Categories
Чөлөөт

АЖ Д.Мэндбаяр: Ээжтэйгээ нэг л хоносон. Ярих юм олддоггүй юм билээ…

“Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн. Ардын жүжигчин Д.Мэндбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд айлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд аав ээж нь хоёр тийш болсон тул аав, ахын хамтаар Улаанбаатар хотод нүүн ирсэн гэдэг. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа тайзнаа “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд анх тоглож байсан бяцхан охин ирээдүйн Монголын тайзыг өнгөлөх алдарт жүжигчин болох гарааны эхлэл цэгээ тавьж байжээ. Нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад нь сургууль дээр нь Ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирж сонгон шалгаруулалт явуулахад Д.Мэндбаяр тэнцсэн гэдэг.9-р ангиасаа урлагийн сургуулийн босго алхсан Д.Мэндбаяр 1963 онд жүжигчний мэргэжлээр төгссөн нь улсдаа анхны мэргэжлийн боловсролын диплом өвөртөлсөн жүжигчдийн нэг болсон юм. Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Түүний ард түмний хайр татам олон сайхан дүр бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1981 онд МУГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол тус тус хүртээсэн Сонирхолтой баримт өгүүлэхэд тэрээр 30 гаруй насандаа 60 гаруй насны эмэгтэйн дүрийг амилуулсан нь “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр юм. Тухайн үедээ Д.Мэндбаяр дандаа хөгшин хүний дүр өглөө хэмээн гоморхдог байсан гэнэ. Энэ тухай тэрээр “Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм” хэмээн ярьжээ. “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн.Эхийн хайраар цангаж өссөн жүжигчин маань ээжтэйгээ нэг л удаа уулзсан гэдэг. Энэ тухайгаа Д.Мэндбаяр: -Миний хань надаас түрүүлээд ээжтэй минь уулзаж байсан. Ээж маань Баян-Өлгийд амьдардаг байсан юм. П.Цэрэндагва тийшээ тоглолтоор явах үедээ уулзаад, надтай ээжийг минь утсаар яриулж байсан. Би бүр дараа нь наяад оны дундуур Баян-Өлгий рүү тоглолтоор явахдаа ээжтэйгээ анх удаа уулзсан л даа. Театрынхантайгаа хамт очиж хоол, унд идчихээд, орой нь тоглолтоо үзүүлсэн юм. Охин минь ирж байхад гээд байшингийнхаа үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн байж билээ. Би нэг хоносон л доо. Ярих юм олддоггүй юм билээ.Миний төрсөн өдөр яг хэзээ юм бол л гэж асуусан. Аав минь болохоор цэрэгт яваад ирэхэд л гарчихсан байсан гэдэг юм. Ээж минь олон ч хүүхэд гаргасан болоод тэр үү бас сайн санахгүй байсан. Бид өглөө нь явах болоход ээж минь намайг гаргаж өгдөггүй. Би гайхаад автобусандаа суучихлаа. Автобусны цонхоор эргээд хартал ээж минь хашааныхаа завсраар хараад зогсож байсан. Тэр үед миний дотор их сонин болж, тэсэлгүй л нулимс дуслуулж байсан даа. Уйлчих гээд их л хэцүү байсан байх. Тэр үед ээжийгээ их өрөвдөж билээ. Гадагшаа гаргаж чадахгүй ч дотроо их хайрладаг, эмтэрч явдаг хүн байна даа гэж бодож байсан. Яг хоёулаа уулзах юм бол их уйлалдах байсан болов уу. Сүүлд суусан хань ижил, үр хүүхэд, хамаатан садангууд нь гээд хүмүүс байсан хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа сэтгэлээ уудалсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.