Categories
Чөлөөт

САЙН ЖИШЭЭ: “Говь” ХК ажилчдадаа зориулж байгууллагын дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна

Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” компани нь ажилчдынхаа ажлын цагтай уялдуулан мөн үр бүтээмжтэй ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн 100 хүүхдийн үнэгүй явах боломжтой цэцэрлэг байгуулан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ тухай “Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа: “Салбартаа тэргүүлэгч “Говь” ХК тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлдэг. Бид ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх тэгш байдлыг ханган, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Энэ хүрээнд бид Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн харьяа 100 хүүхэд хүлээн авах чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг байгуулж, есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр залуу гэр бүлүүд ар гэр, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажилдаа төвлөрөөд, бүтээмжтэйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ” гэлээ. Тус компани 1500 гаруй ажилтантай бөгөөд тэдний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд мөн өрх толгойлсон болон гэр бүлээрээ компанидаа ажилладаг залуу хос олон байдаг байна. Ажилчдынхаа дунд явуулсан судалгаагаар сургуулийн өмнөх насны нийт 400 гаруй хүүхэд байсны 200 орчим нь цэцэрлэгт бүртгүүлжээ.

Тиймээс одоо байгуулж буй байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ 2-3 нас, 3-4 нас, 4-5 насныханд зориулсан гурван бүлэгт 100 хүүхэд хүлээн авч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Уг цэцэрлэг нь улсын цэцэрлэгийн салбар бүлгэм болох учраас яг л тэр зарчмаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажилтнуудын хүүхдүүд тус цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдах юм. “Говь” ХК-иас цэцэрлэг байгуулах бүх зардал, мөн явцын дунд гарах цахилгаан дулааны төлбөр төлөх бол улсаас багш нарын цалин, хоол хүнсний зардлыг гаргаж, заах арга зүйгээр хангана гэлээ. Тус цэцэрлэгт хүүхдээ явуулахаар төлөвлөж буй Сүлжмэлийн үйлдвэрийн гар оёдолчин М.Энхсаруул: “Би “Говь” компанид ажилд ороод нэг жил болж байна. Дөрвөн хүүхдийн ээж. Бага хүүхэд маань энэ жил цэцэрлэгт орно. Ажлын ойролцоо байгууллагын цэцэрлэг нээнэ гэдэг ажилчдын хувьд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Бид маш баяртай байна” гэлээ. Одоогоор цэцэрлэгийн барилгын ажил дуусаагүй байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс ажилчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч эхлэхээр төлөвлөн ажиллаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.