ҮНСИЙГ ХОГТОЙ ХОЛЬДОГГҮЙН УЧИР

ҮНСИЙГ ХОГТОЙ ХОЛЬДОГГҮЙ Үнс, хог хоёрыг нийлүүлж хаядаггүй ёсон өдгөө алдагдаж гүйцлээ. Монгол айл гал голомтоо ихэд хүндэтгэн үзэж ирсний нэгэн илрэл бол голомтын үнсийг хог хаягдалтай нийлүүлж хаядаггүй байж. Үнс хаяна, асгана гэж онхино хэлдэггүй. Үнсээ зална гэж л ярьдаг байв. Зочин гийчин алив хүний урдаас үнс авч гардаггүй. Хэрэв зээ санамсаргүй авч гараад таарчихвал үнс гэдгээ өнөөх хүндээ мэдэгдэлгүй шиг үнсээ түр эргүүлж оруулчихаж байгаад тухайн хүнээ гэртээ орсны дараа нь үнсээ залдаг. Үнс залахдаа алчуур зангидах ба малгай өмсөнө. Толгой нүцгэн үнс залдаггүй. Мөн хүний урдаас хог авч гардаггүй, тогоо авч гардаггүй гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэх юун. Жин үдэд үнс залдаггүй. Нас ахардана гэдэг. Нарны өөдөөс буюу наран ургах зүгт үнс асгадаггүй. Үнсийг олон газар энд тэнд залдаггүй, нэг л газар зална. Мөн шөнө үнс гаргадаггүй. Хэрэв үнс дүүрчихсэн яалт ч үгүй үнсээ авахаар бол гэртээ хонуулаад маргааш нь гаргаж залдаг. Галтай үнс залдаггүй. Үүний цаад утга бол түймэр тавихаас сэргийлсэн ажээ. Мөн голомтынхоо бөхөөгүй гал цогтой үнсийг тэрийн бүр зоргоороо авч гардаггүй гэдэг. Айлын хувь заяаг авч явдаг зүйл бол гал голомт юм. Тиймээс гал голомтоо ихэд хүндэтгэн үзэж иржээ. Үнс рүү элдэв хог новш холих ба иртэй амтай зүйлс шил шаазан хийдэггүй. Учир нь үнсэн дээр тэмээ ирж хөрвөөдөг тул тэмээний биед шил шаазан зэрэг элдэв иртэй юмс хатгаж шигдэхээс сэргийлсэн хэрэг. Ер нь монгол ёс заншил гэдэг нь бол цаагуураа “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах” нөгөөтэй амьдралын хууль, байгаль, мал, ан амьтан хайрлан хамгаалах улмаар бүр томоохон гүн ухаан оршиж байгаа гэдгийг сайтар ойлговол зохино. Нэгэн залуу айлын хүүхэд нь тогтохгүй. Тогтсон ч ороогоод нэг л болж өгөхгүй байжээ. Нутгийн мэргэн түргэн хүн үзээд, – Танайх гал голомтоо бохирдуулжээ. Галдаа аргал түлээнээс өөрц юм битгий түлж бай. Мөн үнс хог хоёрыг бүү холь гэж. Түүний эл сургаалыг ёсчлон дагаад тэднийх өнөр өтгөн аз жаргалтай айл болжээ. Ямар ч байсан хог новшийг гал голомтынхоо үнстэй хольж асгадаггүйг олон талаас нь харж болно… “МОНГОЛ АХУЙ ӨВ СОЁЛ” номоос.

Leave a Reply

Your email address will not be published.