрэй гэж байсан юм. Нэг дасгал хийхэд дараагийн зүйлээ хийх сэдэл төрдөг. Яг үүнтэй адил таргалалттай, сэтгэл санаа тогтворгүй, өөртөө итгэлгүй болчихсон хүмүүс бүх юмаа орхиод зүгээр л гараад алх. Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалахад сэтгэл санаа сэргэдэг. Сэтгэл өөдрөг байвал урам зоригтой, өөртөө итгэлтэй болж дасгал хөдөлгөөн хийх сэдэл төрж эхэлдэг. Ихэнх хүмүүс ууланд алхаж, эсвэл спорт зааланд бэлтгэл хийж байж хөдөлгөөний дутагдлаас гарна гэж боддог. Гэтэл гэртээ байсан ч хөдөлгөөний дутагдлаас салах боломжтой шүү дээ. Тухайлбал, гэрийнхээ ажлыг өөдрөг, идэвхтэй хийх хэрэгтэй. Мөн хүн бүрийн хийх боломжтой нэг зүйл бол 108 мөргөл. Хүмүүс анх хийхдээ 108 гэдэг тооноос нь айгаад байдаг. – Мөргөлийг 108-аар эхэлж чадахгүй бол хэдээр хийж болох вэ? – Миний хувьд “Тэгш хэм 108 мөргөл” гээд ном гаргасан байгаа. Энэ номонд тоог нь хэрхэн мартахгүй, амар аргаар хийх вэ гэх мэт олон талаас нь тайлбарлачихсан байдаг. 108 мөргөлийг 21 удаа таван тойрогт хуваагаад хийж болдог. Таван тойрогт 21 удаа гэхээр 105 болчихно. Тэгэхээр сүүлийн гурвыг нь 106, 107, 108 гээд дуусгана гэсэн үг. Анхлан хийж байгаа хүмүүсийн хувьд 21 удаа буюу нэг тойрог мөргөж болно. Эхлээд 21 удаа хийсэн бол дараа нь гурван тойрог буюу 61 удаа хийнэ. Хоёрын тоог бид таашаадаггүй шүү дээ. Тийм учраас би хоёр тойрог хий гэж хэлдэггүй. 108 мөргөл хийхэд 25-30 минут л зарцуулагддаг. – Ямар хүмүүс мөргөл хийж болохгүй вэ? – Төрсөн, хагалгаа хийлгэсэн хүмүүс мөргөж болохгүй. Би гурван сар хагасын өмнө хагалгаагаар төрсөн. Хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг олон асуудал тулгардаг. Би мөргөлийн номондоо ч гэсэн хагалгаагаар төрсөн тохиолдолд зургаан сарын дараа мөргөж эхлээрэй гэж бичсэн байгаа. Үүнийг эмчилгээний иогийн судалгаанд үндэслэсэн юм. Би төрснийхөө дараа ийм удаан хүнд биетэй байх юм уу гэж бодоод 40 хоноод мөргөж эхэлсэн. Эхний өдөр би гуравхан мөргөсөн, өдөр болгон тууштай байж чадаагүй л дээ. Хагалгаагаар төрөөд гурван сарын дараа л бие тэнхэрдэг юм байна. Хагалгаагаар төрсөн, өөр шалтгааны улмаас хагалгаанд орсон бол гурван сарын дараанаас мөргөж эхэлбэл зүгээр. Гэхдээ жирэмсэн, нуруундаа гадны биет суулгасан хүмүүс мөргөж болдоггүй. Учир нь мөргөл хийхэд хэвлий дээрээ тулж хэвтдэг учир жирэмсэн ээжүүд болохгүй. Бусад тохиолдолд бол бүх хүмүүс мөргөж болно. Мөргөл хийж байх үед заримдаа хүний бие хүндэрдэг. Энэ нь бодолтой холбоотой. Мөргөл хийж байхад бие хүндрээд эхлэнгүүт бодлоо ажиглахад таагүй зүйл бодсон байдаг. Тэгэхээр муу бодлоо арилгахын тулд амьсгалаа ажиглах хэрэгтэй. Мөн нурууны өвдөлт нь маш олон шалтгаанаар үүсч болно. Аваар осол, стресс, суудлын ажил гэх мэт. Ялангуяа хүмүүсийн ачаалалтай холбоотойгоор нурууны өвчин нийгмийн өвчин болж байна. Мөргөл нь нурууны өвчнийг маш сайхан анагааж өгдөг. Нуруу эрүүл байвал хүн эрүүл байдаг. Та нар ажиглаарай. Нуруу нь цэх настай хүмүүс эм ууж, эмнэлэг явдаггүй. – Хавар яагаад хүмүүс ядарч, сэтгэл санаа нь тогтворгүй болдог вэ? -Үүнийг би намар нь хийдсэнтэй холбоотой гэж ойлгодог. Энэ бол миний сургалтуудаас ажиглагдсан ойлголт л доо. Мөн ямар хүнсийг аль улиралд идэж байгаа нь их учиртай. Монголчууд халуун чанарын хоол хүнсийг намар иддэг байсан. Учир нь хийн гэмийг засахын тулд халуун чанартай хоол хүнсээ намар хэрэглэдэг байсан гэсэн үг. Гэтэл орчин цагийн хүмүүс намар шинэ ногоо гарах үед детокс хийж, мацаг барьж байна. Мацаг барьж байгаа үед хүн хийддэг. Яагаад гэвэл тодорхой хэмжээгээр зарим хоол хүнсийг нь хорьчихдог шүү дээ. Тэгэхээр намар түүхий ногоо жимсээр мацаг барьж, детокс хийхээр хийдчихдэг. Намрын хийг өвөл эмчилсэн ч сайн засал болдоггүй учир хавар нь сэдэрдэг гэж би боддог. Хэрэв намар хийдэхгүй бол өвлийг өнтэй даваад хавар нь хэвийг байна. Тэгэхээр хаврын ядаргаа нь намар гам алдсантай холбоотой юм. Нөгөө талдаа бид байгалийн амьтан. Ядраад байна гэдэг чинь байгальтайгаа ойр бай, эрчим хүч, энерги ав гэсэн дохио. – Хаврын улиралд мацаг барих нь зөв үү? – Мацаг барих үед хоол хүнсээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа учир хийддэг. Хамгийн гол нь мацгийн гэмийг дарах мэдлэгтэй байх ёстой. Миний хувьд мацгийн талаар гурван ном бичсэн. Би номоороо дамжуулж мацгийг барихдаа мэдлэгтэй, багшийн удирдлага дор, хийгээ зассаны дараа барих хэрэгтэй гэдэг санааг хэлсэн байгаа. Мацгийг хэрхэн хийдэхгүй барих вэ, хэрхэн толгойгоо өвдөхгүй, амар амгалан барих вэ гэдэг арга замыг иогийн багшийнхаа үүднээс зааж өгдөг. Уламжлалт анагаах ухааны онолоор бол хавар мацаг барихыг хорьдог. Хавар ядаргаанд ороод байна гэдэг нь бидний биед бохирдол байна л гэсэн үг. Үүнийг л засах хэрэгтэй. Мацаг гэхээр хүмүүс ус уух ёстой юм байна л гэж ойлгодог. Мацаг нь үндсэн гурван төрөлтэй. Тухайлбал Шингэн мацаг Хагас мацаг Хуурай мацаг гэж байдаг. Монголчуудын хувьд хагас мацаг барих нь хамгийн тохиромжтой. Энэ дундаа миний хийдэг эмчилгээ нь кичари юм. Уг эмчилгээ нь Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд аюурведийн эмчилгээ. Олон зуун жилийн тэртээгээс хүний бие сэтгэлийг бүхэлд нь анагаах зорилгоор кичари эмчилгээг хийсээр ирсэн. Энэ эмчилгээний үндсэн орц нь шар тос. Шар тос нь бидний биед байгаа бохирдлыг уусгах үйлчилгээтэй гэдгийг түрүүн хэлсэн. Тэгэхээр мацаг барихын тулд яах ёстой, яавал амар давах вэ гэдэг мэдлэгүүдийг л эзэмших нь чухал юм. Монголчуудын хувьд хий засах аргуудаа зөв сурчихвал бусад мацгийг ч барих боломжтой. Онол амьдрал дээр үнэн болох ёстой. Тиймээс хүн хавар биеэ цэвэрлэх нь зөв. – Хүмүүс сүүлийн үед жүүсээр мацаг барьдаг болжээ. Энэ нь хэр тустай вэ? – Жүүсний мацаг нь шингэн мацгийн төрөлд багтдаг. Шингэн мацаг нь усан, жүүсний, нимбэгний мацаг гэх гурван төрөлтэй. Жүүсээр мацаг барьж буй тохиолдолд савлагаатай жүүс хэрэглэхгүй. Шууд жимсээ шахаад цэвэр жүүс уух нь зүйтэй. Ингэхдээ аяганы 2/3 нь цэвэр жүүс, 1/3 нь цэвэршүүлсэн ус байх ёстой юм. Монголчуудын хувьд энэ төрлийн мацаг барих гэхээр хэрэглэж байгаа бараа нь импортынх, хятад ногоо жимс. Тэгэхээр бидний хувьд жүүсээр мацаг барих боломжгүй. Мөн жимс нь сахар ихтэй бөгөөд хийдүүлдэг. Би мацгийн зургаан төрлийн сургалт явуулдаг. Тэр дундаа жүүс мацаг нь маш хүнд байдаг. Учир нь сахар ихтэй, хий үүсгэдэг учир хүмүүст маань хэцүү байдаг. – Хагас мацгийг яаж барих вэ? – Хагас мацгийг өөрийн биед байгаа бохирдлыг уусгах зориулалттай гэж ойлгож болно. Дээрээс нь 24 цагийн мацаг, кичари эмчилгээ нь хагас мацагтаа ордог. Мацаг нь уусах, анагаах, жаргаах гэсэн дараалалтай байдаг. Эхлээд биед байгаа бохирдлоо уусгана. Энэ нь хагас мацгаар эхэлдэг. Хийгээ дараад ирэхээр сэтгэл санаа сайхан болоод жаргааж дуусна гэсэн үг. Мацаг нь эхлээд биеэс хоол хүнсийг зайлуулна. Хоол хүнс байхгүй бол өөрийгөө анагаадаг ухамсартай. Мацаг барихын өмнө биед хуримтлагдсан бохирдло уусгана гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Хүн 24 цагийн мацгийг нэг долоо хоног бариад, дараа долоо хоногт нь кичари эмчилгээ хийлгэж болдог. Кичари эмчилгээний үед өглөө эсвэл өдөр идүүлдэг. Аюурведэд өдөрт 3-5 удаа идэж болно гэсэн байдаг. Миний хувьд өдөрт хоёр удаа идүүлэхэд хангалттай гэж үздэг. Яагаад гэвэл манай монголчууд асар их хоол хүнсний үлдэгдэлтэй, бохирдол ихтэй. 24 цагийн мацгийг барихад хоёр өдөр зарцуулагддаг. Жишээ нь, 17 цагт мацаг эхлэх байлаа гэхэд өмнө нь идэж байгаад гэнэт хоолоо хоривол тэр мацаг болохгүй. Нэгт мацаг нь хоол хүнсийг зайлуулдаг. Хоёрт хоол байхгүй үед хүний бие өөрийгөө анагаадаг. Бидний хувьд өөрийнхөө биеийг анагааж, эрүүлжүүлэх нь чухал учраас мацгаа эхлэхээс өмнө хөнгөн байх ёстой. – Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ? – Бид ер нь их бие биетэйгээ хамааралтай хүмүүс юм. Учир нь хүн нийгмийнхээ урсгалыг дагадаг шүү дээ. Хаа сайгүй л яарсан, юманд санаа зо всон хүмүүс байна. Би гэртээ хичнээн амгалан байсан ч гэсэн нийгмийн нөлөө, тэдгээр хүмүүсийн эрчимд автаад байгаа юм. Ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл санаа их тогтворгүй болжээ. Хэрэв таны сэтгэл санаа нийгэм цаг үеийн байдалтай холбоотой тогтворгүй байгаа бол эхлээд асуудлаа ол. Тухайн асуудлыг олоод, шийдэж чадахгүй бол түүнд санаа зовох хэрэг байхгүй. Мөн хүн өөрийнхөө бодлыг ажиглаж сурах хэрэгтэй. Бид ямар нэгэн зүйлийг байнга л бодчихсон явж байдаг. Шинжлэх ухаанаар хүн өдөрт 60.000 бодол боддог нь нотлогдсон. Тэгэхээр бид өөрийн мэдэлгүй хамаг цаг, хүчээ бодолд зарцуулчихсан байдаг. Харин тэр бодлыг эерэг сөрөг, хэрэгтэй юу үгүйг хүн өөрөө ажиглах хэрэгтэй. Бодлоо таниад ирхээр ихэнх нь хэрэггүй зүйл байдаг. Хүний бодол зөв болоод ирэхээр үг, үйлдэл зөв болж дагаад ажил үйлс нь бүтээд ирнэ шүү дээ. Мөн хүн өөрийн хэрэглээндээ тандалт хийх ёстой. Жишээлбэл, эрүүл мэндийн сонинд өв чин хав дрын талаар л мэдээ гараад байна. Энэ нь хүний ухамсарт болохгүй мууг нь таниулаад байгаа юм. Тийм учраас хүн өөрийн ухамсраар тэр мэдээлэлд хяналт тавих хэрэгтэй. Мөн амьдрал, гэр бүлийнхээ үнэ цэнийг тодорхойлж, үнэтэй зүйлдээ цаг гаргаарай гэж хэлье. Яг үнэдээ бидэнд хя мрах юм бага байгаа. Бид эрх чөлөөтэй, сайхан эх оронтой байна шүү дээ. Энэ нийгмийг бүрдүүлж байгаа нэгж хүний хувьд өөрөө л хичээхэд болно. Нэг л хүн хичээхэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гээд сайхан үг байдаг. Бид биеэ ч за саагүй, гэрээ ч засаагүй байж төрөө шүү мжлээд байгаа юм. Тэгээд л хя мраад байна. Тиймээс эхлээд өөрийгөө зас. Бодлоо тань. Нийгэм хямарчихсан цаг үе хэцүү байгаа ч гэлээ бидэнд маш их боломж байна. Боломжийг хараад өөрийгөө дайчилчихад болохгүй юм байхгүй. – Сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн энгийн аргууд юу вэ? – Дуу сонс гэж хэлье дээ. Дуунд үгийн хүч бий. Манай аав ээжийн үед дандаа ерөөсөн үгтэй гоё дуунууд гарч байсан. Сүүлийн үеийн дуунууд салсан, хагацсан, дурссан л утгатай байна. Тиймээс алтан үеийн дуунуудаас сонсоорой гэж зөвлөе. Дээрээс нь өөрийгөө хэзээ, ямар үед баярладаг вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тухайлбал, ном уншаад, эсвэл дуу, яруу найраг сонсоод ч аз жаргалтай болдог хүн байж болно шүү дээ.Чин сэтгэлээсээ юунд баясдагаа олж мэдээд түүнийгээ хийх хэрэгтэй. Жишээ нь, би өглөөд аль болох ярихгүй байхыг хичээдэг. Ярих нь хөдөлгөөнтэй зүйл учраас хийдүүлдэг. Тиймээс өглөөд хийгээ дэврээхээр тэр өдөржингөө сэтгэл тавгүй байдаг. Монголчуудын хямраад байгаа бас нэг шалтгаан нь унтах цагтаа унтахгүй, өглөө сандарч босдог, тогтсон цагт цайгаа уудаггүйтэй холбоотой.Тэгэхээр өглөөний цагийг гэр бүл, өөртөө зориулаад, өглөөг амар амгалан эхлэх хэрэгтэй. Хийг үнэрээр дардаг учраас арц хүжээ уугиулаад, намуухан хөгжмөө сонсвол хий дэгдэхгүй, сэтгэл санаа тайван байна. Дагаад ажил үйлс бүтнэ. Өөрийгөө цэнэглэхийг хүсвэл хэсэгхэн цаг гаргаад, бүх юмнаас өөрийгөө чөлөөлж л сурах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.