Categories
Чөлөөт

Т.Баярхүү: Украины хямралыг ашиглаад төгрөгөө рубль, юаньтай шууд уяж, долларын эздээс мултрах хэрэгтэй

Украины асуудлаас үүдэн ОХУ барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд хүчтэй өртөөд, багагүй хугацааг өнгөрүүлж байна. Сүүлийн үед манай улсын гадаад валютын нөөц эрсдэлд орж, ам.долларын ханш өсөж байгаа нь ч үүнтэй холбогдож байгаа юм. Геополитикийн нөхцөл байдал болон эдийн засгийн асуудлуудаар Др. Т.Баярхүүтэй ярилцлаа. -ҮНЭНДЭЭ ГАДААД ХУДАЛДААНЫ 10-15 ХУВЬД Л АМ.ДОЛЛАРЫГ АШИГЛАЖ БАЙГАА- -Оросууд энд ам.доллар солиулж аваад хилээр, бэлнээр зөөж байгаа гэх. Албаны хүмүүс импорт нэмэгдсэнээс үүдэж, ам.долларын эрэлт ихэссэн гэж тайлбарлаж байна. Гадаад валютын нөөц багасаж буйн үндсэн шалтгаан, гарах арга замыг та хэрхэн харж байгаа нь анхаарал татаж байна л даа? -Монгол Улс эдийн засгийн буруу бүтэцтэй, үйлдвэрлэгч орон биш, уул уурхайн цөөн бүтээгдэхүүнээ л экспортолдог. Коронавирусийн жилүүдэд импорт эрс багассан тул валютын эрэлт хэрэгцээ бага байлаа. Одоо хил жаахан нээгдээд, хүмүүс Турк, Тайланд явдаг болоод ирэхээр валютын гадагшаа урсгал нэмэгдэхгүй юу. Оросууд багавтар хэмжээгээр ам.доллар солиулж, аваад гарч байгаа явдал бас бий л байх. Иймэрхүү шалтгаанууд бий. Гэхдээ яг үндэс нь биш юм. Үндэс нь, долларын эздийн манай улсад хэрэгжүүлсэн технологи. Манай улсын байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг, иргэдийн төлж буй татвар, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулж, тэд өөрсдийнхөө долларыг хэвлэдэг. Бид түүнийг нь 5-10 хувийн хүүтэй зээлдэг. Мөртлөө 1 хувь хүрэхгүй хүүтэй өрийн бичгээр тэд үүнийгээ солиод авчихдаг. Өөрөөр хэлбэл, би долларын эздээс 10 хувийн хүүтэй доллар зээлчхээд, буцаагаад 1 хүрэхгүй хувийн хүүтэй өөрсдийнх нь өрийн бичгийг худалдаад авчихдаг. Тэр нь манай гадаад валютын нөөц гэж явдаг гэсэн үг. Хоёрдугаарт, гадаад валютын нөөц гээд байгаа юмаа монголчууд өөрсдөө хэрэглэх эрхгүй байдаг байхгүй юу даа. Манай гадаад валютын нөөц үндсэндээ долларын эздийн “Federal Reserve” буюу Холбооны нөөцийн сан дахь Монголбанкны дансанд байж байдаг. Бид хэрэглэдэггүй, бидэнтэй ямар ч хамаагүй валют гэдэг нь одоо ам.доллар олдохгүй, арилжааны банкнууд гүйлгээгээ хязгаарлаад эхэлснээс мэдэгдэж байгаа юм. 1990 оноос хойш хэрэгжсэн, Монголбанк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай бүтцээр дамжуулж төгрөгийн ханшийг унагаж, өрөнд оруулдаг санхүүгийн заль идээ бээр нь шахагдаж гарч ирж байна гэсэн үг. Энэ үйл явдлаар.Импорт ихсэж, экспорт буурснаараа валют олдохоо байж гэж бодъё л доо, Монголбанкныхны тайлбарласнаар. Гэтэл сүүлийн хоёр жил манай гадаад худалдааны баланс нэмэх гарсан. Өөрөөр хэлбэл экспорт нь импортоо давсан. Тэгвэл, энэ цаг үед яагаад ам.долларын ханш буугаагүй юм. Тэгэхээр худлаа тайлбар байхгүй юу. Монголбанк, Сангийн яаманд юм боддог хүн байдаггүй юм. Долларын эздийн Харвард, Колумб, Принстон зэрэг гоё нэртэй “курс”-үүдэд хамрагдаад ирсэн, неолиберал онолын номлогч, хэрэгжүүлэгч болчихсон хүмүүс л ажилладаг. -Монголбанк зарим тансаг хэрэглээний барааны гаалийн татварыг нэмэх саналтай байгаагаа танилцуулж байна, сая нааш ирэх замдаа сонслоо? -Тэгвэл бүр баларна л даа. Ер нь ингэж тайлбарлая. Хамгийн сүүлийн мэдээгээр, манай улс 3.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаа юм билээ. Яагаад тэгвэл хомстоод, ханш нь өсөөд байгаа юм бол. Энэ нөөц дундартлаа, дуустлаа хэрэглэгдэж байж сая ханш нь өснө, хомстол үүснэ биз дээ. Тэгэхээр Монголбанк гэдэг долларын эздийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг татан буулгаж, Унгар, Малайз, Сингапур шиг Төв банкаа Засгийн газрынхаа мэдэлд авахгүй л бол ийм хямрал хэзээ ч дуусахгүй. -Украины асуудлаас үүдээд ОХУ-ын томоохон банкнууд SWIFT системээс хасагдаад бараг сар болж байна. Оросын Төв банкных нь ам.долларын нөөцийг мөн АНУ-аас царцаасан. Тэд ам.долларын гүйлгээгээ гацаачхаад яаж ийм удаан тэсээд байгаа юм бол гэж, энэ нөхцөл байдалд бодогдож байна л даа? -Энэ нөхцөл байдлыг бид түүхэн боломж гэж харж, овжин ашиглах л хэрэгтэй байгаа юм. Яг нарийндаа манай гадаад худалдааны 10-15 хувьд нь л цэвэр ам.доллар ашиглагдаж байгаа. Тэр нь барууны оронд сургууль соёлд явах, очиж эмчилгээ хийлгэх, аялж зугаалах зэргээр л хязгаарлагдана. Үлдсэн 65 хувь нь БНХАУ-тай, 20 хувь нь ОХУ-тай хийгдэж байна.Тэгэхээр энэ цаг үеийг ашиглаад юантай, рубльтэй харьцахад дунд нь ам.доллар орж ирж ханшийг нь унагадаггүй байдлаар төгрөгөө шууд уяж, худалдаа хийдэг болчихвол бидэнд асар ашигтай тусна. Хоёр хөрштэйгөө хүчтэй эдийн засгийн интеграцад орно. Үнэхээр тусгаар тогтнолоо баталгаажуулъя гэвэл хамгийн том худалдаа хийдэг хоёр оронтойгоо худалдаа хийхэд төгрөгийнхөө ханшийг унагахгүй хамгаалдаг хамгаалалт хийж өгөх хэрэгтэй. Заавал ам.доллараар хөрвүүлж, ханшаа унагадаггүй, шууд төгрөг-рубль, төгрөг-юаниар худалдаа хийдэг болчих л доо. Энэ бол түүхэн боломж. Долларын эздийн эсрэг Орос, Хятад хоёр валютаараа нэгдэж байгаа цаг үед шүү дээ. Орос ам.долларгүй яаж тэсээд байна гэдэг дээр? -Орос бидэнтэй харьцуулахад юм юмаа үйлдвэрлэчихдэг үйлдвэрлэгч орон. Ер нь хямрал гэдэг санхүүгийн системийн ойлголт болохоос ард түмний амьдрал биш байхгүй юу. Оросын ард түмэн төмсөө, өргөст хэмхээ тариад амьдрах л болно. Барууны хэрэглээний соёл нь л нэг хэсэг саатах байх. Эрчим хүч, эм тариа бүхнээ өөрсдөө хангачихна. Гагцхүү, Орост 30 жил явчихсан олигархиуд нь л асуудал болоод байгаа юм. Яг манайд байдаг шиг, давхар иргэншилтэй, оффшор бүсэд ам.долларын хөрөнгөтэй, зээлтэй, тийм болохоор ам.доллараа өмөөрөөд давхиад байдаг хүмүүс. -В.ЗЕЛЕНСКИЙ БОЛ УКРАИНЫ Ц.ЭЛБЭГДОРЖ- -Украины хямралыг дагаад Орос, Хятад хоёр валютын хувьд нэг системд орох гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Өвлийн олимпын үеэр В.Путин БНХАУ-д айлчлахдаа энэ асуудлаар ярилцсан ч гэх. Энэ мэдээлэл анхаарал татах юм? -Ер нь ийм асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа. Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БНУ нийлээд BRICS гэж байгууллага байгуулсан байдаг. Зорилго нь, хамтдаа долларын хаанчлалаас татгалзах. Энэ таван улс нийлээд дэлхийн хүн амын хэдэн хувь бэ, мөн үү. Тэгэхээр долларыг нь хэрэглэхээ больчих вий гээд энэ долларын эзэд үхэн хатан тэмцэхдээ юу хийдгийнх нь нэг жишээ бол Украин шүү дээ.Эргэн тойрных нь, бөөрний жижиг улсуудад нь төрийн эргэлт хийж, эсрэг байлдуулаад л байгаа процесс. Тэгэхээр, валютын өөр систем тэртэй тэргүй ирнэ. Долларын эзэнт гүрэн задарч унана. Манай эзэнт гүрэн 100 гаруй жил оршоод л мөхсөн. Том том эзэнт гүрэн тодорхой насаа насладаг. Хүн тодорхой нас наслаад дуусдаг бол хүний бий болгосон дэглэм ч бас тэгдэг л байхгүй юу. Яг “Federal Reserve” байгуулагдсанаас хойш гээд тооцвол, долларын эздийн дэглэм 108 дахь жилээ үзэж байна. Нас нь дууссан. Та нар байтугай миний үеийнхэн үүнийг үзнэ. Гол нь л эргэн тойрноо хараасай, ойлгоосой. Заяагдмал хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцад зөв орж чадвал маш гоё боломж. Харин долларын боол царайлаад, Украин шиг Орос, Хятадтайгаа дайсагнаж, АНУ-ын золионы голомт болоод явбал бид арчуулаад л дуусна. Үүнийг манай улс төрчид сайн ойлгох ёстой. 1990 оноос хойш Монголыг үймүүлсэн, неолиберал онолыг толгой дээрээ барьж сүйрүүлсэн бирдүүд бий ш дээ. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баяр нар. Бүгд дуу дуугаа авалцаад л, Украиныг өмөөрөөд байгаа биз. Украиныг өмөөрч байгаадаа, энх тайванчдаа биш, өөрсдийнх нь баяжсан тогтолцоо геополитикийн хувьд нуран унах дөхснийг мэдэрчхээд, авч үлдэхийн тулд л орилолдоод байгаа юм. -Тийм том агуулгаар нь хараад, далд санаатай Украиныг өмөөрнө гэж үү? -Өөрсдөө “үхэх” гээд байгаа учраас тэр. Ц.Элбэгдорж шоронд орохгүйн тулд яаж солиорч, улс төрчдийг гуйж, царай алдаж, худалч хүнд гутлыг нь хүртэл арчиж гүйдгийг би мэднэ ш дээ. Ард түмнээ барьцаанд тавьж, өөрсдөө тансаг амьдардаг тогтолцоо нь нурж байгааг зөнгөөрөө мэдэрч байхгүй юу. Тэгээд дуу дуугаа авалцаад орилолдоод байгаа юм. -Либерал онолыг зөв гэж үнэмшдэг учраас л тэр юм биш үү? -Ер нь хүн төрөлхтөнд, тухайн нэг ард түмэнд муу юм хийж амьдардаг хүмүүсийг гурав ангилдаг. Нэгдүгээрт нь, цаанаасаа чөтгөр маягийн, хүний амиар хооллодог хүмүүс. Удам нь өөрөө хүний амиар хооллодог сүнстэй. Хоёрдугаарт нь, хүний зовлонгоор хооллодог сүнстэй хүмүүс бий. Гуравдугаарт, хоёр, хорин ходоодтой юм шиг хэрэггүй ашиг харж амьдардаг хүмүүс. Зүгээр л цэвэрхэн хувцаслаад явж болох байтал заавал үнэтэй брэнд авч байж санаа нь амардаг. Эсвэл 20 м.кв өрөөнд зүгээр л сайхан унтаж болохоор байхад заавал ханыг нь алтаар бүрдэг ч юм уу, ийм гаж сонирхолтой хүмүүс, мөн үү. Бид эх газрын төвд нутагладаг ард түмэн учраас хүний амиар хооллодог удамтай хүн цөөн бий. Харин зовлонгоор хооллодог нь зөндөө байгаа. Дээр нь, удам дамжсан өлөн шуналтай, өөрт нь ямар ч хэрэггүй байхад илүү шунаад л байр сууц, машин унаа хэдэн арваар нь цуглуулаад явдаг сүнстэй хүн маш олон бий. Хүү багатай ЖДҮХС-гийн, Хөгжлийн банкны зээлийг нь авч байгаад л хог хураадаг. Саяын хэлээд байгаа Ц.Элбэгдорж нар бол өлөн сүнстэй, тийм л хүмүүс юм. Ерөөсөө долларын эздийн үндсэн технологи нь, Ц.Элбэгдорж мэтийн хүмүүсийг төрийн эрхэнд гаргаж ирж самардаг байхгүй юу. Улс болгонд өөр өөрийнх нь Элбэгдорж бий. В.Зеленский бол Украины Элбэгдорж л байхгүй юу. Зеленский кинонд тоглосон, Элбэгдоржийн амьдрал өөрөө жүжиг. Уг нь хамгийн анхны төрт улсыг байгуулсан бид хамгийн их ёстой, зүйтэй байх учиртай л даа. Хэдэн хүний итгэл хүлээснээрээ төрийн дэс, дэг нь тогтдог байсан. 10 өрхийн итгэлийг авбал аравтын дарга, түмэн өрхийн итгэлийг авбал түмтийн дарга гэж явдаг байсан болохоос эдэн шиг зальдаж, хуурч, төрийн эрхэнд гардаг байгаагүй. Одоо ерөөс мөнгө хэвлэх, түгээх, татвар авах гурван эрхээ Ерөнхий сайдын мэдэлд аваачиж байж л сая цэгцтэй болно. Одоо та нар Л.Оюун-Эрдэнээс валютын ханш асуугаад үз, “Би мэдэхгүй, Монголбанк мэднэ” л гэнэ. “Зээлийн хүү өндөр байна” гэж хэлээд үз, “Монголбанк мэднэ” л гэнэ. Тэгвэл бидэнд Л.Оюун-Эрдэнийн ямар хэрэг байгаа юм. УИХ адилхан, юу ч мэдэхгүй, ямар ч эрх байхгүй. Тэгвэл тэднийг бид яах гэж сонгосон юм. Тэгэхээр энэ бүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг сонгодог, тэр нь эрх баригч намаа парламентад тэргүүлдэг. Ажлаа хийж чадахгүй бол ард түмэн хугацаанаас нь өмнө огцруулаад, дараагийн хүнээ шууд сонгодог ийм тогтолцоог л Үндсэн хуулиар хийх хэрэгтэй.-Украинд гэмгүй иргэд амь үрэгдэж байна гэдэг мэдээлэл хүмүүст эмзэглэм тусаж байгаа л даа. Гэтэл ОХУ-ын зүгээс хот суурин руу биш, цэрэг хүчний баазуудыг нь сөнөөж байна гэж мэдээлдэг. Яг одоогийн цаг үед Оросын талыг дэмжигчид харгис, энх тайванч бус болж харагдаад байгаа шүү?-Энэ бол цэвэр мэдээллийн дайн юм л даа. Оросууд орж ирээд л украинчуудыг алж, хядаад байгаа юм шиг мэдээллийг барууны BBC, CNN агентлагууд, украинчууд өөрсдөө түгээж байгаа. Ингээд харъя, 2014 онд Украинд өнгөт хувьсгал гарсан, төрийн эргэлт болсон. Тэр хувьсгалаар В.Путиныг унагах зориулалттай тоглоомын Засгийн газрыг Украинд байгуулсан. Засгийн газрын гишүүдийг нь АНУ-аас шууд томилсон нь ил болсон шүү дээ. Тэгээд Оростой дайтахад нь найман жил цэрэг зэвсгээр бэлдсэн. Одоо дээр нь Украины талд байлдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь цаанаас орж ирсэн хөлсний цэргүүд байгаа. Өөрсдөө буудчихаад “Оросууд буудлаа” гэж мэдээлсэн кейс олон гарлаа.Өнгөрсөн түүхийг сана л даа. Ливийг, Египтийг, Сирийг бас яасан билээ. Иракийг яалаа, Югославыг яалаа. Орос тэнд дайн хийсэн бил үү. Өөрсдөө дайныг эхлүүлж, ард түмнийг нь турхирчхаад бурхан шиг царайлж, гэмгүй мултардаг, ийм технологитой талыг өнөөдөр Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс дэмжээд сууж байгаа байхгүй юу. Тэртэй тэргүй үнэн ялж байна шүү дээ.АНУ үнэндээ тийм хангалуун, сайн сайхан ардчилалтай газар биш шүү дээ. Яг л аварга том хувийн компани шиг. Иргэд нь хамгийн ихдээ 10 мянган ам.долларын цалин аваад, түүнийгээ байр, машины зээл, хоол ундандаа өгөөд л таардаг. Ахуйн хямралгүй ч авсан цалин нь амьдрал ахуйгаа илүү дээшлүүлэхэд огт хүрэлцдэггүй. Наанаа Нью-Йорк гоё харагддаг ч олон америк гэр оронгүй, ажилгүй, картын бараагаар амьдардаг.-ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ДЭНДҮҮ ГЭГЭЭН БАЙНА–Төрийн гурван өндөрлөг нэг намынх болсноор улс төрийн шийдвэр саадгүй гарч, томоохон ажлууд урагшилж байгаа тал анзаарагдаж байна. Гэхдээ олон нийтэд ардчилал шиг санагдахгүй байна, нэг намын дарангуйлал тогтлоо гэж арай академик хүмүүс нь бачимдсаар байгаа. Ийм үед таны хэлээд байгаа өөрчлөлтүүдийг хийх нь бараг бололцоогүй биш үү?-Угаас үндсээрээ ийм гаж тогтолцоотой байхад гурван өндөрлөг нь нэг нам байна уу, гурван өөр нам байна уу, ямар ч ялгаагүй байхгүй юу. Бид нэг намынх байж үзсэн, хоёр намынх байж үзсэн, мөн үү. Одоо “Төрийн гурван өндөрлөг нэг намынх байна, би гарч ирээд нэгийг нь авна, тэгээд шударга болно” ч гэх шиг худлаа яриад л яваад байх юм, АН-ын даргад өрсөлдөж байгаа хүн нь. Тэгж болохгүй байхгүй юу даа. Хэчнээн олон жил ард түмнээр, бусдын зовлонгоор тоглох гэсэн юм бэ. Цаад талыг нь харахаар, өөрөө өрийн тулам болчихсон. Долларын эздийн залиар эцэстээ дампуурсан, өрөндөө баригдсан компанийн эзэн хүн эх оронч царайлаад, улс төрд гарч байгаад өрөө ард түмнээр төлүүлэх гээд явж байна ш дээ.-Таны ярьж байгаа, мөнгөний бодлогоо нэг хүн нь мэддэг тогтолцоо гарч ирэхээр шууд л хаант юм уу Ерөнхийлөгчийн засаглал шиг бууж байгаа байх. Яг гурван сая хүний хүсэл зориг юун дээр очих бол. У.Хүрэлсүхийн карьерыг хараад байх нь ээ, монголчууд нэг хүн харж зангидагддаг, нэгддэг улс ч юм шиг санагдах боллоо?-Ер нь хаана ч тийм шүү дээ. Одоогийн энэ тогтолцоо чинь харин ч эзэнгүй ш дээ. Гарч ирж хулгай хийчхээд л яваад өгнө. УИХ-ын гишүүн байх дөрвөн жилдээ шоронд орохгүй. Газар дээрээ баригдсан тохиолдолд л ял авна гэж байгаа. Газар дээрээ баригдсан байсан ч гүрийчихнэ. Мөн үү. Одоо эд нартай тийм марзан юм ярихгүй. Мөнгө хүүлдэг тогтолцоог хал, мөнгө хэвлэдэг эрхээ ав. Чадахгүй байвал огцрууллаа, Баярхүүг сонгоно. Баярхүү ажиллана, чадахгүй байвал огцруулна, чамайг сонгоно.-Энэ улс төрийн онолынхоо хувьд алинтай нь нийцэх вэ. Ардчилал бол мөн үү?-Жинхэнэ ардчилал бол энэ. Ардчилал гэж ард түмэн шууд сонгохыг хэлдэг байхгүй юу. Ард түмэн мөнгө хэвлэдэг хүнээ шууд сонгомоор байна. Мөнгөний бодлогоо тодорхойлдог хүнээ сонгомоор байна, мөн үү. Болохгүй байвал огцруулаад, дахиад сонгодог байя. Энэ л ардчилал шүү дээ. Парламентад нь сөрөг хүчин нь ч байна. Тэд эрх баригчдынхаа ажлыг хянана, мэтгэлцэнэ.-Дараагийн залуу үе ч үүнд их эмзэг хандана. Ерөнхийлөгчийн сонгуулиар залуус У.Хүрэлсүхийн эв эсрэг байр суурьтай байсан. Барууны суртал ухуулгад автах гэхээсээ илүү суурь үзэл санаа нь ингэж төлөвшөөд байх шиг харагддаг юм, шинэ үеийнхэн?-Залуус өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө босгох үүрэгтэй. Гагцхүү, миний үеийнхний хийсэн гайг нуруун дээрээ үүрч л болохгүй. Би үеийнхнийхээ хийсэн гайг арилгах гэж, сэрэмжлүүлэх гэж олон жил ярьж байна. Бүх эрх мэдлээ атгадаг төр шиг төрөө өөрсдөө сонгодог, байгуулдаг болох хэрэгтэй. Тэгж ардчиллыг жинхэнэ утгаар нь олж авахгүй бол үеийн үед л Ц.Элбэгдорж, Н.Багабанди, С.Баяр мэтийн хүмүүсээр толгой дээрээ зайдлуулж, яагаад ч юм авсан цалин нь амьдралд хүрдэггүй, мөнгөний ханш унаад л байдаг, машин тэрэг, байр сууцтай болж чаддаггүй амьдрал үргэлжилнэ. Үүнийг л ойлго, бусдыг нь тэртэй тэргүй шинэ үеийнхэн чадна. Ганц манай үеийнхний хийсэн зүйлийг сайн ойлгохгүй. Нэг талаараа дэндүү гэгээн, хэт сайхан сэтгэлтэй байгаад байгаа юм, залуу үе. Дээд үеийнхэн чинь та нарыг эх нутаггүй, хэдэн үеэрээ өрийн боол болгоод орхиж байгааг харахгүй байгаа юм.-Саяхан философич С.Молор-Эрдэнийн “Ардчиллын хямрал” лекцийг сонсох нь ээ мөн л АНУ-ын дайн өдөөдөг болсныг ярьж, неолиберализм “харааж” байна лээ л дээ. Тун цөөн хүн барууны үзэл санааны эсрэг дуугарч байна. Та хоёрын аль аль нь улс төрд орох гэж үзээд бүтээгүй. Одоо бол зөвхөн ярьдаг, бичдэг. Өөр шууд оролцоо байх боломжтой юу? -Ярьсаар байгаа зүйл маань хугарлын цэгтээ очиж, олон түмний дэмжлэгийг авах чухал. Хүний тархинд очно, дараа нь хүн бодно, түүнийхээ дагуу шийдвэр гаргана гэдэг үйл явц 10, 20, 30 жил шаардана. Харин би өөрөөс хамаарах бүхнийг л хийдэг. Хэвлэлд ярилцлага өгөх, нийтлэл бичих, контент хийх гээд. Би ялна гэдэгтээ итгэдэг, ялаад эхэлчихсэн. Сая Орос, Украины асуудал дэгдэхэд маш олон хүн залгаж, “Таны олон жил ярьсан юм үнэн байна. Саудын Араб нефтээ юаниар зарах гэж байна. Орос, Энэтхэг хоёр рубль, рупигээр наймаа хийх гэж байна. Долларын эздийн эсрэг тэмцээд эхэлчихлээ” гэж ярьсан. Би УИХ-ын гишүүн, сайд болоогүй. Гэхдээ монголчууд яагаад өрөнд ороод байгаа оношийг тавьж, аргыг хэлж өгсөн. Ямар ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүнээс илүү нэр хүндтэй. Миний ярьсан зүйл өшөө цаашид ч батлагдаад, хэрэгжинэ. Яахаараа “сахал” Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан, Ц.Баатарсайхан нар 1 төгрөгийн дүрмийн сантай банк байгуулчхаад, ард түмний тэрбум төгрөгийг хэнд зээлэх вэ, “Эрдэнэт”-ийг худалдаж авах уу, төмөр замыг худалдаж авах уу, Ц.Элбэгдоржийг, Женког худалдаж авах уу гэдгийг шийдээд байдаг юм. Олон жил банкны эзэд улс төрчдийг барьцааллаа шүү дээ. -Д.Эрдэнэбилэг нартай залуудаа хамт наймаа хийдэг байсан уу? -Сайн танина шүү дээ. -Тааралдвал хэлэх үү? -Хэлнэ шд. Эрдэнэбилэг ээ, чи одоо боль, тийм үү. Тэр байтугай үр хүүхэд нь Монголд багтаж шингэх газаргүй болно. Монголчууд тэнгэр заяатай хүмүүс. Сайхан сэтгэл гаргаж 30 жил толгой дээрээ гаргасныг нэг тэнэгтээ эрхлүүлсэн юм шиг бодож болохгүй байхгүй юу даа. Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан, С.Баяр, Ц.Элбэгдорж мэтийн, таван жилийн ял сонсоод жил суугаад гараад ирдэг, тэгчхээд баярлаж онгирдог хүмүүс байж болохгүй шүү дээ. Тэнгэр, өвөг дээдэс, ирээдүй тэднийг өршөөхгүй. Түүх ч өршөөхгүй.

Leave a Reply

Your email address will not be published.